НИЙГМИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА

Улсын Их Хурлын чуулганы 2023 оны 07 дугаар сарын 07-ны  өдрийн  хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хууль (шинэчилсэн найруулга), Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийг баталсан.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн 8 дугаар зүйлийн 8.3-д “Нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмжийн хэмжээг нийгмийн даатгалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл батална” гэж, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн 10 дугаар зүйлийн 10.3-д “Нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмжийн хэмжээ Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 8.3-т заасны дагуу тогтоосон хэмжээтэй адил байна” гэж, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 20 дугаар зүйлд “Нас барагчийн ар гэрт олгох тэтгэмж олгох тухай тус тус заасан.

Дээрх хуулиудыг хэрэгжүүлэх зорилгоор Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолын төсөл боловсруулав. Ингэхдээ одоо мөрдөж байгаа тэтгэмжийн хэмжээг өөрчлөөгүй болно.

Одоогийн байдлаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны “Оршуулгын тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 04 дүгээр тогтоолыг баталж, Захиргааны ерөнхий хуулийн дагуу хянан үзээд захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж мөрдөн ажиллаж байна. Энэхүү тогтоолоор оршуулгын тэтгэмжийн хэмжээг 2 000 000 төгрөгөөр, харин амьгүй, донор болж эс, эд, эрхтэнээ бусдад шилжүүлсэн даатгуулагчийн ар гэрт олгох оршуулгын тэтгэмжийг 3 500 000 төгргөгөөр тогтоосон болно.

Нийгмийн даатгалын сангаас 2022 оны жилийн байдлаар 14,215 даатгуулагчийн ар гэрт 14.2 тэрбум төгрөгийн оршуулгын тэтгэмж олгожээ. Харин 2023 оны 08 дугаар сарын байдлаар 9 460 даатгуулагчийн ар гэрт 18.9 тэр бум төгрөгийн тэтгэмжийг олгоод байна.

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолын төсөл батлагдсанаар улсын болон нийгмийн даатгалын сангийн төсөвт нэмэлт санхүүжилт тусгах шаардлагагүй болно.

              Ажил олгогч, даатгуулагч, хүн, төр, төрийн бус байгууллага та бүхэн “Тэтгэмийн хэмжээ тогтоох тухай” Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолын төсөлд өгөх саналаа ankhbayar@mlsp.gov.mn хаягаар ирүүлнэ үү.

Хавсралт файл
Гарчиг Татах
1 Тогтоол
Дээш