Халамжийн тогтолцоог сайжруулъя

uploaded pictureХагас зуун жил амьдрахдаа хэр баргийн зовлон, бэрхшээлд “нугараагүй”, үргэлж урагш тэмүүлсээр ирсэн, одоо ч бусдын төлөө хийж бүтээх сэн гэх итгэл, сэтгэлдээ хөтлөгдөн яваа нэгэн эрхэм өмнө минь сууж байна. Түүнийг Довдонгийн Сонгохбаяр гэдэг. Хэнд ч тээг болохгүй юм сан гэж хичээж, зүтгэж амьдарсан тэрбээр 25, 26 нас хүртлээ тасралтгүй сурч боловсрон, ажилласан. Харин түүнээс хойш ажилгүй байх хэсэг хугацаандаа олон зүйлийг эргэцүүлж, хүмүүсийн дунд орж амьдрах, тэдний төлөө ямар нэгэн зүйл хийх ёстойгоо ухамсарлажээ.

Түүнийг Д.Сонгохбаяр гэж нэрлэсэн нь учиртай. Тэрбээр 1969 оны зургадугаар сарын 22-нд буюу АИХ-ын сонгууль болсон өдөр төрсөн учраас эцэг, эх нь ийнхүү нэрлэсэн гэнэ. Одоогоос 52 жилийн өмнө буюу 11 сартай байхдаа Д.Сонгохбаяр хөлд орж, бусад хүүхдийн адил эрүүл саруул, сэргэлэн цовоо өсөн торниж байжээ. Гэвч халдварт саа хэмээх аюулт тахал тусаж, хүнд өвдсөн аж. Полиовирусээр үүсгэгддэг уг өвчин нь тухайн үед Монголд 10 жилийн давтамжтай дэгддэг байсан юм билээ. Д.Сонгохбаяр уг өвчний хүндрэлээр нэг хөлөө алджээ. Халдварт саа нь ерөнхийдөө булчин сулрах эмгэг бөгөөд үүсгэгчээсээ хамаараад харилцан адилгүй хүндрэл үүсгэдэг талаар тэрбээр хэлсэн. Д.Сонгохбаярын тухайд уг өвчний улмаас тулгуур эрхтэн болох нэг хөл нь саажиж, зүүн хөл нь өвдөг хүртлээ тахиралдаж эдгэсэн гэнэ.

Монголчуудын хэлдгээр Д.Сонгохбаяр “ухаан орсноосоо” хойш суга таягтай амьдарсан ч угийн өөдрөг хүн болохоор түүнийгээ нэг их зовлон гэж боддоггүй. Бусад хүүхдийн адил энгийн цэцэрлэг, сургуульд сурч, хүмүүжсэн нь түүнийг ийнхүү бодоход хүргэжээ. Д.Сонгохбаяр багын л хөдөлгөөнтэй, дэггүй хүү байж. Арван жилийн ангийнхан нь түүнийг маш сайн ойлгож дэмждэг, хөтлөхдөө хөтлөөд, үүрэхдээ үүрээд л гүйдэг байсан нь Д.Сонгохбаярыг бусдаас дутуугийн зовлон амсуулаагүйг тэрбээр бахархан ярьсан.

Монгол III сургуулийг төгсөөд Д.Сонгохбаяр Анагаах ухааны дунд сургуульд эм найруулагчийн ангид элссэн нь 1989 он байв. Оюутан болсныхоо дараа ч тэрбээр хөгжлийн бэрхшээлтэй гэж огтхон ч мэдэрч байгаагүй гэнэ лээ. Үеийн нөхөд нь мөн л түүнд дэм болж, хамтдаа суралцан, төгсөцгөөжээ. Ингээд Д.Сонгохбаяр жил гаруйн дараа хуучнаар II төрөх эмнэлэг буюу одоогийн “Хүрээ” амаржих газарт эх баригчаар ажилд орсон аж. Тухайн үед тус амаржих газар нь хоёр л эм найруулагчийн орон тоотой байж. Тэдний нэг нь ээлжийн амралттай, эсвэл эзгүй үед орлох хүнгүй байсан тул Д.Сонгохбаярыг эх баригчаар ажилд авсан байна. Хэдийгээр эх баригч мэргэжилгүй ч тэрбээр эм найруулагч хийхийнхээ хажуугаар төрөхийн хүлээн авах, төрөх өрөөнд хүртэл ажилладаг байснаа олзуурхан ярьсан.

