Г.Оргилболд: Сонсголын бэрхшээлтэй иргэд виртуал дохионы хэлмэрчийн тусламжтайгаар утсаар ярьдаг болно
Г.Оргилболд: Сонсголын бэрхшээлтэй иргэд виртуал дохионы хэлмэрчийн тусламжтайгаар утсаар ярьдаг болно
Сонсголын бэрхшээлтэй иргэдийн мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх, боловсролын ялгаатай байдлыг арилгах, олон нийтийн оролцоог нь хангах замаар тэднийг нийгмийн харилцаанд тэгш хамруулах зорилгоор виртуал дохионы хэлмэрч бүтээх “Hand pro” төслийг хэрэгжүүлж байна. “Старт ап-2022” улсын уралдааны шилдэг 13-ын нэгээр шалгарсан тус төслийг санаачлагч, хэрэгжүүлэгч Г.Оргилболдтой ярилцлаа. “Боломжоо тэл, хүсэл, мөрөөдлөө нээ” уриатайгаар “Hand pro” платформыг хөгжүүлж буй тус төслийн багийнхан цахим үндэстэн болох төрийн стратегийг виртуал хэлмэрчтэйгээр цогцлоохыг зорьж буй нь энэ аж.
-Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач, технологитой хэрхэн холбогдов?
-Би 1999 онд Увс аймагт төрж, аймгийнхаа ерөнхий боловсролын II цогцолбор сургуулийг дүүргэсэн. 2018 онд “Шинэ Монгол” технологийн дээд сургуульд элсэж, программ хангамжийн инженер мэргэжлээр суралцаж байгаа. Энэ жил төгсөнө. Би багадаа гар утас их сонирхдог байсан. Тэр үед “Нокиа” их элбэг. Гадаад хэлний мэдлэггүй хэрнээ л утсаа задлаад, эвдэрснийг нь засчихна. Ажиллаж байсныг нь эвдээд, буцаагаад янзалчихна. Тэр нь надад сонирхолтой байж билээ. Дараа нь андройд үйлдлийн системтэй утас худалдаанд гарсан. Тухайн үед ч үйлдлийн системийнх нь учрыг төвөггүй олдог байлаа. Ингээд 11 дүгээр ангиасаа мэдээлэл зүйн олимпиадад оролцож эхэлсэн. Тэгэхэд л код гэдэг зүйлтэй танилцаж, нөхөрлөсөн дөө. Анх гурван мөр код бичиж сураад “Хөөх, энэ чинь ямар гоё юм бэ. Үүгээр өөр олон зүйл хийж, бүтээж болох юм байна” гэсэн сэдэл төрсөн. Түүнээс хойш мэдээллийн технологийн салбартай нягт уялдаатай ажиллаж байна. Миний хобби электроник, робот хөгжүүлэх. Ерөнхийдөө автоматжуулах боломжтой бүх зүйлд их сонирхолтой. Оюутан болоод “Робокон” тэмцээнд оролцсоноосоо хойш цөөнгүй робот зохион бүтээж, бие даан код бичиж сурсан.
-“USP Mongolia” компанид ажиллаж байсан гэл үү?
-Тийм ээ, 2020 оны тавдугаар сарын 1-нд тус компанид ажилд орж, жил гаруйн хугацаанд нэлээд туршлага хуримтлуулсан. Тэнд вэб болон аппликэйшн хөгжүүлэгчээр ажиллалаа. Манай захирал Ш.Буянжаргал 30 настайдаа гүйцэтгэх захирал болж, Коосэн загварын Монголын анхны сургуулийг байгуулсан хүн. Японд 1962 онд анхны Коосэн сургууль байгуулагдаж, өдгөө тус улсын инженерийн боловсролын дээд байгууллага нь болж өргөжөөд буй. Тус сургуулийн онцлог нь хөдөлмөрийн зах зээлд 20 настай инженерүүдийг нийлүүлдэг. Ийм том туршлагыг Монголдоо нэвтрүүлсэн Ш.Буянжаргал захирлаасаа маш их зүйл сурч, зааж, чиглүүлснээр нь ажилласаар л явна. Урам, зориг ч их авдаг. Ажилчдадаа хандаж хэлдэг үг нь надад ихийг бодогдуулж, хүсэл, эрмэлзлийг минь бадраасан. Хүн 30 нас хүрэхээсээ өмнө нийгэмд ямар нэгэн үнэ цэн бүтээх хэрэгтэйг тэрбээр ойлгуулсан. Одоо төсөл удирдаад ажиллахад захирлын тухайн үед захиж хэлсэн бүхэн амьдралд яг л тохиолдож байна. Компанийн ажилтан байх, бие даан ажиллах хоёр тэс өөр гэдгийг биеэр мэдэрч явна гэх үү дээ.
