НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВРИЙН ТӨРӨЛ

Тэтгэвэр гэж юу вэ?

Тэтгэвэр гэдэг нь даатгуулагчийг өндөр наслахад насан туршид нь, тахир дутуу  болоход хөдөлмөрийн чадвар нь сэргээгдэх хүртэл, эсвэл өндөр насны тэтгэвэр авах насанд хүртэл, түүнчлэн нас барахад нь түүний гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдийн нийгмийн баталгааг хангах зорилгоор нийгмийн даатгалын сангаас сар бүр олгох мөнгөн хөрөнгийг хэлнэ.

 

Тэтгэврийн даатгалын сангийн орлого бүрдүүлэлт

Тэтгэврийн даатгалын санг нь ажил олгогч, даатгуулагчийн төлсөн шимтгэлийн орлогоос, төрөөс хариуцах тэтгэвэр авагчдад олгох улсын төсвийн санхүүжилт, бусад орлогоос бүрдэж уг сангаас олгох өндөр насны тэтгэвэр, тахир дутуугийн тэтгэвэр, тэжээгчээ алдсаны тэтгэвэрт зориулан зарцуулдаг6.

 

Тэтгэврийн даатгалын сангаас дараах төрлийн тэтгэврийг олгоно:

 

  • Өндөр насны тэтгэвэр
  • Тэжээгчээ алдсаны тэтгэвэр
  • Тахир дутуугийн тэтгэвэр

 

ӨНДӨР НАСНЫ ТЭТГЭВЭР:

ӨНТ гэж даатгуулагчийг өндөр наслахад насан туршид нь нийгмийн баталгааг нь хангах зорилгоор ТДС-аас сар бүр олгох мөнгөн хөрөнгийг хэлнэ.

Даатгуулагч ТДШ төлсөн хугацаанаас хамааран өндөр насны тэтгэврийг бүрэн болон хувь тэнцүүлэн тогтоолгох эрхтэй.


Өндөр насны бүрэн тэтгэвэр: 

Даатгуулагч нийтдээ 25*-аас доошгүй жил ТДШ төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй (цаашид 60/55 гэх) өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно.


Өндөр насны хувь тэнцүүлсэн тэтгэвэр:

Даатгуулагч 10-аас 20 хүртэл жил ТДШ төлсөн бөгөөд 60/55 насанд хүрээд өөрөө хүсвэл өндөр насны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгон авч болно.

Даатгуулагчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг 2018 оноос эхлэн жил бүр 3 сараар нэмэгдүүлэхээр зохицуулсан. 

 



uploaded picture

Тайлбар: 25*- 20 жил байсан тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байвал зохих доод хугацааг 2018 оноос жил бүр 3 сараар нэмэгдэж 2038 оноос 25 жил болно.

 

Даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байвал зохих доод хугацаа, он тус бүрээр



Он

Даатгуулагчийн ТДШ төлсөн байвал зохих доод хугацаа

2018

20 жил 3 сар

2019

20 жил 6 сар

2020

20 жил 9 сар

2021

21 жил

2022

21 жил 3 сар

2023

21 жил 6 сар

2024

21 жил 9 сар

2025

22 жил

2026

22 жил 3 сар

2027

22 жил 6 сар

2028

22 жил 9 сар

2029

23 жил

2030

23 жил 3 сар

2031

23 жил 6 сар

2032

23 жил 9 сар

2033

24 жил

2034

24 жил 3 сар

2035

24 жил 6 сар

2036

24 жил 9 сар

2037

25 жил

2038

Тухайн онд харгалзах ТДШ төлсөн байвал зохих хугацааг хангасан бол 60/55 насанд хүрээд ӨНТ тогтоолгох боломжтой.

Жишээ нь: 2023 онд дараах нөхцөл, болзлыг хангасан тохиолдолд өндөр насны тэтгэвэр тогтоолгоно.



uploaded picture



Хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоох:

Олон хүүхэдтэй эмэгтэй болон газрын дор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд тодорхой хугацаанд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагч тэтгэврийн ердийн наснаас өмнө тэтгэвэр тогтоолгох эрхтэй байдаг.

