СЭРЭМЖЛҮҮЛЭГ
Тус яамнаас олгосон зуучлах тусгай зөвшөөрлийг ашиглан иргэдийг гадаад улс орнуудад богино хугацаанд ажилд зуучлах амлалт өгч, ажилд зуучлаагүй ч зуучлалын хураамж, барьцаа төлбөрийг урьдчилан авах зэрэг залилан мэхлэх шинжтэй үйлдлүүд гарч болзошгүй байгааг сэрэмжлүүлж байна.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас олгосон зөвшөөрөлтэй байгууллагад зуучлалын хураамж, барьцаа төлбөр төлсөн л бол шууд гадаад улсад ажиллуулна гэсэн ойлголт нь буруу ташаа мэдээлэл юм.
Тиймээс тус яамнаас олгосон зуучлах зөвшөөрлийн гэрчилгээг үзүүлж, манай хэлний сургалтад хамрагдаж, зуучлалын хураамж, барьцаа төлбөр төлчихвөл гадаадад шууд ажилд оруулж өгнө гэсэн байдлаар иргэдэд амлалт өгч, итгэл олох гэсэн тайлбар, зар сурталчилгаанд автахгүй байхыг анхааруулж байна.
Иймд аливаа аж ахуйн нэгж, байгууллага нь төрийн байгууллагаас олгосон зөвшөөрлийг ашиглан, иргэдийг залилан мэхлэхээс урьдчилан сэргийлэх үүднээс зөвхөн гадаадад ажиллах албан ёсны зөвшөөрөл, виз гарсны дараа зуучлалын хураамж, төлбөр мөнгөө зөвхөн аж ахуйн нэгж, байгууллагын албан ёсны дансаар төлж байхыг анхааруулан сэрэмжлүүлж байна.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажилладаг боловч, тусгай зөвшөөрлийг ашиглан иргэдийг залилан мэхлэх шинжтэй үйлдлийг шалган тогтоох, түүний улмаас учирсан хохирлыг хариуцан төлөх хууль зүйн боломжгүй болно.
Хэрэв зуучлалын үйл ажиллагаа, зуучлалын хураамж, барьцаа төлбөртэй холбоотой санал, гомдол байгаа бол Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, цагдаа, хууль хяналтын байгууллагад яаралтай хандана уу.