-Өнөө жилийн “Старт ап” улсын уралдаанд 290 баг бүртгүүлж, оролцсоноос танай төсөл шилдэг 13-т шалгарчээ. Виртуал дохионы хэлмэрч бүтээх төслийн санаагаа хэрхэн олов?
-“Старт ап” уралдааныг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 5 хүртэл гурван үе шаттай зохион байгуулж, зургаан төслийг шилдгээр шалгаруулан, санхүүгийн дэмжлэг олгосон. Миний хувьд анх удаа тийм том тайзан дээр гараад туршлагагүйтсэн ч олон багтай өрсөлдөж, шилдэгт үлдсэндээ баяртай байна. Төслийн санаагаа эрт олсон. 2020 онд “Зориг” сангийн тэтгэлэгт оюутан болоод залуустай хамтран бичил төслүүд хэрэгжүүлэх болсон. Ингэх явцдаа сонсголын бэрхшээлтэй хүмүүст тулгамддаг гол асуудлыг нь олж харсан л даа. Одоо ч нийгэмд тэдний оролцоо бага, мэдээлэл хүлээн авах нь хязгаарлагдмал, боловсролын асуудал нь ч хүнд хэвээр. Ямартай ч эхлээд дээрх сангийн дэмжлэгтэйгээр “Hand talk Mongolia” төслийг цар тахлын үеэр хэрэгжүүлсэн юм. Эхний ээлжид сонсголын бэрхшээлтэй иргэдийг нийгэмд таниулах зорилгоор видео контентууд хийж, түгээсэн. Мөн энгийн ярианы үгсийг дохионы хэлэнд хөрвүүлдэг платформ хөгжүүлж, төслөө амжилттай хаасан. Тэр үед л би хиймэл оюун ухааны тусламжтайгаар виртуал дохионы хэлмэрч зохион бүтээх боломжтойг олж мэдсэн юм. Улмаар өөрийгөө хөгжүүлж, туршлага хуримтлуулж байгаад энэ оны хоёрдугаар сараас төслийн багаа бүрдүүлсэн. Манай багт чин сэтгэлээрээ нэгдсэн, нийгэмд тодорхой хэмжээнд үнэ цэн бүтээх хүсэл, зорилго, эрмэлзэлтэй, салбар салбарын мундаг найман залуу бий. Тэдний хоёр нь гадаадаас ажиллаж буйн нэг нь М.Ханддорж. Тэрбээр өдгөө Японы “Rakuten” хиймэл оюуны хөгжүүлэлтийн корпорацын AI инженер. Харин нөгөө нь М.Тэргэл БНСУ-ын KAIST-д судлаачаар ажиллангаа доктор хамгаалахаар суралцаж байгаа. Бид сонсголын бэрхшээлтэй хүмүүсийн нийгмийн асуудлыг технологийн тусламжтайгаар шийдэхээр ийнхүү ажиллаж байна. Гэхдээ дан ганц технологи хөгжүүлээд энэ бүхнийг болгочихгүй учраас сонсголын бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл, төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа. Олон хүний үүрэг, оролцоо чухал. Нөгөөтээгүүр, уг төслийг хэрэгжүүлэх болсон нь туулсан амьдралтай минь салшгүй холбоотой. Миний нэг нүд төрөлхийн хараагүй. Үүнээсээ болоод багадаа үеийнхэндээ их шоглуулж, гадуурхагдаж өссөн. Хүүхдүүд л болсон хойно тухайн үед учрыг нь мэдэхгүй, шоовдорлодог байсан болов уу. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн харилцаанд тэгш оролцуулах сан гэж бодож явсан мөрөөдлөө төсөл болгон буулгаж, эхлүүлсэн нь энэ. Миний хувьд бусдын адил сурч, хөдөлмөрлөхөд хараагүй нүд минь саад болоогүй ээ. Харин ч ийм байснаараа надад илүү олон боломж нээж өгсөн мэт санагддаг. Амьдралыг өөр өнцгөөс харахад тусалсан гэх үү дээ.
-Виртуал дохионы хэлмэрчийг хэрхэн ажиллуулах вэ?
