Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны жендерийн салбар зөвлөлийн ээлжит хурал боллоо
Хурлаар “Хүн ам, хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарт баримтлах жендерийн бодлогын эхний үе шат болох 2018-2021 оны хэрэгжилтэд хяналт шинжилгээ үнэлгээ хийж, үр нөлөөг үнэлсэн ажлын тайланг ЖҮХ-ны дэргэдэх Жендерийн үндэсний шинжээчдийн бүлгийн шинжээч, Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбооны тэргүүн Ш.Ариунаа судалгааны багийн хамт салбар зөвлөлд танилцуулав.
Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны 6 сарын 28-ны өдрийн А/177 тоот тушаалаар баталсан Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт жендерийн талаар баримтлах бодлого нь хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын хүний нөөцийн хөгжил, хүн амд чиглэсэн бодлого, төлөвлөлт, үйл ажиллагаа, хяналт үнэлгээг жендерийн тэгш байдлын үзэл баримтлалаар дэмжих зорилготой.
Бодлогын бичиг баримтын хамрах хүрээний хувьд хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын байгууллагуудын (Хөдөлмөр нийгэм хамгааллын Яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институт, БНСУ дахь Хөдөлмөр нийгмийн хамгааллын үйлчилгээний төв, Гэр бүл, хүүхэд залуучуудын газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Нийгмийн даатгалын ерөнхий газар зэрэг 8 байгууллага, эдгээрийн харьяа байгууллагууд) удирдлага, ажилтан, албан хаагчдад чиглэсэн Жендерийн тэгш байдлыг хангах тогтолцоог бий болгоох, Жендерийн тэгш байдлыг хангах мэдлэг, чадвар олгох, Жендерт нийцтэй ажлын орчин, байгууллагын соёлыг бүрдүүлэх, Жендерийн нэгдмэл чиг хандлагатай түншлэл, хамтын ажиллагааг бий болгох, түгээн дэлгэрүүлэх, түүнчлэн салбарын Гэр бүл, хүүхэд, залуучууд, настан, хөгжлийн бэрхшээлтэй болон өвөрмөц хэрэгцээтэй хүмүүст зориулсан хөгжлийн үйлчилгээ, Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамжийн үйлчилгээ, Нийгмийн даатгалын үйлчилгээ, бүтээгдэхүүнийг жендерийн мэдрэмжтэйгээр үр шим хүртэгчдэд хүргэхээр зорьж байна.
Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын ажилтан, албан хаагчдын жендерийн талаарх мэдлэг ойлголтыг тандах зорилгоор “Жендерийн өөрийн үнэлгээ”-г цахимаар асуулга бөглүүлэх аргаар явуулахад 8 байгууллагын 509 хүн хамрагдаж хариулсан бөгөөд тэдний 80% эмэгтэй, 20% эрэгтэй байсан бөгөөд 76% нь захиргааны, 23% нь үйлчилгээний албан хаагчид байна. Тэднээс 40% аймагт, 17.8% дүүрэгт, 12.6% хороонд, 12.1% суманд, 8.3% яаманд, 5,7% нь агентлаг, газарт, 4.7% нь нийслэлд, 1.8% нь багт ажилладаг албан хаагчид хамрагдсан нь хангалттай төлөөлөл болсон байна.