“Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2022 оны А/758 А/197 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан Даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах” тушаалын хавсралтад өөрчлөлт оруулах төсөлд санал авч байна

Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Эмнэлэг хөдөлмөрийн магадлалын үйл ажиллагаа, үйлчилгээг сайжруулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байна. Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 67 дугаар тогтоолоор “Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрэм”-ийг баталсан. Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын зорилго нь ердийн өвчин, ахуйн болон үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас иргэн хөдөлмөрийн чадвараа бүрэн буюу хагас (хэсэгчлэн) алдсан шалтгаан, хөдөлмөрийн чадвар алдсан хувь хэмжээ, хугацааг тогтоох, сунгах, цуцлах, хөдөлмөрийн нөхцөлийг өөрчлөх, ажлын цагийг богиносгох асуудлыг магадлан шийдвэрлэхэд оршдог. 

 Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссоор ердийн өвчин, ахуйн болон үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас  хөдөлмөрийн чадвараа бүрэн буюу хагас (хэсэгчлэн) алдсан шалтгаан, хувь хэмжээ, хугацаа тогтоолгосон даатгуулагч (иргэн)-ийн тоо 2022 оны эцэст 103 235 болсон нь нийт хүн амын 3.1 хувийг эзэлж байна.   103 235 даатгуулагч (иргэн)-аас 39 586 (38.4%) нь нийслэлд, орон нутагт   63 649 (61.6%) амьдарч байгаа бол, сэтгэцийн болон мэргэжлээс шалтгаалсан өвчний салбар зөвлөлөөр магадлал хийлгэсэн хүний тоо 4 585 (4.4%) байна. 

Хөдөлмөрийн чадвар алдсан шалтгаан, хувь хэмжээ, хугацааг тогтоолгосон 103 235 даатгуулагч (иргэн)-ийн 46.5 хувь нь хөдөлмөрийн чадвараа 70-аас дээш хувиар буюу бүрэн, 53.5 хувь нь 69 хүртэл хувиар буюу хагас (хэсэгчлэн) алджээ. 

Хөдөлмөрийн чадвар алдсан 5 гол өвчний шалтгааныг дотрын өвчин, сэтгэцийн эмгэг, мэдрэлийн өвчин, гэмтэл согогийн өвчин, чих, хамар хоолойн өвчин, нийт 77.9 хувийг тус эзэлж, сүүлийн 3 жил дараалан хөдөлмөрийн чадвар алдалтын тэргүүлэх шалтгаан болсон хэвээр байна.

Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/758, А/197 дугаар “Даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг шинэчлэн батлах тухай” хамтарсан тушаалыг мөрдөн ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.1.2 дугаарт “Элэг бүтэн Монгол арга хэмжээ”-ний үр ашиг, өгөөж, хүртээмжийг нэмэгдүүлж, гепатитын Дельта вирус (HDV)-ийн халдвартай иргэдийн 50-аас дээш хувийг эмчилгээнд хамруулж, хорт хавдрын эрт илрүүлгийг олон улсын жишигт хүргэх зорилтын хүрээнд Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/577 дугаар тушаалаар “Элэг бүтэн Монгол 2022-2025” арга хэмжээний төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж байна.

Монгол Улсад гепатитын В болон С вирус (HBV, HCV)-ийн эмчилгээг хийдэг, харин HDV-ийн эмийн хувьд одоогоор дэлхий дахинд туршилт судалгааны шатандаа байгаа бөгөөд цөөн улсад онцгой нөхцөлтэйгээр бүртгэн хэрэглэж байна. Манай улсын хувьд иргэдийн дунд HDV-ийн халдварыг эрт илрүүлэх, HBV, HCV-ийн хавсарсан халдвартай элэгний циррозтой үед HBV-ийн эсрэг эмийг насан туршид нь уулган идэвхжилийг дарангуйлах эмчилгээний зарчмыг баримталж байна.

HBV, HCV-ийн хавсарсан халдвар нь бусад шалтгаант элэгний эмгэгтэй харьцуулахад элгийг богино хугацаанд, давшингуй гэмтээж хүндэрдгээс гадна элэгний циррозын эмчилгээний өртөг өндөр байдагтай холбоотой иргэдэд санхүүгийн дарамт үүсгэх нөхцөл бүрдэж байна. Иймээс даатгуулагч (иргэн)-аас уг жагсаалтад өөрчлөлт оруулах хүсэлт ирж байгааг харгалзан нэмэлт өөрчлөлт боловсруулах шаардлагатай байна.

Иргэд та бүхэн Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2022 оны А/758 А/197 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан Даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах” тушаалын хавсралтад өөрчлөлт оруулах төсөлд санал хүсэлтээ ankhbayar@mlsp.gov.mn хаягаар ирүүлнэ үү


Хавсралт файл
Гарчиг Татах
1 Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2022 оны А/758 А/197 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан Даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах” тушаалын хавсралтад өөрчлөлт оруулах төсөл
Дээш