Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааг цахимжуулах ажлын хэсгийн хурлыг зохион байгууллаа

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын үйл ажиллагааг бүрэн цахимжуулж, иргэдэд үзүүлэх үйлчилгээ, арга хэмжээг ил тод, шуурхай, хүртээмжтэй хүргэх тус яамны бодлогын хүрээнд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цахим үйл ажиллагааны хөгжүүлэлтийг эрчимжүүлэх, зарим үйлчилгээ, арга хэмжээг шинээр нэвтрүүлэх, ойрын хугацаанд хийх ажлын санал, зөвлөмж, төлөвлөгөө боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар байгуулсан бөгөөд Ажлын хэсэг 3 дахь удаагийн хурлаа өнөөдөр хийлээ. 

Ажлын хэсгийн үйл ажиллагааны хүрээнд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлдэг үйлчилгээ, арга хэмжээнд хамрагдах иргэн, аж ахуйн нэгжийн материал бүрдүүлэлтийг хөнгөвчлөх, ялангуяа төрийн мэдээллийн сангуудаас гардаг мэдээллийг бүрэн цахимжуулах, хүнээс хараат байдлыг багасгаж, ил тод, нээлттэй, шилэн үйл ажиллагааг цахимаар явуулах, Ejob цахим платформын хөгжүүлэлтийг эрчимжүүлж, хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй болгох зэрэг ажлыг хийж байна. 

Түүнчлэн ажилгүйдлийн тэтгэмж авах, финтек богино хугацааны зээл олгох, хуульд заасан хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажиллуулахтай холбоотой хяналт тавих зэрэг үйл ажиллагааны үйл явцыг ойрын хугацаанд бүрэн цахимжуулах ажлыг гүйцэтгэнэ. 

Ажлын хэсэг дээрх болон бусад үйл ажиллагааны тайлан, мэдээлэл, зөвлөмж, гүйцэтгэлийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд болон яамны удирдлагуудад энэ оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн дотор танилцуулахаар ажиллаж байна.

Дээш