-Бодит дохионы хэлмэрчийг виртуал орчинд хиймэл оюун ухаанд суурилан, загварчлахыг ингэж нэрлэж буй юм. Уг виртуал хэлмэрчийг ухаалаг бүх төрлийн утас, компьютер, нөүтбүүк, бусад программ хангамжид робот бүхий ЗD хэлбэрээр суулгах юм. Энэ нь яг л бодит, хүүхэлдэйн киноны дүр шиг ажиллана. Дэлгэцийн хаана нь ч байршиж болно. Тэрхүү робот хиймэл оюуны тусламжтайгаар текст, дуу хоолойноос дохионы хэлэнд, дохионы хэлээс текст, яриа руу хөрвүүлэх хүчин чадалтай байх юм. Нүүрний хувиргалтыг ч үүнд орхигдуулаагүй. Учир нь дохионы хэл нь байгалийн өгөгдөлтэй, биеийн хэлэмж, нүүрний хувирлаар үг, өгүүлбэрийн утгыг төгөлдөржүүлдэг онцлогтой. Үүнийг шингээснээрээ виртуал хэлмэрч бодит хүнээс ялгарахгүй. Хүн эхээс төрөнгүүтээ шууд ярьдаггүй шүү дээ. Чих, тархинд нь аливаа үг, өгүүлбэрийг олон удаагийн давтамжтай сонсгосны дараа ярих үйл явц эхэлдэгтэй адил виртуал дохионы хэлмэрчийг ч бас ингэж “сургаж” байна. Өөрөөр хэлбэл, бид бодит дохионы хэлмэрчийн тусламжтайгаар дата, мэдээллээ цуглуулж буй гэсэн үг. Үгийн сан нь төдийчинээ баяжина, тэр хэрээр виртуал дохионы хэлмэрч сайн ажиллана. Манай төслийн багийн дохионы хэлмэрч уг ажилд голлох үүрэгтэй оролцож байгаа.
-Дохионы хэлмэрч дутагдалтай өнөө үед цагаа олсон чухал ажил эхлүүлжээ. “Hand pro” платформыг хэзээнээс хэрэглээнд нэвтрүүлэх бол?
-Одоогоор хөгжүүлэх шатандаа л явна. Ирэх намар гэхэд өргөн хэрэглээний үг, өгүүлбэрүүдийг текст, дуу хоолойноос дохионы хэл рүү харилцан хөрвүүлэх хэмжээний санах ойтой виртуал хэлмэрчийг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Төсөл хэрэгжүүлж дуустал бид дан ганц технологи хөгжүүлээд өнгөрөхгүй. Сонсголын бэрхшээлтэй хүмүүсийг нийгмийн харилцаанд саадгүй оролцуулахад зориулж хэрэглэгчид бэлдэнэ. Магадгүй хэн нэгэн энгийн хүмүүстэй харилцаад, хамтран ажиллаад, хэвийн амьдарч болж байхад яагаад заавал сонсголгүй хүнтэй ярих хэрэгтэй гэж хэмээн бодож болно. Ийм хандлагыг л өөрчлөх хэрэгтэй. Хэдийгээр залуус хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ойлгодог болсон ч нийгэм тэр чигтээ биш. Тиймээс манай багийнхан төслийнхөө хажуугаар олон нийтэд чиглэсэн нөлөөллийн ажлууд хийнэ. Сонсголын бэрхшээлтэй хүмүүс бусдаас ялгаатай биш, гагцхүү өөр хэлээр ярьдгийг л ойлгодог хэрэглэгчид бэлдэнэ гэсэн үг. Дохионы хэлний соёл гэж юу байдгийг бусдад таниулж, сурталчилна. Үүний хүрээнд энэ зун сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийг сарын хугацаатай хөтөлбөрт хамруулж, дотоод мөн чанар, авьяас, чадварыг нь нээсэн цуврал контент бүтээхээр ажиллаж байна. Мөн дохионы хэлийг цахимаар олон нийтэд нээлттэй, үнэ төлбөргүй заахаар төлөвлөсөн. Эдгээр ажил нь нийгмийн хандлага бага ч гэсэн эерэг болж байгаа энэ үед хүч нэмэх зорилготой. Сонсголын бэрхшээлтэй иргэдтэй харилцах боломжийг нь нээснээр тэд ч бусадтай адил бодож сэтгэж, хайрлаж дурлаж, сурч, хөдөлмөрлөж, найзалж нөхөрлөдгийг нийтээрээ ойлгоно шүү дээ. Ер нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тэр бүр боломж олддоггүй учраас нэг атгах л юм бол маш хариуцлагатай, хичээнгүй байж чаддаг. Тиймээс л тэднийг “Боломжоо тэл, хүсэл, мөрөөдлөө нээ” гэж уриалаад буй юм.