Хүснэгт 1.Хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоох нөхцөл, болзол-1

Нөхцөл, болзол

Хүйс

Шимтгэл төлсөн байвал зохих нийт хугацаа

Үүнээс тухайн нөхцөлд шимтгэл төлсөн байвал зохих доод хугацаа

Тэтгэвэр тогтоолгох нас

1

Олон хүүхэдтэй даатгуулагч эх

Эм

20 жил

Төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан 4 ба түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол өсгөсөн;

Өөрөө хүсвэл 50 нас

2

Газрын дор

Эр

20 жил

Үүнээс: 10-аас доошгүй жил газрын дор ажиллаж шимтгэл төлсөн;

50 нас

3

 

Хортой, халуун

 

Эр

20 жил

Үүнээс: 10-аас доошгүй жил хортой, халуун нөхцөлд ажиллаж шимтгэл төлсөн;

50 нас

Эм

20 жил

Үүнээс: 7 жил 6 сараас доошгүй хугацаанд хортой, халуун нөхцөлд ажиллаж шимтгэл төлсөн;

45 нас

4

 

Хөдөлмөрийн хүнд

 

Эр

20 жил

Үүнээс: 12 жил 6 сараас доошгүй хугацаанд хүнд нөхцөлд ажиллаж шимтгэл төлсөн;

55 нас

Эм

20 жил

Үүнээс: 10-аас доошгүй жил хүнд нөхцөлд ажиллаж шимтгэл төлсөн;

50 нас

Даатгуулагчид хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоохдоо Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 77 дугаар тушаалаар баталсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөл хамаарах ажил мэргэжлийн жагсаалт”-ыг баримталж байна.

Мөн даатгуулагч ажлын онцлог, ачаалал зэргээс хамааруулан дараах төрлийн мэргэжлээр ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бол нас харгалзахгүй өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрхтэй байдаг.

Хүснэгт 2.Хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоох нөхцөл, болзол-2


Нөхцөл, болзол

Шимтгэл төлсөн байвал зохих нийт хугацаа

Үүнээс тухайн нөхцөлд шимтгэл төлсөн байвал зохих доод хугацаа

Тэтгэвэр тогтоолгох нас

1

 

Сонгодог, мэргэжлийн урлагийн байгууллагад гоцлол дуучин, бүжигчин, агаарын болон хэрэглэлийн гимнастик, акробат, тэнцвэр, уран нугаралт, хүнд жингийн үзүүлбэрийн жүжигчин, зэрлэг араатан, ан амьтан сургаж тоглуулагч, хөөмийчин, найрал хөгжмийн үлээвэр хөгжимчнөөр

20-иос доошгүй жил

-

Өөрөө хүсвэл нас харгалзахгүй

 

 

25-аас доошгүй жил

Үүнээс: 15-аас доошгүй жил мөн мэргэжлээр ажиллаж шимтгэл төлсөн

2

Төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалтын албанд

25-аас доошгүй жил

-

Тэтгэврийн хэмжээ:

Даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн хамгийн өндөр (өөрөө сонгох боломжтой) 7 жилийн буюу 84 сарын дундаж цалин, хөлсний 45 хувиар өндөр насны тэтгэврийг тогтооно. Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20 жилээс илүү төлсөн жил тутамд 1.5 хувиар, сар тутамд 0.125 хувиар бодож нэмэгдүүлнэ.

Жишээ 1: Даатгуулагч Алимаа 55 настай, тэтгэврийн даатгалын шимтгэлийг 30 жил 6 сар төлсөн, түүний тэтгэвэр бодох 84 сарын дундаж хөдөлмөрийн хөлс нь 1 200 000 төгрөг гэвэл өндөр насны сарын тэтгэврийн хэмжээг бодъё: 30 жил 6 сар тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн тул тэтгэвэр бодох хувь- 60.75% /30 жил 6 сар-20 жил=10 жил 6 сар, (10 жил*1.5%+6 сар*0.125%=15.75%), 45%+15.75%=60.75%/ Тэтгэвэр бодох сарын дундаж хөдөлмөрийн хөлс- 1 200 000 төгрөг

Бодолт: 1 200 000*60.75%=729 000 төгрөгийн тэтгэвэр тогтоож олгоно.

