Дохионы хэлний ОУ-ын өдөр “Монгол дохионы хэлний хуулийг дэмжье” хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Монгол дохионы хэл бол албан ёсны хэл мөн бөгөөд сонсголгүй хүн дохионы хэлээрээ нийгмийн бүхий л харилцаанд оролцох эрхтэй” гэж заасан байдаг. Энэ хүрээнд Монголын сонсголгүй иргэдийн үндэсний холбооноос санаачилсан “Монгол дохионы хэлний хууль”-тай болох асуудлыг Монгол Улсын Засгийн газраас дэмжин ажиллаж байна.
Монгол дохионы хэлний хуультай болсноор дохионы хэлний хэлмэрч, орчуулагчдыг бэлтгэх, улмаар сонсголын бэрхшээлтэй иргэд бусдын адил нийгмийн харилцаанд бүрэн дүүрэн, үр ашигтай оролцох боломж, нөхцөл бүрдэх юм.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны зүгээс Азийн хөгжлийн банкны “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн хүрээнд “Монгол дохионы хэлний хэлмэрч бэлтгэх сургалтын хөтөлбөр”-ийг боловсруулан дохионы хэлний хэлмэрч, орчуулагчийг Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төвийн дэргэдэх Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагыг түшиглэн бэлтгэж эхлээд байна.
Манай улс 2009 оноос жил бүр Олон улсын сонсголгүй иргэдийн эрхийн өдрийг зохион байгуулсаар ирсэн. Энэ удаа Монголын сонсголгүй иргэдийн үндэсний холбоотой хамтран “Дохионы хэл биднийг нэгтгэнэ” уриатайгаар 12 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна.
Үндэсний статистикийн 2021 оны тоо мэдээгээр манай улсад нийт 106.1 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагийн 8.4 мянга нь сонсголын бэрхшээлтэй, 4.8 мянга гаруй нь хэл ярианы бэрхшээлтэй иргэн байна.
Дээш