Хүүхэд хамгааллын 2024-2026 оны төсвийг үр дүнд суурилсан төсөвлөлтийн аргачлалаар боловсруулна
Монгол Улсын Сангийн яам Европын Холбооны
санхүүжилтийн хүрээнд “Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан
төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийг НҮБ-ын
Хөгжлийн хөтөлбөртэй 2020 оноос хамтран хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд Хүүхдэд хамгааллын үйлчилгээ
үзүүлэх төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх,
төрөөс үзүүлэх хамгааллын үйлчилгээ, хөтөлбөрийн чанар үр дүнг сайжруулахад үр
дүнд суурилсан төлөвлөлт, төсөвлөлтийн аргачлалд суралцах сургалтыг 2023 оны 6
дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Уулзалтын үр дүнд нь 2024-2026 оны төсвийг үр дүнд суурилсан
төсөвлөлтийн аргачлалаар боловсруулах юм.
Арга хэмжээг нээж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын
дэд сайд хэлсэн үгэндээ, Хүүхэд хамгаалах үйлчилгээ нь хүүхдэд тохиолдсон
асуудал, түүнийг шийдвэрлэх арга зүй, хэрэгцээ шаардлагаас хамааран гарах
зардал харилцан адилгүй, аймаг, сум, дүүргийн хүн амын болоод хүүхэд хамгааллын
кейсийн тооноос хамааран төсвийн төлөвлөлт, санхүүжилт нь үр дүнд чиглэсэн, үр
ашигтай байх учиртайг онцлон тэмдэглэв.
Монгол Улсын нийт хүн амын 37.3 хувийг 18 хүртэлх
насны хүүхэд эзэлдэг. 2022 оны жилийн эцсийн байдлаар Хүүхдийн тусламжийн 108
утсанд ирсэн нийт 111,776 дуудлага ирснээс зорилтот дуудлага 64811, хүүхэд
хамгааллын кейсийн тоо 9,224 байна.[1]
Хүүхэд хамгааллын асуудал болоод түүнд зарцуулах
зардлын үр дүн олон нийтийн анхаарлын төвд байдаг. Хүүхэд хамгааллын тухай
хууль 2016 онд батлагдаж хэрэгжиж эхэлснээс хойш хүүхдийн хөгжил хамгааллын
чиглэлээр зарцуулсан хөрөнгө 2017 онд 900.1 сая төгрөг байсан бол 2018 онд 6.4
тэрбум төгрөг, 2019 онд 7.6 тэрбум төгрөг, 2020 онд 6.4 тэрбум төгрөг, 2021 онд
8.0 тэрбум төгрөг, 2022 онд 8.0 тэрбум төгрөгт хүрч 2017 онтой харьцуулахад 8.9
дахин нэмэгдсэн байна.
Хүүхэд хамгааллын төсөв нэмэгдсэн боловч хүүхэд
хамгааллын үйлчилгээг төлөвлөж хүргэх, үнэлж хянах, санхүүжүүлэх асуудлууд,
үйлчилгээний зардлын хуваарилалт, зардал тооцох аргачлал, хүүхэд хамгааллын
мэргэжлийн үйлчилгээг хүргэх, мэргэжлийн удирдлага, зохион байгуулалтаар
хангах, түүнд шаардагдах төсвийн хуваарилалт зэргийг тодорхой болгох, үр дүнд
суурилсан төлөвлөлт, төсөвлөлтийг хэрэгжүүлэх шаардлагатай байгаа юм.
Уулзалт, семинарт ХНХЯ,
СЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн
газар, түүний харьяа газар, хэлтсийн дарга болон хүүхэд хамгааллын асуудал
хариуцсан ажилтнууд оролцож байна.