Жишээ 2: Даатгуулагч Сувд 55 настай, тэтгэврийн даатгалын шимгэлийг 22 жил төлсөн, түүний тэтгэвэр бодох 84 сарын дундаж хөдөлмөрийн хөлс нь 700 000 төгрөг гэвэл түүний өндөр насны тэтгэврийг тооцож үзье: 22 жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн тул тэтгэвэр бодох хувь- 48% /22 жил-20 жил=2 жил, (2 жил*1.5%=3%), 45%+3%=48%/ Тэтгэвэр бодох сарын дундаж хөдөлмөрийн хөлс -700 000 төгрөг

Бодолт: 700 000*48%=336 000 төгрөгийн тэтгэвэр тогтоох бөгөөд даатгуулагчийн тэтгэвэр Засгийн газраас тогтоосон тэтгэврийн доод хэмжээнээс бага тул түүнд 500 000 төгрөгийн тэтгэвэр тооцож олгоно.

Малчин даатгуулагчид өндөр насны тэтгэвэр тогтоох:

Нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 15 жилээс доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас, нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 50 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй.

 

Тэтгэврийн доод хэмжээ:

Өндөр насны бүрэн тэтгэврийн доод хэмжээ нь Засгийн газраас тогтоосон сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 75%-иас багагүй, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ нь мөн хөлсний 50%-иас тус тус багагүй байна. Засгийн газрын 2022 оны 63 дугаар тогтоолоор бүрэн тэтгэврийн доод хэмжээ 500 000 төгрөг, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 400 000 төгрөг байхаар тогтоон, мөрдөж байна. 


Өндөр насны тэтгэвэр тогтоолгох өргөдөл гаргах ба шийдвэрлэх хугацаа:

Даатгуулагч тэтгэврийн нас болон шимтгэл төлсөн хугацааны болзлыг хангасан бол холбогдох баримт бичгээ бүрдүүлж, өөрийн оршин суугаа аймаг, дүүрэг (сум)- ийн нийгмийн даатгалын хэлтэс (тасаг, байцаагч)-т өгөх ба нийгмийн даатгалын хэлтэс нь тэтгэвэр тогтоох асуудлыг 30 хоногийн дотор шийдвэрлэнэ. 

ТАХИР ДУТУУГИЙН ТЭТГЭВЭР:

Хөдөлмөрийн чадвараа алдсан даатгуулагчид хөдөлмөрийн чадвар нь сэргээгдэх хүртэл, эсхүл өндөр насны тэтгэвэр авах насанд хүртэл хугацаанд түүний нийгмийн баталгааг хангах зорилгоор ТДС-аас сар бүр олгох мөнгөн хөрөнгийг хэлнэ. Хөдөлмөрийн чадвар алдалтыг: Хөдөлмөрийн чадвараа бүрэн болон хэсэгчлэн алдсан гэж ангилна. Хүснэгт 3.Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь

Хөдөлмөрийн чадвар алдалт

Хувиар

1

Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан

70 буюу түүнээс дээш хувиар

2

Хөдөлмөрийн чадвараа хэсэгчлэн алдсан

50-70 хүртэл хувиар алдсан


Тахир дутуугийн бүрэн тэтгэврийн эрх:

Нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, эсвэл хөдөлмөрийн чадвараа алдахын өмнөх 5 жилийн 3 жилд нь тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагч ердийн өвчин, ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 50-иас доошгүй хувиар байнга буюу удаан хугацаагаар алдаж тахир дутуу болсон даатгуулагч тахир дутуугийн бүрэн тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй.

 

Тахир дутуугийн хувь тэнцүүлсэн тэтгэврийн эрх:

Хөдөлмөрийн чадвараа 50-аас доошгүй хувиар байнга буюу удаан хугацаагаар алдаж тахир дутуу болсон, нийтдээ 3-аас доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагч шимтгэл төлсөн хугацаандаа ногдох тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгон авах эрхтэй.

 

Тэтгэврийн хэмжээ:

Даатгуулагч хөдөлмөрийн чадвараа бүрэн алдаж тахир дутуу болсон бол тахир дутуугийн тэтгэврийг түүний хөдөлмөрийн хөлснөөс 45 хувиар тогтооно. Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20 жилээс илүү төлсөн жил тутамд 1.5 хувиар, сар тутамд 0.125 хувиар бодож нэмэгдүүлнэ. Хэрэв даатгуулагч хэсэгчлэн алдсан бол энэхүү хувь хэмжээнд ногдох хэсгээс хөдөлмөрийн чадвараа алдалын хувь хэмжээгээр бодож тогтооно.

