Төрийн албан хаагчдын цалин хөлсний талаар 2024 онд авч хэрэгжүүлэх арга хэмжээ
Монгол Улсын Засгийн газрын
2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт төрийн албан хаагчдын цалинг инфляцын
түвшин, хөдөлмөрийн бүтээмжтэй уялдуулан үе шаттайгаар нэмэгдүүлэх, бүтээмж, үр
дүнд суурилсан цалин хөлс, ажлын үнэлгээний нэгдсэн системийг нэвтрүүлэх арга
хэмжээ тусгагдсан.
Мөн түүнчлэн “Шинэ сэргэлтийн бодлого”-д
Төрийн албаны шинэчлэлийн асуудал тусгагдсаны дагуу Засгийн газраас Төрийн
албаны цалин хөлсний бүтэц, цалингийн тогтолцооны шинэчлэлийг 2023 оноос
эхлүүлсэн.
Дээрх
зорилтыг үргэлжлүүлэн төрийн албан хаагчдын цалин хөлсийг
инфляцын түвшинтэй уялдуулан 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс нэмэгдүүлэх
дараах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулав.
Төрийн
зарим үйлчилгээний албан тушаалын зэрэглэл,
албан тушаалын жагсаалтыг шинэчлэв
Архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтан, цаг уур,
орчны шинжилгээний салбарын албан хаагчид, лабораторийн албан хаагчид, мал
эмнэлгийн байгууллагын албан хаагчид, нийгмийн хамгааллын салбарын зарим албан
хаагчдыг
2024 оны 04 дүгээр 01-ний өдрөөс ажлын онцлог, нөхцөлөөс хамааруулан төрийн нийтлэг
үйлчилгээний албан тушаалаас төрийн мэргэжлийн үйлчилгээний албан тушаалд
шилжүүлэхээр шийдвэрлэв.
Орон
нутгийн нэмэгдлийн хэмжээг нэмж,
төрийн улс төрийн болон нийтлэг
үйлчилгээний албан хаагчдад орон нутгийн нэмэгдэл олгохоор шийдвэрлэв
Орон нутгийн нэмэгдлийг 2024 оны 04 дүгээр
сарын 01-ний өдрөөс хөдөөгийн суманд ажиллаж байгаа албан хаагчид үндсэн
цалингийн 40 хувиар, харин аймгийн төв болон нийслэлийн алслагдсан гурван
дүүрэгт ажиллаж байгаа төрийн албан хаагчдад үндсэн цалингийн 20 хувиар тооцож
олгохоор шийдвэрлэв.
Тухайн орон нутгийн хөгжлийн бодлогын хүрээнд
орон нутгийн болон
улсын төсвийн байгууллагын төрийн захиргааны болон үйлчилгээний албан тушаал
эрхэлдэг төрийн албан хаагчид нэмж олгох асуудлыг аймаг, сумын иргэдийн
Төлөөлөгчдийн Хурал болон нийслэлийн Багануур, Багахангай, Налайх дүүргийн иргэдийн
төлөөлөгчдийн
Хурал тухайн жилийн орон нутгийн төсөвтөө тусган шийдвэрлэж болно.
Улсын төсөв болон орон нутгийн төсвөөс олгох орон
нутгийн нэмэгдлийн нийт хэмжээ нь Засгийн газраас баталсан үндсэн цалингийн 100
хувиас хэтрэхгүй байна.
Төрийн захиргааны албан хаагчид орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны урамшуулал авч эхлэв
Төрийн албаны тухай хуульд 2022 оны 11 дүгээр
сарын 11-ний өдөр орсон өөрчлөлтөөр “Сум болон нийслэлийн Багахангай, Багануур,
Налайх дүүрэгт тасралтгүй ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид таван
жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн
урамшууллыг олгох”-оор заасан.
Уг зохицуулалтын хүрээнд “Төрийн
захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-ыг баталлаа.
Журам
батлагдсанаар сум, алслагдсан дүүрэгт ажиллаж байгаа төрийн захиргааны албан
хаагчид тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл бүрдэж, амьдралын нөхцөл, чанараа
дээшлүүлэхэд нь тодорхой санхүүгийн дэмжлэг болох юм.
Түүнчлэн
аймгийн төвөөс бусад сум, тосгон, багт ажиллаж байгаа боловсролын салбарын
багш, эрүүл мэндийн салбарын эмч, сувилагч, эрүүл мэндийн ажилтан, соёлын
байгууллагын соёлын ажилтан болон төрийн тусгай албаны цагдаа, онцгой байдлын
байгууллагын алба хаагч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч,
цэргийн офицер, ахлагчид 5 жил тутам (тасралтгүй ажилласан)-д нь нэг удаа
мөнгөн урамшуулал олгох эрх зүйн орчин үйлчилж байна.
Төрийн албаны зарим албан тушаалын цалингийн хэмжээ, доод хэмжээг шинэчлэн тогтооно
Төрийн
албан хаагчдын цалин хөлсийг үнийн өсөлттэй уялдуулан 2024 оны 04 дүгээр сарын
01-ний өдрөөс төрийн
нийтлэг
үйлчилгээний албан хаагчдын үндсэн цалинг 20 хувиар, бусад төрийн албан
хаагчдын цалинг 10 хувь нэмэгдүүлнэ.
Аймаг, сумын нутаг дэвсгэр хариуцсан шүүх шинжилгээний байгууллагын алба хаагчид
тогтвор суурьшилтай ажилласны урамшуулал авч эхэлнэ
Монгол Улсын Их Хурлын 2022 оны 12 дугаар сарын
23-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Шүүх шинжилгээний тухай хуулийн
шинэчилсэн найруулгыг хэлэлцэн баталж, 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс
хүчин төгөлдөр үйлчилж эхлээд байна.
Тус хуульд “Аймаг, сумын нутаг дэвсгэр хариуцсан шүүх шинжилгээний байгууллагад тасралтгүй ажиллаж байгаа алба хаагчид 5 жил тутамд
нэг удаа 30 сарын үндсэн цалинтай тэмцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг тухайн
байгууллагаас олгох”-оор заасан.
Уг зохицуулалтын хүрээнд “Шүүх шинжилгээний
байгууллагын алба хаагчид мөнгөн тэтгэмж олгох журам”-ыг батлав.
Журам
батлагдсанаар Шүүх шинжилгээний байгууллагын алба хаагчдыг аймаг, орон нутагт
тогтвортой ажиллаж амьдрахад дэмжлэг үзүүлэх, үүргээ гүйцэтгэх нөхцөлийг
сайжруулахад дэмжлэг болох юм.
Мөн алба хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах,
ажлын хариуцлагыг өндөржүүлэх зорилгоор “Шүүх шинжилгээний байгууллагын алба
хаагчид албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох журам”-ыг шинэчлэн
баталлаа.