“Гэр бүлийн хүчирхийлэл өртсөн хүүхдэд үйлчилгээ үзүүлэх журам”-ын төсөлд санал авч байна

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-т “...гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдэд үйлчилгээ үзүүлэх журмыг үйлчилгээний төрөл тус бүрээр холбогдох асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална..” гэж заасны дагуу тус хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.5, 33.1.7 дахь хэсгүүдэд заасан“Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдэд хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх журам”-ын төслийг боловсрууллаа.

Энэхүү журмаар Гэр бүл, хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн байгууллага, хүүхэд хамгааллын чиглэлээр мэргэшсэн иргэн, магадлан итгэмжлэгдсэн хуулийн этгээд, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, өртөж болзошгүй нөхцөл байдалд байгаа хохирогч хүүхдэд Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх, хүүхэд хамгааллын үйлчилгээнд холбон зуучлах харилцааг зохицуулна.
    Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ нь гэр бүлийн хүчирхийллийн улмаас эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлэх, бүртгэх, нөхцөл байдлын үнэлгээ хийх, аюулгүй байдлыг хангах, дэмжих, холбон зуучлах, нийгмийн харилцаанд дасган зохицуулах, гэр бүлд нь эргэн нэгтгэх, хувийн хэргийг хаах хүртэлх үе шат бүхий үйл ажиллагааны цогц нэгдэл байхаар журамлагдсан бөгөөд олон улсын мэргэжлийн нийгмийн ажлын үйлчилгээний суурь ойлголт, баримталдаг зарчим, ёс зүй, үүрэг хариуцлагын хүрээнд боловсруулсан болно.

Энэхүү журмыг хэрэгжүүлэхэд нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэр бүлийн тухай хууль, тэдгээртэй нийцэж гарсан эрх зүйн акт, олон улсын гэрээг удирдлага болгохоор, арга зүйн асуудлыг алхам бүрээр тодорхойлж өгсөн. Мөн хүүхэд хамгааллын үйлчилгээний үе шат бүрт үзүүлэх үйлчилгээг тодорхой болгож, хяналт, үнэлгээний механизмыг дээрх хуулиудтай уялдуулан боловсрууллаа.

Тус журмаар Хамтарсан багаас гэр бүлийн хүчирхийлэлд өртсөний улмаас нөхцөл байдлын үнэлгээгээр  аюулгүй байдлын хамгаалалтын үйлчилгээ зайлшгүй шаардлагатай болсон хүүхдийг гэр бүлээс нь тусгаарлаж, хүүхэд асрах хувилбарт үйлчилгээнд холбон зуучлах, хяналт тавих харилцааг зохицуулна.

Саналыг 2017 оны 3 дугаар сарын 02-оос 17-ыг хүртэл shiileg@mlsp.gov.mn хаягаар авна.

Хавсралт файл
Гарчиг Татах
1 “Гэр бүлийн хүчирхийлэл өртсөн хүүхдэд үйлчилгээ үзүүлэх журам”-ын төсөл
Дээш