“ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ” ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА

Улсын Их Хурлын чуулганы 2023 оны 07 дугаар сарын 07-ны  өдрийн хуралдаанаар Нийгмийн даатгалын ерөнхий хууль (шинэчилсэн найруулга)-ийг баталсан.

Нийгмийн даатгалын ерөнхий хууль (шинэчилсэн найруулга)-ийн 43 дугаар зүйлийн 43.5-д “Даатгуулагч, хүний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа, шалтгааныг магадлах, хөдөлмөр зохицуулалт хийхэд баримтлах өвчний зааврыг эрүүл мэндийн болон хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална” гэж, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.7-д энэ хуулийн 37.2.2-т заасан хүний хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг тодорхойлох аргачлалыг эрүүл мэнд, хөдөлмөр, хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална” гэж тус тус заасан.

 

Иймд хуулиудын хэрэгжилтийг хангах зорилгоор “Заавар батлах тухай” хамтарсан тушаалын төслийг боловсруулав.

Эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн зорилго нь ердийн өвчин, ахуйн болон үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас даатгуулагч, хүн хөдөлмөрийн чадвараа бүрэн буюу хагас (хэсэгчлэн) алдсан шалтгаан, хөдөлмөрийн чадвар алдсан хувь хэмжээ, хугацааг тогтоох, сунгах, цуцлах, хөдөлмөрийн нөхцөлийг өөрчлөх, ажлын цагийг богиносгох асуудлыг магадлан шийдвэрлэхэд оршдог.

 

2023 оны жилийн эцсийн байдлаар Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссоор ердийн өвчин, ахуйн болон үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа бүрэн буюу хагас алдсан шалтгаан, хувь хэмжээ, хугацаа тогтоолгосон даатгуулагчийн тоо 102.6 мянга байгаа нь нийт хүн амын 3.0 хувийг эзэлж байна.  

 Хөдөлмөрийн чадвар алдсан шалтгаан, хувь хэмжээ, хугацааг тогтоолгосон 102.6 мянган даатгуулагчийн 43.8 хувь нь хөдөлмөрийн чадвараа 70-аас дээш хувиар буюу бүрэн, 56.2 хувь нь 69 хүртэл хувиар буюу хагас алдсан байна.

 

Заавар батлагдсанаар эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн үйлчилгээний чанар, хүртээмж сайжирч, даатгуулагч, хүнд эрүүл мэндийн үйлчилгээ чирэгдэлгүй хүргэх, гомдол маргааныг шуурхай шийдвэрлэх, хяналтыг сайжруулах,  ил тод болгох зэрэг олон эерэг өөрчлөлт гарна.

 

Даатгуулагч, хүн, төр, төрийн бус байгууллага та бүхэн “Заавар батлах тухай” Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан тушаалын төсөлд өгөх саналаа ankhbayar@mlsp.gov.mn хаягаар ирүүлнэ үү.




Хавсралт файл
Гарчиг Татах
1 Нэгтгэл
Дээш