УИХ-ын тогтоолыг хүчингүй болсонд тооцох тухай болон “Хөдөлмөрийн сонирхлын маргааныг хөдөлмөрийн зуучлагчийн дэмжлэгтэйгээр зохицуулах журам”-ын төсөл, “Хөдөлмөрийн арбитрын дүрэм”-ийн төсөлд тус тус санал авч байна.
Монгол Улсын Их Хурлын 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэн баталж, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхлээд байгаа билээ.
Тус хуулийн 147 дугаар зүйлийн 147.3-т “Хөдөлмөрийн сонирхлын маргааныг хөдөлмөрийн зуучлагчийн дэмжлэгтэйгээр зохицуулах журам болон хөдөлмөрийн арбитрын дүрмийг тус тус Засгийн газар батална” гэж заасан.
Энэ хуулийн шинэчилсэн найруулга батлагдахаас өмнө Монгол Улсын Их Хурлын 1999 оны 5 дугаар сарын 14-ний өдөр баталсан Хөдөлмөрийн тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.8-т “Хөдөлмөрийн арбитрын дүрмийг Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны саналыг үндэслэн Улсын Их Хурал батална” гэж заасны дагуу Монгол Улсын Их Хурлын 2001 оны 55 дугаар тогтоолоор Хөдөлмөрийн арбитрын дүрмийг батлан хэрэгжүүлж байсан.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэрэгжүүлэх үүднээс Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан юм.
Энэ тогтоол батлагдсанаар төсөвт нэмэлт хөрөнгө шаардахгүй, эдийн засгийн сөрөг үр дагавар үүсэхгүй.
Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэрэгжүүлэхэд тулгарах зөрчил арилж, Хөдөлмөрийн сонирхлын маргааныг хөдөлмөрийн зуучлагчийн дэмжлэгтэйгээр зохицуулах журам болон хөдөлмөрийн арбитрын дүрмийг Засгийн газраар батлуулах юм.
Дээрх тогтоолын төслүүдэд санал авч байгаа тул Хөдөлмөрийн харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар munguntsetseg@mlsp.gov.mn хаягаар ирүүлнэ үү.
Тогтоолын төслүүдийг хавсралтаас татаж авна уу.