АЙМГИЙН УДИРДЛАГУУДТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нарт зориулж эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэл, төсвийг хэрэгжүүлэх чиглэлээр баримтлах бодлогын талаар нэгдсэн ойлголт өгөх, чиг үүргийг нь тодорхойлох зорилго бүхий сургалт семинарыг өнгөрсөн өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулсан юм. Энэ үеэр Засгийн газрын гишүүд хариуцсан салбарынхаа бодлого шийдвэрийн талаар мэдээлэл өгч хамтарч ажиллах, тулгамдсан асуудлыг нь шийдэх боломжийн талаар ярилцаж санал солилцсон.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг аймгийн удирдлагуудтай уулзахдаа өнгөрсөн 100 хоногийн хүрээнд хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт хийж хэрэгжүүлсэн ажлуудаа танилцуулахаас гадна энэ оноос хэрэгжиж эхлээд буй шинэ хууль, тогтоол шийдвэрүүдийн талаарх холбогдох мэдээллүүдийг өгсөн юм. Мөн орон нутагт хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэхэд хамтарч ажиллах боломж бийг дурдаад Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн шугамаар хэрэгжих төсөл хөтөлбөрт иргэдээ хамруулах ажлыг зохион байгуулахыг хэллээ. Сайд аймгийн удирдлагуудад “Та бүхэн Засгийн газрын бодлого, шийдвэрийг орон нутагт хэрэгжүүлэх үүрэг хүлээж буйн хувьд иргэдийг ажилтай орлоготой болгоход онцгой анхаарч ажиллах ёстой” хэмээгээд яамнаас хэрэгжүүлж байгаа хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэхэд чиглэсэн хөтөлбөрүүдээс онцолж мал маллах сонирхолтой ч малгүй, ажилгүй байгаа залуусыг гэрээт малчнаар ажиллуулах замаар ажилтай орлоготой болгох боломж бийг дурдсан. Үүний тулд аймаг сумд гэрээт малчнаар ажиллах сонирхолтой гэр бүлүүдийн судалгааг гаргах бөгөөд сургалтанд хамруулах зэрэг бусад шаардлагатай ажлыг хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулах боломжтой гэсэн юм.

Семинарийн дараа Засгийн газрын гишүүд Засаг дарга нартай 2018 онд хамтран ажиллах гэрээ байгуулж гарын үсэг зурсан. С.Чинзориг сайд гэрээнд гарын үсэг зурах үеэр тэдэнд хандаж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдтай гэрээ байгуулснаар энэ салбарын хууль тогтоомж, УИХ, Засгийн газрын  шийдвэрүүдийн хэрэгжилтийг хангах, хүн амд үзүүлэх нийгмийн даатгал, халамжийн үйлчилгээг тэгш хүртээмжтэй, чанартай үзүүлэх Засгийн газрын чиг үүргийг нийслэл, орон нутагтаа төлөөлөн хэрэгжүүлэх учиртайг захиж байлаа.

Энэхүү гэрээг жил бүр байгуулдаг бөгөөд гол зорилго нь шударга, ил тод, хариуцлагатай төрийн албыг төлөвшүүлж, орон нутгийн удирдлагын бүх шатны байгууллагад ажлын хариуцлага, сахилга, дэг журмыг чангатгаж, хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд хамтран ажиллах, харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой болгож, үр дүнг нь үнэлж дүгнэх, иргэдэд хүргэх, төрийн болон нийгмийн үйлчилгээний чанар, үр ашгийг дээшлүүлэх зорилготой юм.

 

Дээш