 

Жишээ 1: Даатгуулагч Сугар 25 жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн,  ердийн өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 70 хувиар алдсан, түүний тэтгэвэр бодох сарын дундаж хөдөлмөрийн хөлс 1 000 000 төгрөг гэвэр түүний сарын тэтгэврийн хэмжээг бодъё: 

25 жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн тул түүний өндөр насны тэтгэвэр бодох хувьд ногдох нь - 52.5% 

/25 жил-20 жил=5 жил, (5 жил*1.5%=7.5%), 45%+7.5%=52.5%/

Тэтгэвэр бодох сарын дундаж хөдөлмөрийн хөлс -1 000 000 төгрөг

Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь- 70%

Бодолт: 

1 000 000*52.5%=525 000 төгрөгийн тэтгэвэр тогтоно. 

Хөдөлмөрийн чадвараа бүрэн буюу 70 хувиар алдсан тул тахир дутуугийн тэтгэврийг өндөр насны тэтгэвэр бодох хувьд ногдох дүнгээс 100 хувиар буюу 525 000 төгрөгийн тэтгэвэр тогтоож олгоно.  


Жишээ 2: Даатгуулагч Бат 20 жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа хэсэгчлэн буюу 65 хувиар алдсан, түүний тэтгэвэр бодох сарын дундаж хөдөлмөрийн хөлс 1 000 000 төгрөг гэвэл түүний сарын тэтгэврийн хэмжээг бодъё:. 
20 жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн тул түүний өндөр насны тэтгэвэр бодох хувьд ногдох нь- 45% 
Тэтгэвэр бодох  сарын дундаж хөдөлмөрийн хөлс- 1 000 000 төгрөг
Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь-65%
Бодолт: 
1 000 000*45%=450 000 төгрөг
Тахир дутуугийн тэтгэврийн өндөр насны тэтгэвэр бодох хувьд ногдох дүнгээс хөдөлмөрийн чадвар алдалтын 65%-иар тооцоход сард 292 500 төгрөг (450 000*65%= 292 500) тогтоож олгох боловч бүрэн тэтгэврийн доод хэмжээнээс бага байгаа тул түүнд сар бүр 500 000 төгрөгийн тэтгэвэр тооцож олгоно.

Тэтгэврийн доод хэмжээ:

Тахир дутуугийн бүрэн тэтгэврийн доод хэмжээ нь өндөр насны бүрэн тэтгэврийн доод хэмжээ, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ нь өндөр насны хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээтэй ижил байна.

 

Тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгох өргөдөл гаргах ба шийдвэрлэх хугацаа:

 Тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгох даатгуулагч тахир дутуу болсноос хойш 14 хоногийн, хэрэв хүндэтгэн үзэх шалтгаантай байсан бол 3 сарын дотор тэтгэвэр тогтоолгох баримт бичгээ бүрдүүлж, өөрийн оршин суугаа аймаг, дүүрэг (сум)- ийн нийгмийн даатгалын хэлтэс (тасаг, байцаагч)-т өгөх ба нийгмийн даатгалын хэлтэс нь тэтгэвэр тогтоох асуудлыг 30 хоногийн дотор шийдвэрлэнэ.

 

ТЭЖЭЭГЧЭЭ АЛДСАНЫ ТЭТГЭВЭР:

Даатгуулагчийг нас барахад нь түүний гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдийн нийгмийн баталгааг хангах зорилгоор ТДС-аас сар бүр олгох мөнгөн хөрөнгийг хэлнэ.

 

Тэжээгчээ алдсаны бүрэн тэтгэврийн эрх:

Нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, эсвэл нас барахын өмнөх 5 жилийн 3 жилд нь тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагч ердийн өвчин, ахуйн ослын улмаас нас барвал түүний асрамжинд байсан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд тэжээгчээ алдсаны бүрэн тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй.

 

Тэжээгчээ алдсаны хувь тэнцүүлсэн тэтгэврийн эрх:

Нийтдээ 5-аас доошгүй жил , үүнээс 1 жил нь тасралтгүй тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн тэжээгч нас барвал түүний гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд нь түүний шимтгэл төлсөн хугацаанд ногдох тэжээгчээ алдсаны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгон авах эрхтэй.

