Аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн хэлтэс, албаны дарга, хөдөлмөрийн харилцаа хариуцсан мэргэжилтнүүдийг мэргэшүүлэх сургалт болж байна
Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/, хөдөлмөрийн маргаан зохицуулалтын талаар аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн хэлтэс, албаны дарга, хөдөлмөрийн харилцаа хариуцсан мэргэжилтнүүдийг мэргэшүүлэх сургалтыг олон улсын хөдөлмөрийн байгууллагын техникийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна.
Сургалтыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэд сайд С.Зулпхар, Европын холбооны төлөөлөгчийн газрын дэд тэргүүн Марко Ферри нээсэн бөгөөд Олон улсын хөдөлмөрийн байгууллагын БНХАУ, Монгол Улсыг хариуцсан товчооны захирал Чанхи Ли видео мэндчилгээ илгээсэн юм.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөрийн харилцаа, цалин хөлсний хэлтсийн дарга Б.Алимаа “Хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиг үүрэг” сэдвээр илтгэл мэдээлэл өгч оролцогчдын асуултад хариулав. Мөн хуулийн шинэчлэлийн онцлох болон анхаарах бусад мэдээллийг ХНХЯ-ны холбогдох мэргэжилтнүүд өглөө. Үүнээс гадна олон Улсын болон дотоодын зөвлөх Хөдөлмөрийн маргаантай холбоотой хэргийн менежмент ба мэдээллийн системийн (CMIS) ач холбогдол, Хөдөлмөрийн сонирхлын маргаан зохицуулалтад орсон үндсэн өөрчлөлт зэрэг өргөн хүрээнд мэдээлэл өгч байна.