-Хиймэл оюунд түшиглэсэн дохионы хэлмэрчийг зохион бүтээх төслийг хэд хэдэн үе шаттайгаар хэрэгжүүлнэ гэж сонссон. Үгсийн сангийн багтаамж нь сонирхол татаж байна л даа. Монгол хэл баялаг сантай, ярианы утга, агуулга нь ч өргөн. Тэгэхээр сонсголын бэрхшээлтэй хүнтэй виртуал хэлмэрчийн тусламжтайгаар шууд харилцаж чадах болов уу хэмээн олон хүн сонирхож буй нь лавтай.
-Манай дохионы хэлний үгийн сан ч баялаг. Эх хэлнийхтэй дүйцэхүйц дохио, зангаатай гэж хэлж болно. “Hand pro” платформд 50 мянга гаруй үг, өгүүлбэрийн дохио зангааг сануулж чадвал мэргэжлийн түвшнийх болж чадна. Дээд хэмжээний хурал, чуулганд ч уг платформыг ашиглах боломжтой гэсэн үг. Эдгээрийг алхам алхмаар зохион бүтээхийн тулд төслийг дөрвөн үе шаттай хэрэгжүүлэх юм. Өмнө нь дурдсанчлан ирэх намар гэхэд 1500 үг, өгүүлбэр таньж, орчуулах хэмжээний хүчин чадалтай виртуал хэлмэрчийг ашиглалтад оруулна. Дараагийн шатанд салбар салбарын өргөн хэрэглээний 20 мянга орчим үгийг нэмж, энгийн хүмүүс, төрийн үйлчилгээний байгууллагынхныг хамруулан туршихаар төлөвлөсөн. Төслийн III шатанд туршилтаас хэрэгжүүлэх үйл явцыг эхлүүлнэ. Тэр үед виртуал дохионы хэлмэрчийн үгийн сан 30-40 мянга болж баяжин, төрийн болон төрийн бус байгууллагууд чөлөөтэй ашигладаг болно. Хамгийн сүүлд үгийн санг 50 мянга давуулж, зах зээлд бүрэн нэвтрүүлэх юм. Эдгээр ажлыг шат дараатай хийж, хэрэгжүүлэхэд хоёр жил шаардагдана гэж тооцсон. Тодруулбал, ийм хугацааны дараа төрийн болон хувийн хэвшлийн бүх салбарт “Hand pro”-г бүрэн нэвтрүүлнэ гэж төлөвлөж буй. Үүний дараа бид олон улсын дохионы хэлийг уг платформд нэвтрүүлэхээр бэлтгэл хангаж байна. Технологийн нэг давуу тал нь хэзээ ч зогсдоггүй, цаг ямагт шинэчлэгдсээр байдаг. Өөр нэг шинэ технологи нэвтрэхэд түүнтэй хоршин ажиллах шаардлага гардаг учраас тасралтгүй хөгжүүлэх хэрэгтэй. Тун удахгүй WR төхөөрөмж (нүдэнд зүүдэг 3D)-ийг гар утас шиг өргөн хэрэглэдэг болох нь. Тэр дундаа сургалтын байгууллагууд өргөн ашиглах төлөвтэй. Түүнд ч бас виртуал хэлмэрчийг суулгаж, сонсголын бэрхшээлтэй хүүхэд, залуусыг түүгээр дамжуулан мэдлэг, боловсрол олж авах боломж олгоно гэхчлэн бодож, төлөвлөсөн ажил цөөнгүй бий.
-Олон улсын дохионы хэлийг виртуалд таниулчихвал гадаадад Монголоо сурталчлах сайхан боломж гарах нь гэж ойлголоо, зөв үү?