 

Тэтгэврийн хэмжээ:

Тэжээгчээ алдсаны тэтгэврийг нас барсан даатгуулагчийн авч байсан сарын дундаж хөдөлмөрийн хөлсний 45 хувиар, 20 жилээс илүү шимтгэл төлсөн жил тутамд 1.5 хувиар, сар тутамд 0.125 хувиар нэмэгдүүлсэн дүнд ногдох хэсгээс дор дурдсан хувь хэмжээгээр бодож тогтооно. Үүнд:

Хүснэгт 4. Тэжээгчээ алдсаны тэтгэвэр бодох хувь

Гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдийн тоо

Тэтгэвэр бодох хувь

3 ба түүнээс дээш

100%

2

75%

1

50%


Жишээ 1: Даатгуулагч 25 жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлөөд ердийн өвчний улмаас нас барсан, түүний асрамжинд хөдөлмөрийн чадваргүй 3 хүүхэд үлдсэн. Түүний тэтгэвэр тооцох сарын дундаж хөдөлмөрийн хөлс 1 000 000 төгрөг гэвэл гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдэд олгох сарын тэтгэврийн хэмжээг бодъё: 25 жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн тул түүний өндөр насны тэтгэвэр бодох хувьд ногдох нь- 52.5% /25 жил-20 жил=5 жил, (5 жил*1.5%=7.5%), 45%+7.5%=52.5%/ Тэтгэвэр тооцох сарын дундаж хөдөлмөрийн хөлс- 1 000 000 төгрөг Хөдөлмөрийн чадваргүй гишүүдийн тоо-3

Бодолт: 1 000 000*52.5%=525 000 төгрөг Түүний асрамжинд байсан хөдөлмөрийн чадваргүй 3 хүүхэд үлдсэн тул 100 хувиар тооцож тэтгэврийг бодож олгоно. 525 000*100%/100=525 000 төгрөгийн тэтгэвэр тогтоогдох боловч тэжээгчийн асрамжид 3 хүүхэд үлдсэн тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 100 хувиар тооцож олгох тул сар бүр 550 000 төгрөг олгоно.

Жишээ 2: Даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэлийг 4 жил төлөөд өвчний улмаас нас барсан, түүний асрамжинд хөдөлмөрийн чадваргүй 2 хүүхэд үлдсэн, даатгуулагчийн тэтгэвэр бодох сарын дундаж хөдөлмөрийн хөлс 1 000 000 төгрөг гэвэл гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдэд олгох сарын тэтгэврийн хэмжээг бодъё: Жишээнээс харахад тэжээгч нас барахын өмнөх 5 жилийн 4 жилд нь тэтгэврийн даатгалын шимтгэл төлж ажилласан тул түүний 2 хүүхдэд тэжээгчээ алдсаны бүрэн тэтгэвэр тогтоож олгоно. Түүний өндөр насны тэтгэвэр бодох хувьд ногдох нь-45% Тэтгэвэр тооцох сарын дундаж хөдөлмөрийн хөлс- 1 000 000 төгрөг Хөдөлмөрийн чадваргүй гишүүдийн тоо-2

Бодолт: 1 000 000*45%=450 000 төгрөг, үүнээс хөдөлмөрийн чадваргүй 2 гишүүн үлдсэн тул 450 000*75%=337 500 төгрөгийн тэтгэвэр тогтоогдох боловч Засгийн газрын тогтоолоор баталсан бүрэн тэтгэврийн доод хэмжээнээс бага байгаа тул тэжээгчээ алдсаны тэтгэврийг 500 000 төгрөгөөр тооцож, сар бүр олгоно.

Тэтгэврийн доод хэмжээ:

Тэжээгчээ алдсаны бүрэн тэтгэврийн доод хэмжээг хөдөлмөрийн чадваргүй 1 хүнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувиар, 2 хүнд 75 хувиар, 3 ба түүнээс дээш хүнд 100 хувиар тус тус тогтоож олгоно. Харин тэжээгчээ алдсаны хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ нь мөн хөлсний 50 хувиас багагүй байна.

 

Тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох өргөдөл гаргах ба шийдвэрлэх хугацаа:

Тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд тэжээгчээ нас барснаас хойш 14 хоногийн, хэрэв хүндэтгэн үзэх шалтгаантай байсан бол 3 сарын дотор тэтгэвэр тогтоолгох баримт бичгээ бүрдүүлж, өөрийн оршин суугаа аймаг, дүүрэг (сум)-ийн нийгмийн даатгалын хэлтэс (тасаг, байцаагч)-т өгөх ба нийгмийн даатгалын хэлтэс нь тэтгэвэр тогтоох асуудлыг 30 хоногийн дотор шийдвэрлэнэ.

Дээш