С.Чинзориг: Хөдөлмөрийн маргаан зохицуулах тогтолцоонд өөрчлөлт оруулсан

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулах уулзалт хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордонд боллоо. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам УИХ-ын НББСШУ-ны байнгын хороо, Олон улсын хөдөлмөрийн байгууллагатай хамтран зохион байгуулсан юм. Уулзалт хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүд, ОУХБ-ын төлөөлөгчид, ажил олгогч, эрдэмтэн судлаачид, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй оролцлоо. Хэлэлцүүлгийг нээж Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг болон ОУХБ-ын Монгол Улс БНХАУ-ыг хариуцсан товчооны захирал Клейр Куртье-Мюлдер нар үг хэлсэн.

Хуулийн төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг танилцуулсан бөгөөд 1999 онд шинэчлэн батлагдаж, хүчин төгөлдөр болсноос хойш нийтдээ 24 удаа нэмэлт өөрчлөлт оруулсан Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зохицуулалт  хөдөлмөрийн харилцаанд төрийн оролцоо их, уян хатан биш байгаа нь ажил олгогчид өөрийн шийдвэр гаргахад хүндрэл учруулсан, ажилтан хөдөлмөрийн харилцааны суурь эрхийг эдэлж чадахгүй байдалд хүргэж байгаа тул уг хуулийг шинэчлэн найруулах хэрэгцээ шаардлагыг бий болгосныг онцлоод хуулийг боловсронгуй болгож хамрах хүрээг өргөжүүлэх, ажил олгогч, ажилтны эрх, үүргийн тэнцвэрийг хангах мөн албадан хөдөлмөр, ажил, мэргэжлээр ялгаварлан гадуурхах болон хүүхдийн хөдөлмөрийг хориглох, адил хөдөлмөрт ижил цалин хөлс олгох, ажилтан, ажил олгогчдын эвлэлдэн нэгдэх эрхийг хангах зэрэг олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээний суурь зарчмуудыг хэрэгжүүлэх, нэр томъёо, зохицуулалтыг оновчтой болгох зэрэг шаардлагаар уг хуулийн төслийг боловсруулсан талаар нэлээд дэлгэрэнгүй ярьсан.

Тэрбээр 13 бүлэг, 127 зүйлтэй байхаар боловсруулсан хуулийн төсөлд хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинж бий болсон үеэс буюу ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлсэн үеэс хөдөлмөрийн харилцаа үүссэнд тооцож, хөдөлмөрийн хууль тогтоомжийн дагуу цалин хөлс, ээлжийн амралтаа авахаар зохицуулснаар улирлын чанартай болон албан бус салбарт ажиллаж байгаа ажилтны хөдөлмөрлөх эрхтэй холбоотой суурь эрх үйлчлэх боломж бүрдэж буй төдийгүй хөдөлмөр эрхлэлтийн харилцааны суурь хэм хэмжээг тогтоож, хууль тогтоомжид заасан стандарт зохицуулалтыг дээшлүүлэх, бусад хөдөлмөр, нийгмийн асуудлыг аж ахуйн нэгж, байгууллага дотроо буюу ажил олгогч ажилтан, түүний төлөөлөгчид харилцан зөвшилцөхөөр зохицуулсан бөгөөд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн бүрэлдэхүүнд хөдөлмөрийн гэрээ, хамтын гэрээ зэрэг эрхийн актуудыг оруулж, ажилтны эрхийн байдлыг дээрдүүлсэн зохицуулалтыг нэн тэргүүнд мөрдөхөөр заасныг онцлон танилцуулсан. Мөн уг хуулийн төсөлд ажил олгогч ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа боловсролын гэрчилгээ, мэргэжлийн үнэмлэх, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг авч барьцаалахыг таслан зогсоож, хэрэв ийм үйлдэл гаргавал Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэхээр болж буй аж. Түүнчлэн салбар, мэргэжлийн болон салбар дундын түвшинд ажилтны болон ажил олгогчдын эрх, хууль  ёсны ашиг сонирхолын хамгаалах байгууллага хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудлаар хоёрт талт хамтын хэлэлцээр байгуулах зохицуулалтыг ч оруулсан байна.  Харин хөдөлмөр, нийгмийн зөвшлийн улсын болон аймаг, нийслэл, сум, дүүргийн гурван талт хэлэлцээрээр тухайн шатанд хамаарах нийт ажилтны хөдөлмөрлөх, түүнтэй холбогдсон бусад эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад баримтлах бодлогын чиглэлээ тодорхойлохоор заасан нь хөдөлмөр эрхлэлтийн харилцаанаас төрийн оролцоог багасгаж, зах зээлийн нийгэмд тохирсон талуудын харилцан ойлголцол, хамтын ажиллагааг дэмжихэд ач холбогдолтой болох юм. Мөн хамтын гэрээ нь хууль тогтоомжид нийцсэн эсэхийг бүртгэгч этгээд хянадаг байсныг өөрчилж ажилтан эсхүл ажил олгогч энэ асуудлаар шүүхэд хандан шийдвэрлүүлэх эрхийг нээлттэй үлдээжээ.

