Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хөдөлмөр эрхлэх боломж олгож буйд талархав
НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас жил бүрийн арванхоёрдугаар сарын 3-ныг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр болгон тэмдэглэж байхаар 1981 онд зарласан. Энэ дагуу НҮБ-ын гишүүн орнууд жил бүр тодорхой уриан дор тэмдэглэдэг бөгөөд энэ жилийн хувьд “Тогтвортой уян хатан бүх нийтийн төлөө нийгэм рүү" уриа дэвшүүлсэн юм.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн олон улсын өдрийг угтаж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангасан ажил олгогчдын сайн туршлагыг түгээх нь" сэдэвт арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа.
Уг арга хэмжээнд яамны удирдлагуудаас гадна Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар нарын албаны хүмүүс, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг байнгын ажлын байраар ханган нийгмийн хариуцлагаа эрхэмлэж ажилласан "Номин холдинг" ХХК, "ДЦС-4" ТӨХК, "Жем интернэйшнл" ХХК, Макс групп, "Говь" ХК-д талархал гардуулж баяр хүргэлээ.
Мөн энэ үеэр хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, хөдөлмөр эрхлэлт болон хөгжлийн бэрхшээлтэй хүний талаар төрөөс баримталж буй бодлого, үйл ажиллагааны талаар ХНХЯ-ны Хүн амын хөгжлийн газрын дарга С.Тунгалагтамир танилцуулсан юм. Тэрбээр Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаанаар “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих” Үндэсний хөтөлбөр, үйл ажиллагааны төлөвлөгөөг батлуулсан нь Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг эрхийг хамгаалах олон улсын өдрийн өмнөх томоохон ажлын нэг гэдгийг онцлоод “Уг хөтөлбөр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн талаар мэдлэг, ойлголтыг нийгмийн бүх түвшинд түгээх, төрийн болон орон нутгийн бодлого шийдвэрт асуудлыг тусгах, тэдэнд хүргэх үйлчилгээний тогтолцоог боловсронгуй болгох, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах замаар амьдралынх нь чанарт бодит өөрчлөлт оруулах зорилготой бөгөөд энэ хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст нэн тэргүүнд тулгамдаж байгаа эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн оролцоонд бүрэн дүүрэн оролцох, нийтийн тээвэр, зам, орон сууц, олон нийтийн барилга байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх, статистик тоон мэдээллийг сайжруулахыг зорьж байгаа” хэмээсэн.
Үндэсний статистикийн хорооны 2016 оны судалгаагаар Монгол Улсад нийт 100 993 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагаас төрөлхийн 43 082, олдмол 43 537, 0-17 насны 10 740 хүүхэд байна. Хөдөлмөр эрхэлдэг 19 563 иргэн байгаагаас 2727 нь тэтгэврийн насны иргэд юм.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах, нийгмийн баталгааг хангахад чиглэсэн шат дараатай дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж ирсэн. Зөвхөн сүүлийн хоёр жилд л гэхэд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Засгийн газрын тогтоолоор Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөл байгуулж, ажиллах журмыг баталсан. Мөн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комиссын дүрмийг боловсруулан батлуулаад зогсохгүй бүх яамыг дэргэдээ Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хангах дэд зөвлөл байгуулах асуудлыг Засгийн газрын тогтоолоор баталгаажуулсан. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийг Ерөнхий сайд ахалдаг бөгөөд тус зөвлөл өнгөрсөн нэгдүгээр сарын 26-нд анхны хуралдаанаа хийж Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж байгаа юм.
Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн мэдээллийн хүртээмжийн үйлчилгээг сайжруулах хүрээнд яаралтай тусламжийн дуудлагыг дуут болон дүрст хэлбэрээр хүлээн авч, дамжуулах “Миний туслах 104” үйлчилгээг нэвтрүүлсэн нь үр дүнгээ өгч байна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт ХНХЯ-ны хариуцсан асуудлын нэг бөгөөд хөдөлмөр эрхэлдэг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоог нэмэгдүүлж, чанарыг сайжруулах хүрээнд хууль эрх зүйн орчныг сайжруулах, ажил олгогчдын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх ойлголт хандлагыг өөрчлөхөд чиглэсэн тодорхой ажлуудыг ойрын хугацаанд хийхээр төлөвлөж буй юм.
“Ажил эрхэлдэг” хэмээн бүртгэгдсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажил эрхлэлтийн статусаар нь судлахад, 41.7 хувь нь хувиараа хөдөлмөр эрхлэгч, 35.7 хувь нь цалин хөлстэй ажиллагч, 20.1 хувь өрхийн үйлдвэрлэл, үйлчилгээнд цалин хөлсгүй оролцогч, 1.6 хувь нь ажил олгогч, 0.3 хувь нь нөхөрлөл, хоршооны гишүүн байна. Xөгжлийн бэрхшээлтэй иргэний xөдөлмөр эрхлэлтийн квотын системийн хувь хэмжээ, хэрэгжилт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйлээр зохицуулагдаж байна. Энэхүү хуулийн дагуу хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулаагүйн төлбөрийн орлого нь 2016 онд 349.5 сая төгрөг байсан бол 2017 оны эхний найман сарын байдлаар 545.7 сая төгрөг байна.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай болон Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл, заалтуудыг үндэслэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн онцлог, хэрэгцээ, чадавхид нийцсэн ажлын байр бий болгоход зориулж хөгжлийн бэрхшээлтэй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад санхүүгийн дэмжлэг олгох, тэдэнд аж ахуй эрхлэлтийн болон мэргэжлийн сургалт зохион байгуулах чиглэлээр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлдэг.
Энэ хөтөлбөрт 2016 онд 2,3 тэрбум төгрөг зарцуулж 4626 хүн хамрагдаж 1980 хүн ажлын байраар хангагдсан байна. Харин 2017 онд 4,2 тэрбум төгрөг баталсан бөгөөд эхний 07 сарын байдлаар өссөн дүнгээр нийт 951 иргэнийг хамруулж 1.6 тэрбум төгрөг зарцуулж 827 ажлын байр бий болсон байна. тус хөтөлбөрт өмнө нь зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэн, байгууллага хамрагддаг байсан бол энэ жил хөтөлбөрийн хамрах хүрээг өргөжүүлж хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч буй эцэг эхчүүдийг хамруулахаар болсон юм.