НҮБ-ын Хүн амын сан "Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь" төсөл амжилттай хэрэгжиж дууссаныг тэмдэглэв
Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Монгол дахь НҮБ-ын Хүн амын сан Монгол Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлсэн "Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь" төслийг амжилттай хэрэгжүүлж дууссаныг тэмдэглэлээ.
"Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь" төсөл нь Монгол Улсад жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлд олон амжилт ахиц авчирсан юм. Төсөл нь үндэсний, орон нутгийн болон анхан шатны түвшинд урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах чадавхыг сайжруулахад голчлон чиглэсэн.
Энэхүү төслийн ухуулга нөлөөлөл, чадавх бэхжүүлэх үйл ажиллагаа нь Монгол Улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Жендерийн тэгш байдлыг хангах тухай хууль зэрэг жендерийн тэгш байдлыг хангах, гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэгт тооцдог болоход хууль тогтоомжийг шинэчлэн боловсруулж, хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулсан.
Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх салбар дундын олон талт хамтын ажиллагааг зохицуулах механизмыг бэхжүүлж, институтчилэх, тогтвортой байдлыг ханган, хүчирхийллийн хохирогч, даван туулагчдад иж бүрэн тусламж үйлчилгээ, дэмжлэг үзүүлдэг болсон. Мөн жендерт суурилсан хүчирхийллийн талаар мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх ажлыг сайжруулж, энэ асуудлын талаарх ойлголтыг сайжруулж, нотолгоонд суурилсан арга хэмжээг авах нөхцөлийг бий болгосон.
Төслийн үр нөлөөг үндэсний болон олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрсөн бөгөөд 2017 онд улсын хэмжээнд анх зохион байгуулсан Жендерт суурилсан хүчирхийллийн тархалтын судалгаа нь Монгол Улсад жендерт суурилсан хүчирхийллийн тархалт, үр нөлөөний талаар бодит байдлыг олон нийтэд ойлгуулсан. Мөн төслийн хүрээнд жендерт суурилсан хүчирхийллийн дуудлага мэдээллийг бүртгэх, дүн шинжилгээ хийх, түгээх нэгдсэн санг бий болгосон.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах 33 журмыг боловсруулж, бүх түвшинд зохицуулах зөвлөлүүдийн үйл ажиллагааг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлжээ.
"Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь" төслийн хаалтын арга хэмжээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар оролцож үг хэлсэн. Тэрээр, “Эмэгтэйчүүдийг алагчлах үзлийг устгах Хорооноос “Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенц”-ын ээлжит 10 дугаар тайланд ирүүлсэн зөвлөмжид 2016 онд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулга хийж, гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэгт тооцох болсон. Жендерийн тэгш байдлыг хангах үндэсний хорооны Ажлын албыг Ерөнхий сайдын дэргэд бие даасан нэгж болгон 2018 оны 111, 285 дугаар тогтоолоор тус тус зохион байгуулсан, 2020 оны нэгдүгээр сард Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуульд үйл ажиллагаа хэрэгжүүлэх төсвийг багтаан шинэчлэн найруулсан зэргийг дурдсан нь бидний хамтын ажлыг НҮБ-ын түвшинд үнэлж байгаагийн томоохон илрэл юм” гэлээ.
Мөн НҮБ-ын Хүн амын сан жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх ажил үргэлжилж байгааг онцлон, эмэгтэйчүүд, охидын аюулгүй, сайн сайхан байдлыг хангахад тууштай ажиллахаа амлав.