Хөдөлмөрийн сонирхлын маргааныг хөдөлмөрийн зуучлагчийн дэмжлэгтэйгээр зохицуулах журам болон Хөдөлмөрийн арбитрын дүрэм батлагдлаа
Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2021 оны 07 дугаар сард Улсын Их Хурлаар хэлэлцэн баталж, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад хөдөлмөрийн маргааныг агуулгаар нь хөдөлмөрийн сонирхлын болон эрхийн маргаан гэж ангилсан бөгөөд хөдөлмөрийн сонирхлын маргааныг аль болох зөвшилцөх замаар шийдвэрлэх, маргалдагч талууд харилцан тохиролцож чадаагүй бол хөдөлмөрийн зуучлагч, хөдөлмөрийн арбитраар шийдвэрлүүлэхээр зохицуулсан.
Хөдөлмөрийн сонирхлын маргаан гэж хамтын хэлэлцээ хийх, бүх төрлийн хамтын гэрээ, хамтын хэлэлцээр байгуулах, өөрчлөхтэй холбоотойгоор түүний талуудын хооронд үүссэн саналын зөрүүг хэлдэг.
Журамд хөдөлмөрийн сонирхлын маргааныг зохицуулахад дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий хөдөлмөрийн зуучлагчийг томилох, хөдөлмөрийн зуучлалын үйл ажиллагаа, маргалдагч талуудын эрх, үүрэг зэрэг нарийвчилсан зохицуулалтыг тусгасан.
Олон Улсад хэрэглэгддэг хөдөлмөрийн зуучлалын нийтлэг жишгийн дагуу хөдөлмөрийн сонирхлын маргаанд оролцогч талууд тайлбар гаргах, нөгөө талдаа асуулт тавих, тодруулах зэргээр аль болох талуудыг чөлөөтэй хэлэлцэх, санал бодлоо илэрхийлэх байдлаар хөдөлмөрийн зуучлалын үйл ажиллагааг зохион байгуулах зохицуулалтыг журамд тусгасан. Хөдөлмөрийн зуучлалын үр дүнд талууд тухайн маргаантай асуудлаар харилцан тохиролцсон бол хөдөлмөрийн сонирхлын маргааныг шийдвэрлэгдсэнд тооцно.
Хөдөлмөрийн сонирхлын маргааныг хөдөлмөрийн зуучлагчийн дэмжлэгтэйгээр зохицуулж чадаагүй бол уг маргаанаа хөдөлмөрийн арбитраар шийдвэрлүүлэхээр маргалдагч тал аймаг, нийслэлийн Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт хороонд хүсэлт гаргаснаар хөдөлмөрийн арбитрын үе шат эхэлнэ.
Хөдөлмөрийн арбитр хөдөлмөрийн сонирхлын маргааныг шийдвэрлэж арбитрын үйл ажиллагааны журам зөрчсөн гэж үзсэнээс бусад тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу маргалдагч талууд шүүхэд гомдол гаргах эрхгүй байхаар дүрэмд тусгасан.
Хөдөлмөрийн арбитрын шийдвэр эцсийнх байх бөгөөд хөдөлмөрийн сонирхлын маргааныг эцэслэн шийдвэрлэснээр хөдөлмөрийн харилцааны явцад талуудын хооронд үүсэх үл ойлголцол, ажил хаялтаас урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм.
Хөдөлмөрийн арбитрын дүрмийг шинэчлэн баталсантай холбоотойгоор Засгийн газрын хуралдаанаас УИХ-ын 2001 оны “Хөдөлмөрийн арбитрын дүрэм батлах тухай” 55 дугаар тогтоолыг хүчингүй болгох тогтоолыг УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэв.