“Жагсаалт, журам батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөлд санал авч байна.
Улсын Их Хурлын чуулганы 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг хэлэлцэн баталсан.
Нийгмийн даатгалын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 18 дугаар зүйлийн 18.2-т “Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийн хувь хэмжээг хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны шаардлага, эрсдэл бүхий ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлөөс хамааралтайгаар ажил олгогчийн цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос ялгавартай тогтоох бөгөөд шимтгэл төлөх ажил мэргэжлийн жагсаалт, шимтгэлийн хувь хэмжээ, хэрэглэх журмыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар батална” гэж заасан.
Хуулийн энэхүү заалтыг хэрэгжүүлэх зорилгоор “Жагсаалт, журам батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, танилцуулгыг боловсруулав.
Та бүхэн Засгийн газрын тогтоолын төсөлтэй танилцан саналаа тус яамны Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт bolor@mlsp.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү.
Хавсралт хэсгээс тогтоолын төсөл болон танилцуулгыг бүрэн эхээр нь татаж авна уу.