Мэдээж энэ хүртэл тэрбээр суга таягтайгаа л амьдарч, ажиллаж ирэв. 2009 онд “муу” хөлөө тайруулж, өвдөж, шаналсан үе ч зөндөө. Хөгжлийн бэрхшээлтэй гэдгээрээ заримдаа бусдад нүд үзүүрлэгдэх, байнгын суугаа ажил хийх, эсвэл өөрийн мэдэлгүй хэн нэгэнд тээр болчихдог байснаа ч нуугаагүй. Тиймээс төрөх эмнэлэгт хоёр жил гаруй ажиллаад гэртээ хэсэг “суужээ”. Дээр хэлсэнчлэн Д.Сонгохбаяр 25, 26 нас хүртлээ өөрийгөө бусдаас ялгаатай, хөгжил дутуу гэдгээ хүлээн зөвшөөрдөггүй байсан нь өөр нэг шалтгаантай гэнэ. Түүний хүрээлэлд, ойр дотнын хүмүүсийнх нь дунд хөгжлийн бэрхшээлтэй хүн байгаагүй бөгөөд эцэг, эх нь ч түүнийг бусдаас ялгаатай байдлаар өсгөөгүй аж. Харин Д.Сонгохбаярт энгийн хүмүүсийн төдийлөн эмзэглэж хүлээн авдаггүй “Сохрын газар сохор, доголонгийн газар доголон”, “Таарсан таар, шуудайнууд” гэх үгс хүнд тусдаг байж. Тиймээс өөрийгөө хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн дунд орж амьдрах нь олонхын амны бай болох мэт сэтгэгдэл төрүүлдэг байсан нь тийм ч ухаалаг сонголт биш гэдгийг тун удалгүй ухаарчээ.

Төрөх эмнэлгийн ажлаасаа гараад хэсэг хугацаанд тэрбээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр, хүртээмжийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, холбоодын талаар судалж, заримынх нь үйл ажиллагаатай танилцжээ. Тэдгээр төрийн бус байгууллагуудын нэр, үйл ажиллагаа нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс рүү чиглэсэн авч ажилтнууд нь бүгд эрүүл саруул, энгийн хүмүүс байсныг гайхан хүлээн авчээ. Үүнээс үүдэн Д.Сонгохбаяр “Ер нь яагаад хөгжлийн бэрхшээлтэй иргэд иймэрхүү үйл ажиллагаанд өөрсдөө оролцож, ажиллаж болохгүй гэж” хэмээн шийдсэн байна. Ингээд төрийн бус байгууллагад цалингүй ажиллаж эхэлсэн гэнэ. Уг хугацаандаа иргэний нийгмийн байгууллагад ажиллахад шаардлагатай мэдлэг, ойлголттой болохын тулд 2003 онд ШУТИС-ийн нийгмийн ажилтны ангид элсэн, 2007 онд бакалаврын зэрэг эзэмшжээ. Цаашид ч энэ чиглэлээр илүү нарийн мэргэших ёстойгоо ойлгож, үргэлжлүүлэн суралцаж, 2010 онд магистрын зэрэг хамгаалсан байна. Харин өдгөө тэрбээр нийгмийн ажлынхаа чиглэлээр докторын зэрэг хамгаалахаар 2016 оноос хойш суралцаж буй гэнэ. Үүний зэрэгцээ төрийн байгууллагад цөөнгүй жил ажиллан, удирдах алба хүртэл хашжээ.

