Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Нийгмийн хамгааллын тусгай төвд ажиллав
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Ундрал 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт ажиллан газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүдтэй уулзав.
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөнгөлөлт, тусламжийн хэрэгжилтийн байдалтай танилцан, үйлчилгээний цахимжуулалттай уялдуулан иргэдэд үйлчилгээг хүндрэл чирэгдэлгүй хүргэх зорилгоор холбогдох журам, дүрмийг өөрчлөх төслийг боловсруулан анхан шатны нэгжийн саналыг тусган ирүүлэх, Ахмад настны үндэсний төв болон орон нутаг, хувийн хэвшлийн асрамжийн газруудын үйл ажиллагаанд тогтмол хяналт тавьж ажиллахыг үүрэг болгов.
Мөн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Нийгмийн хамгааллын тусгай төвд очиж ажиллав.
Тус төвд өнөөдрийн байдлаар 70 гаруй иргэнийг түр байрлуулан халуун хоол цайгаар үйлчлэх, нийгмийн суурь үйлчилгээнд хамруулах, бичиг баримтжуулах, ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, байнгын болон түр ажлын байранд ажилд зуучлах, гэр оронтой болоход нь дэмжлэг үзүүлэх, нийгэм сэтгэл зүйн сургалт зохион байгуулах арга хэмжээнд хамруулан ажиллаж байна.
Нийгмийн хамгааллын тусгай төвийн дарга Ш.Мөнхцэцэг тус төвийн 5 давхар шинэ барилга Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Улиастайн Майхантын амд 90 хувийн гүйцэтгэлтэй баригдаж байгаа ч 2022 онд хөрөнгө оруулалтын төсөв хасагдсантай холбоотой барилгын ажил зогссон, мөн үйлчлүүлэгчдийг тээвэрлэхэд автомашин шаардлагатай талаар танилцуулав.
Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Ундрал тус төвийн шинэ барилгыг яаралтай ашиглалтад оруулах, бүтэц, орон тоог нэмэгдүүлэх, нийгмийн ажилтны цалинг халамж, асрамжийн газрын нийгмийн ажилтны жишигт хүргэх асуудлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран шийдвэрлэхэд анхаарч ажиллана гэлээ.
Дээш