-ДЭМБ-ын судалгаагаар дэлхий даяар сонсголын бэрхшээлтэй 70 сая хүн амьдарч байна. Тэд олон улсын дохионы хэлээр нэгэнтэйгээ ойлголцдог. Дэлхийд өдгөө 300 гаруй дохионы хэл байгаагаас 40-өөдийг нь хуульчилсан байдаг. Гадаадад виртуал дохионы хэлмэрч ч цөөнгүй. Магадгүй зарим хүн биднийг олон улсын ийм платформыг хуулсан гэж ойлгох вий. Гэвч улс орон бүрийн дохионы хэл сая хэлсэнчлэн ялгаатай тул тийм боломжгүй. Бидний зохион бүтээж буй виртуал хэлмэрч нь Монголдоо анхдагч. Тиймдээ ч бид сонсголын бэрхшээлтэй иргэдийн тулгамдсан асуудлыг шийдсэн эл технологио олон улсад танилцуулж, шинжлэх ухааны 2-3 өгүүлэл бичиж, хэвлүүлэхээр судалгааны ажилдаа орсон. Цаашлаад дэлхий дахинд хотжилтын нөлөө, байгаль орчин, ажил, мэргэжлээс үүдэлтэйгээр сонсголын бэрхшээлтэй хүний тоо нэмэгдэх судалгаа гарсан. 2050 он гэхэд 10 хүн тутмын нэг нь буюу 2.5 тэрбум иргэн сонсголын ямар нэгэн бэрхшээлтэй болох төлөвтэй. Иймд улс орнууд ч уг асуудалд анхаарлаа хэдийн хандуулаад эхэлж. Хэдийгээр Монголд сонсгол, хэл, ярианы бэрхшээлтэй хүн цөөн буюу 12 000 гаруй байдаг ч дохионы хэлмэрчгүйн улмаас боловсрол олж авах, нийгмийн харилцаанд оролцоход тэдэнд хүндрэл байнга тулгардаг. Тодруулбал, манай улсад дохионы хэлмэрч бэлддэггүй байв. 2021 оны судалгаагаар, мэргэжлийн хэмжээний гэгддэг 20 гаруй хүн л академик түвшинд дохионы хэлний орчуулга хийдэг. Харин энэ жилээс их, дээд сургуулиудад ийм боловсон хүчин бэлдэхээр болж байх шиг. Мөн ХНХЯ-ны харьяа Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрынхан дохионы хэлмэрч бэлдэх хоёр жилийн сургалтаа энэ оны I улирлаас эхлүүлээд байгаа нь сайшаалтай. Гэсэн ч төрийн байгууллагуудыг хуулийн дагуу дохионы хэлмэрчтэй болгох хэцүү.
-“Hand pro” уг асуудлыг шийдэх боломжтой юу?
-Бид хичээж байна. Дохионы хэлмэрчийг сургаад, төрийн бүх байгууллагыг ийм боловсон хүчинтэй болгох амар биш. Дохионы хэл маш хэцүү, тухайн хүнээс өндөр чадварын санах ой шаарддаг. Байнга ашиглахгүй л бол мартана. Тиймээс л өдгөө эмнэлгүүдэд хэлмэрч ажиллах нь битгий хэл, дохио зангаа ойлгодог хүн ч алга. Сонсголын бэрхшээлтэй хүн өвдөөд ирэхэд ойлголцдоггүй. Мөн хүчирхийлэлд өртөх, гамшиг ослын үед тэд түргэн тусламж ч дуудаж чаддаггүй. Сонсголгүй иргэд үзвэр, үйлчилгээ, кинотеатр ордоггүй. Телевизийн цөөн сувгийн зөвхөн мэдээг л дохионы хэлмэрчийн тусламжтай үзэж байна. Тэгвэл мэдлэгтэй хүн гэж хэнийг хэлэх вэ. Маш олон сувгаас мэдлэг, мэдээлэл хүлээн авч түүнийгээ боловсруулахыг хэлж буй шүү дээ. Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийг энгийн сургуульд сургана л гэж ярьдаг. Гэвч анги болгонд хэлмэрч ажиллах боломж бий бил үү. Улсдаа ганц байдаг 29 дүгээр тусгай сургуулийн багш нарынх нь л гэхэд 60-70 хувь нь дохионы хэлний анхан шатны мэдлэгтэй. Их, дээд сургуульд ч ялгаагүй, оюутнууд багшийнхаа хичээлийг ойлгодоггүй. Ийм байхад хүүхэд, залуус яаж мэдлэг эзэмших вэ. Хүний нөөц хүрэлцэхгүй байгаа учраас л бид энэ бүх асуудлыг технологиор шийдэхээр зорьж буй юм. Виртуал хэлмэрчийг кинотеатрт, үзвэр, үйлчилгээний байгууллагуудад, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, цагдаа, онцгой байдал, цаашлаад видео контентууд гээд бүх салбарт ашиглаж, ажиллуулах боломжтой. Ингэснээр боловсролын чанар, хүртээмж сайжирч, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт нэмэгдэн, ялгаварлан гадуурхалт ч багасна. Жишээ нь, эмнэлэгт нэг дэлгэц байрлуулчихна. Сонсголын бэрхшээлтэй үйлчлүүлэгч тухайн дэлгэц рүү хараад дохионы хэлээр ярихад түүнийг нь виртуал хэлмэрч текст болон дуу хоолойгоор хөрвүүлэх юм. Хувийн хэвшлийн томоохон үйлчилгээний байгууллагууд болох сүлжээ хоолны газрууд, супермаркет, үүрэн холбооны оператор, банк, санхүүгийн байгууллагынхан гээд олонх нь манай төслийг дэмжиж, хэрэглээнд нэвтрүүлэнгүүт шууд ашиглахаа илэрхийлсэн. Тэр дундаа төрийн байгууллагууд хялбар, хурднаар нь “Hand pro”-г ашиглаасай гэж хүсэж байна. Цахим үндэстэн болох зорилтод уг технологи хүч нэмж, цаг, зардал үлэмж хэмнээд зогсохгүй үр ашиг өндөртэй.
