Япон Улсын бие даан амьдрах ТББ, Түгээмэл хөгжил ТББ-ын төлөөллийг хүлээн авч уулзлаа

uploaded pictureuploaded pictureuploaded pictureЕрөнхий сайдын Нийгмийн хамгаалал, хөгжлийн асуудал хариуцсан зөвлөх Ч.Ундрахбаяр, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар Түгээмэл хөгжил ТББ болон Япон Улсын Мэйнстрийм, Партнер зэрэг бие даан амьдрах ТББ-ын төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах, бие даан амьдрах чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөгжүүлэх, хөдөлмөр эрхлэх, нийгмийн харилцаанд оролцоход нь дэмжлэг  үзүүлэх талаар ярилцаж, санал солилцлоо.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангаснаар тэдний сурч боловсрох, хөдөлмөр эрхлэх, бие даан амьдрах боломж нөхцөл бүрдэнэ. Үүний тулд бид хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийг хангах тогтолцоог бий болгох, оролцогч талуудын оролцоог нэмэгдүүлж, хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт хандлагыг нэмэгдүүлэх, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхой болгох, хүний нөөцийг бэлтгэх зэрэг асуудалд анхаарлаа хандуулан ажиллах шаардлагатай байгааг онцлов.

Түүнчлэн Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр Архангай, Дорнод, Дархан-Уул, Ховд, Дундговь, Хөвсгөл аймагт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийг барьж, хүний нөөцийг үе шаттай бэлтгэж,  үйл ажиллагааг энэ ондоо багтаан эхлүүлэхээр ажиллаж байгаа юм. Мөн Япон Улсын ЖАЙКА олон улсын байгууллагатай хамтран “Монгол Улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн тогтолцоог бэхжүүлэх төсөл”-ийг 2021-2025 онд хэрэгжүүлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн тогтолцоог бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байгааг дурдлаа.

Уулзалтаар Япон Улсын бие даан амьдрах ТББ-ын төлөөлөл бие даан амьдрах тогтолцоо болон төвүүдийн үйл ажиллагааг танилцуулж цаашид энэ чиглэлээр хамтарч ажиллахаа илэрхийллээ.

Дээш