Д.Сонгохбаяр ийнхүү шат дараатай ахиж, дэвшиж яваа нь өөрийнх нь уйгагүй хичээл зүтгэл, хүсэл эрмэлзлийнх нь үр дүн, нөгөө талаар гэр бүл, эргэн тойрных нь хүмүүсийн дэм тус аж. Үүнийг тайлбарлахдаа тэрбээр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хүүхэд байхаас нь л “Чи бол өвчтэй, бусдаас ялгаатай. Энгийн хүн шиг ажиллаж, хөдөлмөрлөх боломжгүй” хэмээн итгүүлбэл тэд өөрсдийгөө ямагт голж “Би юу ч хийж чадахгүй юм байна” гэсэн ойлголттой, идэвхгүй болчихдог юм шиг санагддаг. Бүр хэвтрийн, хүнд өвчтэй биш л бол ар гэрийнхэн нь аль болох тэднийг дэмжин, урамшуулж, чадах зүйлийг нь хийлгэж, бие даан амьдрахад нь туслах хэрэгтэй. 1990-ээд оны нийгмийн шилжилтийн он жилүүдэд нийгэм, цаг үе өөр байлаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг байгаагаар нь хүлээж авах нь бага. Тиймдээ ч эцэг, эхчүүд ийм хүүхдээ олны нүднээс халхалж, бараг гэрт нь хүн ирвэл нуух тохиолдол ч байсан гэдэг. Харин одоо бол нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг эергээр хүлээн авч, ойлгодог болсон нь иргэний нийгмийн байгууллагуудын олон жилийн хөдөлмөр, хийж, хэрэгжүүлсэн ажлуудын үр дүн шүү” гэв.

ШУТИС төгссөнийхөө дараа буюу 2008 онд Д.Сонгохбаяр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргад хандан, төрийн байгууллагад нийгмийн ажил хийх хүсэлтэйгээ уламжилснаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлөн, тэдний асуудлыг багахан ч болов шийдэх боломж олджээ. Ингээд тэрбээр Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст мэргэжилтнээр ажилд орж, төрийн албан хаагч болсон аж. 2012 оноос дүүргүүдийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн бүтэц хуваагдан, Хөдөлмөрийн болон Халамжийн үйлчилгээний хэлтэс гэж тусдаа үйл ажиллагаа явуулах болж. Тэр үед нь Д.Сонгохбаяр Халамжийн үйлчилгээний хэлтсийнх нь даргаар дөрвөн жил ажиллажээ. Гэвч 2016 оноос дээрх хоёр хэлтсийг эргэн нэгтгэснээр түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Уг нь Төрийн албаны тухай хуульд төрийн байгууллагын бүтэц өөрчлөгдсөн ч үйл ажиллагааны чиглэл нь хэвээр бол удирдлага нь ажлаа үргэлжлүүлэн хийх заалттай. Гэвч тэрбээр аль нэг улс төрийн намын гишүүн биш тул цаашид ажиллах боломжгүй болсноо нуугаагүй.

Д.Сонгохбаяр төрийн албанаас чөлөөлөгдсөндөө огтхон ч гутраагүй гэсэн. Харин ч үүнийг боломж гэж харан, докторант болж суралцахын зэрэгцээ хоббигоо хөгжүүлсэн байна. Тэрбээр өсвөр наснаасаа эхлэн буудлагын спортоор хичээллэж, одоог хүртэл түүнийгээ орхиогүй. 2005 онд Канадын Эдминтон хотод болсон пара буудлагын дэлхийн мастеруудын аварга шалгаруулах тэмцээнд оролцож, алтан медаль хүртсэн нь Д.Сонгохбаярын хамгийн том амжилт нь байлаа. Эл амжилт нь түүний хувьд ч биш, 2008 оноос өмнө хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын дэлхийн тавцангаас авсан анхны медаль нь байсан юм. Ингээд тэрбээр 2017 оноос пара буудлагын төрлөөр Биеийн тамир, спортын үндэсний хорооны шигшээ багт тамирчнаар орж, дасгалжуулагч болтлоо дэвжжээ. Улмаар Д.Сонгохбаяр “Токио-2020” зуны паралимпэд тамирчнаа дасгалжуулан амжилттай оролцсон юм билээ. Харин өдгөө тэрбээр дасгалжуулагч хийхээ түр завсарлан, эрдмийн ажилдаа шамдаж буй гэнэ.