Хөдөлмөрийн гэрээ байгуулахаас өмнө ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлсэн бол уг гэрээг байгуулсанд тооцох, хугацаатай болон онцлог нөхцөлтэй хөдөлмөрийн гэрээ байгуулах тохиолдлуудыг нарийвчлан тусгасан нь хөдөлмөрийн гэрээ байгуулах, дуусгавар болохтой холбоотой гардаг зөрчил, үл ойлголцол багасч, гэрээний эрх зүйн чадамж дээшилнэ гэж үзэж байгаа юм байна. Хуулийн төсөлд оруулсан өөр нэг шинэлэг заалт нь ажиллах хүч нийлүүлэгч хуулийн этгээдээр дамжуулан 6 сараас дээшгүй хугацаагаар үргэлжлэх түр ажил болон ажил, албан тушаал нь тодорхой хугацаагаар хадгалагдах ажилтны оронд, тухайн байгууллагын үндсэн үйл ажиллагаанд туслах чанарын ажилд ажилтан авч болох, ингэхдээ ажиллах хүч нийлүүлэх үйлчилгээ үзүүлдэг хуулийн этгээдтэй уг үйлчилгээг авахтай холбоотой гэрээ байгуулах тухай юм. Бүрэн бус цагаар, зайнаас ажиллах гэрээ болон бусад дагалдах гэрээ байгуулах, иргэд хоорондоо хөдөлмөрийн гэрээ байгуулах, ажилтныг сэлгүүлэн ажиллуулах зэрэг асуудлыг зохицуулах шинэ зүйл, заалтыг нэмж оруулжээ. Мэргэшлийн зэргийг салбарын түвшиндээ хүлээн зөвшөөрөх, мэргэжлийн үндэсний хүрээ бүрдүүлэх асуудлыг хуульд тусган үндсэн цалин, хөдөлмөрийн норм, цалин хөлсний зарчимтай холбоотой зохицуулалтыг цэгцтэй болгож, ажилтанд олгох нэмэгдэл хөлс, олговрын доод хэмжээг хуульчлан тогтоож, түүнээс дээш хэмжээгээр олгох асуудлыг ажил олгогчийн эрх хэмжээнд нээлттэй үлдээж байгаа нь  ажилтан хөдөлмөрийн бүтээмж, ур чадвартаа тохирсон цалин хөлс авах тогтолцоог бүрдүүлэх юм. Бүрэн бус цагаар ажиллаж байгаа ажилтны цалин хөлсийг ижил үнэлэмжтэй ажилд ижил цалин хөлс авах, цалин хөлсөө өдөрт нь авах зохицуулалтыг нэмж, бүрэн бус ажлын цагаар ажиллаж байгаа ажилтанд ажилласан хугацаанд нь ногдох амралтыг олгохоор зохицуулсан. Мөн хөлсөөр мал маллаж байгаа малчны цалин хөлстэй холбоотой асуудлыг тусгайлан зохицуулахдаа нийт цалин хөлснийх нь 30-аас илүүгүй хувийг мөнгөн бус хэлбэрээр төлж болох заалтыг тусгажээ. Үүнийг малчин өрхийн үйлдвэрлэлд дарамт учруулахгүйгээр хөдөөд хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд тустай гэж үзэж байгаагаа С.Чинзориг сайд хэлсэн. Уул уурхайн болон бусад төсөөтэй үйлдвэрлэлийн салбарт гэр орноосоо алсад урт хугацаатай ээлжээр ажиллах хэлбэр нэвтэрч байгааг харгалзан “жасаагаар ажиллуулах” гэсэн шинэ зохицуулалтыг оруулж, жасаагаар ажиллах ажилтны нэг сард ажил үүрэг гүйцэтгэх хоног нь 20-иос дээшгүй, амрах хоног нь 10-аас доошгүй байхаар оруулсан байна. Эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, насанд хүрээгүй хүн буюу хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дэлхийн нийтийн жишиг, олон улсын стандартад нийцүүлэх үүднээс хуулиар зохицуулах шаардлагатай зохицуулалтыг боловсронгуй болгох тал дээр нэлээд анхаарч ажилласан байна. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бараа, бүтээгдэхүүнийг худалдан авсан аж ахуйн нэгж байгууллагыг хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулаагүй тохиолдолд төлөх төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн хөдөлмөрийн маргаан зохицуулж байгаа зарим зүйл заалтыг өнөөгийн нөхцөлд нийцүүлэн боловсронгуй болгох хэрэгцээ шаардлага ч байгааг С.Чинзориг сайд онцлоод анхан шатны иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэсэн нийт хэрэгт эзлэх Хөдөлмөрийн тухай хуулиар шийдвэрлэсэн хэрэг 2015-2017 онд дунджаар 4.5 хувь байсан бол хяналтын шатны иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэсэн нийт хэрэгт эзлэх хөдөлмөрийн маргаан 2015-2017 онд дунджаар 21.5 хувь байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулиар шийдвэрлэгдэх хөдөлмөрийн маргаан нь гурван шатны шүүх дамжиж цаг хугацаа, зардал мөнгө шаардсан урт удаан үргэлжилдэг үйл явц болсныг өөрчлөх ёстой хэмээн үзэж зохих зохицуулалтыг хуульд тусгасан гэлээ.

Хуулийн төслийн танилцуулгыг хийсний дараа оролцогчид хуульд зайлшгүй тусгах зарим зүйл заалтын талаар байр сууриа илэрхийлж, санал солилцлоо.

Дээш