Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байранд дадлагажуулагчийн сургалт хэлэлцүүлгийг Дундговь аймагт зохион байгууллаа
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор Японы Жайка байгууллагатай хамтран “Монгол Улс дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх төсөл”-ийг 2021 оноос хэрэгжүүлж эхэлсэн.
Төслийн хүрээнд ажлын байрны дадлагажуулагчийн анхан шатны сургалтыг Дундговь аймагт 2022 оны 10 дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Сургалтыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Б.Болороо, Дундговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Ц.Сувдантуяа, төслийн ахлах зөвлөх Чиба Хисао нар нээж, төр, төрийн бус, аж ахуйн нэгж байгууллагын 40 гаруй хүн хамрагдлаа.
Сургалтаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй холбоотой зохицуулалт, ажлын байрны тохируулга, ажлын байрны дадлагажуулагчийн талаарх ойлголт, хөгжлийн бэрхшээлийн талаарх мэдээллийг холбогдох талуудад өглөө.
Мөн төслийн багийнхан Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй “Хөгжлийн бэрхшээлтэй хүний оролцоог хангаж, үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн хүрээнд Дундговь аймагт баригдаж буй Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн барилгын үйл явцтай танилцлаа.
Дээш