Хөгжлийн бэрхшээлтэй амьдарсан түүний хувьд өнгөрсөн хугацаанд орчны саад тотгортой бишгүй тулгарсаар ирж. Мөн нийгмийн халамжийн үйлчилгээг Монголд ямар системээр иргэдэд хүргэдгийг Д.Сонгохбаяр төрийн байгууллагад ажиллахдаа л сайн, мууг нь хамгийн их мэддэг болжээ. Тиймээс халамжийн тогтолцоог одоогийнхоос боловсронгуй болгож, хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулахын төлөө суралцаж байгаагаа ч тэрбээр хэлсэн. Хэрхэн, яаж гэдгийг ийн тодорхойлов. “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд “Хөгжлийн бэрхшээлтэй гэдэг нь тухайн хүний бие махбод, эрхтэн согогийн улмаас оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүйн байнгын согог нь орчны саадтай нийлсний улмаас бусдын адил нийгмийн амьдралд бүрэн дүүрэн, үр дүнтэй оролцох чадвар нь хязгаарлагдах” гэж заасан байдаг. Эл тодорхойлолтоор бол хөгжлийн бэрхшээл нь орчны саадтай нийлэхээрээ л тухайн хүнийг нийгмийн харилцаанд оролцох чадваргүй болгочихож байгаа юм. Өөрөөр хэлбэл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бусдаас ялгаатай гэдгийг хамгийн ихээр мэдрүүлдэг зүйлс бол орчны саад бэрхшээл, нийгмийн халамжийн тогтолцооны хүртээмжгүй байдал. Нэг үеэ бодвол халамжийн үйлчилгээ иргэдэд илүү ойртсон ч тогтолцоо талаас нь засаж, сайжруулах зүйл цөөнгүй” гэлээ.

Д.Сонгохбаяр хөгжлийн бэрхшээлтэй хүний талаарх хуулийн дээрх тодорхойлолтыг өөрчилж, хөдөлмөр эрхлэлтийг нь бодитоор дэмжих боломжтой гэж үзэж буй. Тодруулбал, тэрбээр “Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй 108 мянга орчим иргэн байдаг гэсэн судалгаа бий. Тэдний 80 хувийг сонсголгүй, хараагүй, одой, олон эрхтний бэрхшээлтэй гэхчлэн халамж шаардлагатай иргэн эзэлдэг. Харин 20 орчим хувь нь бусад гэсэн ангилалтай, хөдөлмөрийн чадвараа түр алдсан иргэд. Манайхан ийм хүмүүсийг “групптэй” гэж ярьдаг даа. Энэ нь хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж юм. Миний бодлоор бусад шалтгаанаар хөдөлмөрийн чадвар түр хугацаагаар алдсан хүмүүсийг хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэх ангиллаас ялгаж салгаж авч үзэх хэрэгтэй. Тодруулбал, төрөлхийн бус, хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээг Нийгмийн даатгалын сангаас үзүүлдэг баймаар. Харин хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зөвхөн Халамжийн сан нь үйлчлэх зэргээр системчлэхгүй бол горьгүй нь. Халамжийн үйлчилгээ нь хараахан хүртээмжтэй бус байгаа нь хөгжлийн бэрхшээлтэй гэх зорилтот бүлгийг хэт хавтгайруулж буйтай холбоотой. 2000 оноос өмнө хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг I, II, III зэргийн группт хуваан, тусламж, үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг нь дэмждэг байлаа. Гэтэл одоо хөдөлмөрийн чадвараа бараг 100 хувь алдсан хүний хөдөлмөрлөх эрхийг дэмжинэ гэсэн утгагүй юм ярих болж. Тэгсэн мөртлөө хөнгөлөлт, урамшуулалд хамруулах болохоор хөдөлмөрийн чадвар алдсан хувийг нь харгалзах зэргээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг одоо ч дотор нь ангилж, ялгасаар байгаа. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй хүн гэдгийг эхлээд зөв тодорхойлж сурах хэрэгтэй. Энгийнээр бие эрхтэн нь нөхөн сэргээгдэхгүй нь анагаах ухаанаар батлагдсан хүнийг л хөгжлийн бэрхшээлтэй гэнэ. Үүнийг анагаах ухаан байтугай иргэн өөрөө ч мэднэ. Харин хөдөлмөрийн чадвар алдалтыг сэргээж, бүр эдгээж болдог. Манайд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, үйлчилгээг сайжруулах хууль, эрх зүйн орчин бусад улс орныг бодвол харьцангуй сайн бүрдсэн. Гэвч холбогдох хууль, дүрэм, стандартуудыг мөрдөж, хэрэгжүүлэх, хяналт тавих тогтолцоо нь төдийлөн бүрдээгүйгээс хүмүүст ялгаатай харагдсаар л байна” гэлээ. 

Эх сурвалж: Өнөөдөр сонин 2022.04.06

О.Бат-Ундрах

Дээш