Асуулт 1. Ээлжээр ажилладаг ажилтны нэмэгдэл хөлсийг хэрхэн тооцож олгодог вэ?

Хариулт: 

"Нэмэгдэл хөлс" гэж ажилтан, албан хаагчийн ажлын байрны тодорхойлолтод заагаагүй нэмэлт ажил үүрэг гүйцэтгэсэн, эсхүл ажил хослон гүйцэтгэсэн, эзгүй байгаа ажилтны үүргийг түр орлон гүйцэтгэсэн, өөр ажил, албан тушаал хавсран гүйцэтгэсэн зэрэг тохиолдолд нэмэгдүүлэн олгож байгаа хөлсийг хэлнэ. Нэмэгдэл хөлсөд илүү цагаар, шөнийн цагаар, долоо хоногийн амралтын өдрөөр, нийтээр амрах баярын өдрөөр ажилласны нэмэгдэл хөлс болон хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээр тогтоон олгож байгаа тэдгээртэй адилтгах бусад нэмэгдэл хөлс багтана. 

Ээлжээр ажилладаг ажилтан нь ажил үүргээ гүйцэтгэхдээ шөнийн цагаар ажиллах, мөн ээлжийн хуваарь нь давтамжаар долоо хоногийн амралтын өдрүүдэд, мөн нийтээр амрах баярын өдөрт тааран ажилладагаараа онцлогтой.

Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 87 дугаар зүйлээр нэг ээлжийн ердийн ажлын цагийн үргэлжлэл /8 цаг/, зөвхөн ажилтантай тохиролцсоны үндсэн дээр  ажлын цагийн үргэлжлэлийг уртасган /+4цаг/ зохион байгуулах болон  үүнтэй холбогдуулан долоо хоногт ажиллах ердийн ажлын цаг /40 цаг/ -аас хэтрүүлсэн тохиолдолд илүү ажилласан цагийн хөлсийг нэмж олгох, мөн ажилтныг хоёр ээлжид дараалуулан ажиллуулахыг хориглох зэргийг зохицуулсан.

Ээлжээр ажилладаг ажилтан нь шөнийн цагаар /22:00-06:00/ ажилласан тохиолдолд дараагийн ажлын өдөр нь шөнө ажилласан цагаас багагүй хугацаагаар нөхөн амраана. Шөнийн цагаар байнга ажилладаг ажилтныг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжид заасан хугацаанд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт ажил олгогч нь өөрийн зардлаар хамруулах, Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр шөнийн цагаар ажиллуулахыг хориглосон ажилтныг ажил олгогч өдрийн ээлжид, эсхүл адил чанарын өөр ажилд шилжүүлэх үүрэгтэй. Мөн ээлжээр ажилладаг гурав хүртэлх насны хүүхэдтэй ажилтан өөрөө зөвшөөрөөгүй бол шөнийн цагаар ажиллуулахыг хориглоно.

Ажилтныг ээлжийн хуваарийн дагуу шөнийн цагт ажиллуулбал Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.8-т заасны дагуу шөнийн цагийн нэмэгдэл хөлс /дундаж цалин хөлсийг нэг аравны хоёр дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж /-ийг нэмж олгоно. Энэ нь 22:00-06:00 цагт хамаарна.

Харин ээлжээр ажилладаг ажилтны ээлж долоо хоногийн амралтын болон нийтээр амрах баярын өдөр таарсан бол энэ хуулийн 109.2 /Долоо хоногийн амралтын өдөр ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг нэг аравны тав дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно/, 109.4 /Нийтээр амрах баярын өдөр ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг хоёр дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно /-т заасан нэмэгдэл хөлс олгохгүй. Харин тухайн салбарын хамтын хэлэлцээр болон байгууллагын  хамтын гэрээнд  ээлжээр ажилладаг ажилтанд долоо хоногийн амралтын болон нийтээр амрах баярын өдөр нэмэгдэл хөлс олгоно гэж тогтоосон зохицуулалттай бол олгоно. /Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.9-ийг үзнэ үү/

Ээлжээр ажилладаг ажилтныг  ажил олгогчийн санаачилгаар тухайн сарын ердийн ажлын цагийн нийлбэрээс хэтрүүлэн ажиллуулсан буюу илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй тохиолдолд  Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-т заасны дагуу ажилтны  дундаж цалин хөлсийг нэг аравны тав дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно. Хоёр ээлжийн хоорондын, эсвэл ээлжнээс буугаад дараагийн хуваарьт өдрөө ажиллахаар хүлээж буй хугацаа нөхөн амраасан хугацаанд хамаарахгүй.

Дээш