“Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ болон Ахмад настны үйлчилгээг үзүүлэх журам”-ын төсөлд санал авч байна.

Улсын Их Хурлаас  2005 онд баталсан Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ /ОНОТХҮ/ үзүүлэх тухай бүлэг, зүйлийг шинээр тусгаснаар тус үйлчилгээг 2006 оноос хэрэгжүүлж эхэлсэн.

Нийгмийн халамжийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8-д “Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний чанарт тавигдах шалгуур, журмыг нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.” гэж заасан.

Үүний дагуу Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын /хуучин нэрээр/ 2012 оны А/91 дүгээр тушаалаар “Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ үзүүлэх журам, шалгуур батлах тухай журам”-ыг батлан мөрдөж байсан.

Түүнчлэн Улсын Их Хурлаас 2017 онд шинэчлэн баталсан Ахмад настны тухай хуульд ахмад настанд зориулсан шинэ төрлийн үйлчилгээг тусгасан.

Ахмад настны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д Энэ хуулийн 7.1-д заасан үйлчилгээг аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага Нийгмийн халамжийн тухай хуулийн 18.8-д заасан шалгуур, журмыг хангасан иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагаас сонгон шалгаруулж, гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх бөгөөд үйлчилгээ нь өрх, иргэний хүсэлтийн дагуу төлбөртэй байж болно гэж заасан.

Иймд хууль тогтоомжийн дээрх зүйл заалтад нийцүүлэн ОНОТХҮ-ээс гадна Ахмад настны тухай хуулийн 7 дугаар 7.1.2, 7.1.3, 7.1.4-т заасан үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой зохицуулалт болон нийгмийн халамжийн үйлчилгээ цахимжсантай холбогдуулан “Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ үзүүлэх журам, шалгуур батлах тухай журам”-ыг шинэчлэн боловсруулаад байна.

Уг журмын төсөлтэй танилцан саналаа ирүүлэхийг хүсье. Холбоо барих албан тушаалтан: Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Н.Адъяадорж. Утас:51-263383, adiyadorj@mlsp.gov.mn

 

Хавсралт файл
Гарчиг Татах
1 Төсөл
Дээш