“Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг тайлагнах, шимтгэлийг нөхөн төлүүлэх харилцааг зохицуулсан журам”-ын төсөлд санал авч байна.
Улсын Их Хурлын чуулганы 2023 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын багц хууль болох Нийгмийн даатгалын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль /шинэчилсэн найруулга/, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хууль /шинэчилсэн найруулга/, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг тус тус баталсан. Дээрх хуулийг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Нийгмийн даатгалын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 24 дүгээр зүйлийн 24.4-т “Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг тайлагнах, шимтгэлийг нөхөн төлүүлэх харилцааг зохицуулсан журмыг хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж заасан.
Иймд хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг тайлагнах, шимтгэлийг нөхөн төлүүлэх харилцааг зохицуулсан журмын төсөл болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалын төсөл боловсруулав.
Журмын төсөлд өгөх саналаа Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт khorolmaa@mlsp.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү.
Тушаалын төсөл болон танилцуулгыг хавсралт хэсгээс татаж авна уу.