-Танай багийнхны “Старт ап” уралдаанд оролцсон бас нэг зорилго нь санхүүгийн дэмжлэг авах гэсэн. Төсөл хэрэгжүүлэхэд ямар хүндрэл, бэрхшээл тулгарч байна вэ?
-Биднийг олон хүн дэмжиж, баяр хүргэж байгаа ч одоогоор бодит дэмжлэг аваагүй л байна. Эхний ээлжид виртуал дохионы хэлмэрчийн үгсийн санг баяжуулахад хөрөнгө, хугацаа их шаардаж байгаа. Үүнээс гадна ажилчдын цалин, үйл ажиллагааны болон урсгал зардал ч ихтэй. Гэсэн ч би энэ бүхнийг өөрөө л зохицуулсаар ирсэн. Цаашдаа ч төслөө зогсоохгүйгээр жил гаруйн дараа төлөвлөснөөрөө хэрэглээнд нэвтрүүлнэ. Уг нь энэ бүх ажлыг төр хийх ёстой, тэдний үүрэг нь. Гэхдээ бид бусдын гарыг харалгүй, харин ч төр, засгийнхантайгаа хамтран ажиллахаар хичээж буй. Тухайлбал, төслийн хугацаанд зөвхөн мэдээлэл цуглуулахад сонсголын бэрхшээлтэй 470 гаруй хүнийг түр ажлын байраар хангахаар төлөвлөсөн. Технологио хөгжүүлэхэд бидэнд одоогоор асуудал алга. Манай багийнхан үүнээс ч илүүг хийж, хөгжүүлэх чадамжтай гэж хардаг. Цаашид бид платформоо улам хөгжүүлж, функцүүд нэмнэ. Жишээ нь, сонсголын бэрхшээлтэй иргэдэд виртуал дохионы хэлний тусламжтайгаар энгийн хүнтэй утсаар ярих боломжийг олгохоор “Hand pro” төслийнхөн ажиллаж байна. Өөр олон ч программ хангамжтай аппликэйшнээ холбохоор төлөвлөсөн. Монголд өдгөө технологийн салбарын хөрөнгө оруулалт шинэ бизнес. Тиймдээ ч хүмүүс ихэвчлэн өнөөдөр 10 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бол маргааш нь түүнийгээ 20 болгож авах л хүсэлтэй. Харин манай төслийн хувьд хэрэглээнд нэвтэрсний дараа л олон нийтэд танигдана. Амжилт олоход тодорхой хэмжээнд хугацаа шаардлагатай учраас хөрөнгө оруулах хүн ховор байх шиг. Гэхдээ нийгмийн хариуцлагын хүрээнд манай төслийг ойлгон дэмжиж, урт хугацаанд ашиг хүртэх сонирхолтой хэн бүхэн бидэнтэй хамтарч ажиллах нь нээлттэй. Тийм хүмүүс байгаа гэдэгт ч итгэлтэй байна. Ямартай ч олон улсын байгууллагуудаас дэмжлэг хүсэж, 2-3 газарт хүсэлт өгөөд байгаа.
Эх сурвалж: Өнөөдөр сонин 2022.06.10
О.Бат-Ундрах