Төрийн албан хаагчдын цалин хөлсний талаар 5 багц асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлэв

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт төрийн албан хаагчдын цалинг инфляцын түвшин, хөдөлмөрийн бүтээмжтэй уялдуулан үе шаттайгаар нэмэгдүүлэх, бүтээмж, үр дүнд суурилсан цалин хөлс, ажлын үнэлгээний нэгдсэн системийг нэвтрүүлэх арга хэмжээ тусгагдсан.

Мөн “Шинэ сэргэлтийн бодлого”-д Төрийн албаны шинэчлэлийн асуудал тусгагдсаны дагуу Засгийн газраасТөрийн албаны цалин хөлсний бүтэц, цалингийн тогтолцооны шинэчлэлийг эхлүүллээ.

Дээрх зорилтын хүрээнд төрийн албаны цалингийн нэгдсэн тогтолцоог шинэчлэх замаар цалин хөлсийг ажилласан жил, үр дүн, бүтээмжтэй уялдуулах, төрийн зарим албан хаагчдын цалин хөлсийг тодорхой хувь хэмжээгээр нэмэгдүүлэх дараах 5 багц асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулав.

Эдгээр арга хэмжээгхэрэгжүүлэхэд нийт 266.2 тэрбум төгрөг зарцуулахаар 2023 оны нэгдсэн төсөвттусгагдсан.  

Төрийн захиргааны болон тусгай албаны албан тушаалын ангилал, зэрэглэл, цалингийн сүлжээг шинэчлэв

Төрийн захиргааны албан тушаалын цалингийн сүлжээ нь 15 зэрэглэл тус бүрт 3-5 шатлалтай, төрийн тусгай албаны цалингийн сүлжээ нь 18 зэрэглэл тус бүрт 3-5 шатлалтай буюу нийт 153 ялгаатай цалинтай байсан. Үүнийг өөрчлөн төрийн захиргааны албан тушаалын 15 зэрэглэлийг 10, тусгай албаны 18 зэрэглэлийг 13 болгон нягтаршуулав. Мөн үндсэн цалинг одоо мөрдөгдөж байгаа цалингийн шатлалын хамгийн өндрөөр нь тогтоон нэг шатлалтай болголоо.

Үр дүнд нь төрийн захиргааны 14 мянга орчим, төрийн тусгай албаны 40.7 мянга орчим албан хаагчийн цалин 12-15 хувь нэмэгдэнэ. Уг арга хэмжээнд улсын төсвөөс 141.3 тэрбум төгрөг зарцуулна.

Төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдын цалингийн доод хэмжээг шинэчлэн тогтоов

Төрийн үйлчилгээний албан хаагчдын ажлын үр дүн, гүйцэтгэлийг үнэлж үндсэн цалинг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэх үүднээс Засгийн газар 2022 онд боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёлын салбарын төрийн үйлчилгээний  болон төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдын цалингийн доод хэмжээг шинэчлэн тогтоосон. Үр дүнд нь 1-4 дүгээр шатлалын цалинтай 106.7 мянган төрийн үйлчилгээний албан хаагчийн үндсэн цалин дунджаар 9.0 хувиар нэмэгдсэн.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2023 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 550.0 мянган төгрөг болж нэмэгдсэнтэй холбоотойгоор өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдын үндсэн цалинг нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа.

Үр дүнд нь төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдын үндсэн цалингийн доод хэмжээ 8 хувиар нэмэгдэж байна. Энэ арга хэмжээнд 40.9 тэрбум төгрөг зарцуулна.

Мөн төрийн үйлчилгээний албан хаагчийн төрд ажилласан жил бүрт нь төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг тооцож олгосноор цалин хөлс нь 2-5 хувиар нэмэгдэх боломжтой болно.  

Төрийн албан хаагчийн төрд ажилласан жил бүрийг үнэлж нэмэгдэл олгодог болов

Төрийн захиргааны болон үйлчилгээний албанд анх ажилд орсон албан хаагч тасралтгүй 5 жил ажилласны дараагаас ажилласан жилийн нэмэгдэл авч эхэлдэг.  Энэ байдлыг Засгийн газар өөрчилж, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг жил бүрээр бодож олгодог байхаар холбогдох журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа.

Үр дүнд нь 160.0 мянган төрийн албан хаагчийн цалин хөлс 2-5 хувиар нэмэгдэж, төрийн албанд чадварлаг албан хаагчид тогтвор суурьшилтай ажиллах зарчмыг хэрэгжүүлэх боломж нэмэгдэнэ. Энэ арга хэмжээнд 50.1 тэрбум төгрөг зарцуулна. 

Орон нутгийн төрийн захиргааны албан хаагчид орон нутгийн нэмэгдэл олгохоор шийдвэрлэв


Орон нутгийн захиргааны байгууллагад ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид албан тушаалын сарын  үндсэн цалингийн 20 хувьтай тэнцэх хэмжээний орон нутгийн нэмэгдэл олгохоор боллоо. Мөн аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал тухайн жилийн орон нутгийн төсөвтөө төрийн захиргааны албан хаагчид олгох орон нутгийн нэмэгдлийг 80 хүртэл хувиар нэмэгдүүлэх боломжтой байдлаар холбогдох журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа.

Ингэснээр орон нутгийн 12 мянга орчим төрийн захиргааны албан хаагчийн цалин хөлс 20-100 хувиар нэмэгдэнэ. Түүнээс гадна захиргааны албан хаагчид орон нутагт тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл бүрдэж, төвлөрлийг сааруулахад эерэг нөлөө үзүүлэх боломжтой гэж үзэж байна. Энэ арга хэмжээнд улсын төсвөөс 33.9 тэрбум төгрөг зарцуулна.

Нийслэл, дүүргийн төсвөөс санхүүждэг төрийн захиргааны байгууллагын албан хаагчдын цалингийн сүлжээг шинэчлэв


Монгол Улсын Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 20.4-т “Засгийн газар нийслэл, дүүргийн захиргааны байгууллагын удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаалын ангилал, зэрэглэлийг нутгийн захиргааны бусад адилтгах албан тушаалын ангилал зэрэглэлээс өөрөөр тогтоож болно.” гэж заасан. Энэхүү хууль эрх зүйн зохицуулалтын хүрээнд нийслэл, дүүргийн төсвөөс санхүүждэг захиргааны байгууллагын төрийн захиргааны албан хаагчдын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоов.

Цаашид төрийн албан хаагчдын цалин хөлсийг ажлын үр дүн, гүйцэтгэлд суурилсан байдлаар олгож, эдийн засгийн өсөлттэй уялдуулан үе шаттайгаар нэмэгдүүлэхэд Засгийн газраас анхаарч ажиллана.
Дээш