“Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулах нь байгууллагын соёлд эергээр нөлөөлдөг”

uploaded picture                 Ц.Нямсүрэн

uploaded picture                  Ц.Цолмон

uploaded picture

Д.Бат-Эрдэнэ

uploaded picture

Г.Осоржаламж


Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажил, хөдөлмөр эрхлэхэд бизнес эрхлэгчид хэрхэн дэмжлэг үзүүлэх боломжтой вэ. Тухайлбал, томоохон ажил олгогчид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилтай болгохоос гадна тэдний үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг худалдан авах, бичил бизнес, старт апыг нь дэмжихэд анхаардаг уу гэдгийг бид “Редакцын уулзалт”-аараа тодруулахыг зорилоо. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг цаашид ажиллаж, хөдөлмөрлөх нөхцөлөөр хэрхэн хангах тухайд тал талын төлөөлөл хэлэлцсэн юм. Энэ удаагийн хэлэлцүүлэгт Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын хөгжил, хөдөлмөрийн асуудал хариуцсан дэд дарга Ц.Нямсүрэн, “Оюутолгой” компанийн авьяас, ур чадварын мэргэжилтэн Ц.Цолмон, жижиг, дунд бизнес эрхлэгч, “Морьт хас” компанийн захирал Д.Бат-Эрдэнэ, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бизнес инкубатор төв” ТББ-ын менежер Г.Осоржалам нарыг урьж, оролцуулав. Д.Бат-Эрдэнэ нь тулгуур эрхтний хөгжлийн бэрхшээлтэй бөгөөд арьсан урлал, үйлдвэрлэлээр 10 гаруй жил дагнан үйл ажиллагаа явуулж, компани нь салбартаа хэдийн өөрийн гэсэн орон зайг бий болгожээ.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажил хийж, бизнес эрхлэхэд ямар дэмжлэг үзүүлдэг вэ?

Ц.Н: -Үндэсний статистикийн хорооноос гаргасан дүнгээр 2021 оны байдлаар хөгжлийн бэрхшээлтэй 106 мянган иргэн манай улсад бий. Энэ тоо 2020 онд 108 мянга байсан юм. Эдгээрийн 17 хувь нь л хөдөлмөр эрхэлдэг гэсэн статистикийн байгууллагын албан ёсны дүн байна. Хувиараа үйл ажиллагаа явуулдаг хүмүүсийг оруулбал 30 хувь нь хөдөлмөр эрхэлж байна гэж ч ярьдаг. Гэхдээ би Үндэсний статистикийн хорооны тоог үндэслэж ярья. Учир нь албан бус хөдөлмөр эрхлэлтийн талаарх тоог хаанаас, яаж гаргасан нь тодорхойгүй. 17 хувь бол хангалтгүй тоо. Үүнийг цаашид нэмэгдүүлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг сайжруулах нь тулгамдсан асуудал юм. Мэдээж Засгийн газар энэ чиглэлээр тодорхой ажлууд хийж ирсэн. Сүүлийн үед эрчимтэй анхаарал хандуулж байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүн ерөнхийдөө хоёр замаар ажил, хөдөлмөр эрхэлдэг гэж хэлж болно. Өөрийн ур чадварыг ашиглан хувиараа бизнес эрхлэх, эсвэл мэргэжил, боловсролоо ажил олгогчид үнэлүүлэн, ажилтан, ажилчин болдог. Засгийн газар аль алиныг нь дэмжиж ажиллаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийг 2011 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ТББ-уудын санаачилгаар Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл анх баталсан. Үүнийг жил бүр шинэчилдэг. Энэ оны хөтөлбөрт хувиараа бизнес эрхлэх гэж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн санхүүгийн дэмжлэгүүдийг тусгасан. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажиллуулж байгаа ажил олгогчдыг урамшуулах дэмжлэгийн арга хэмжээ бий.

Ц.Ц: -“Оюутолгой” компанийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 21 хүн ажиллаж байна. “Оюутолгой” төслийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 90 гаруй хүн ажилладаг. Нийт 3000 гаруй ажилтантай учраас хөгжлийн бэрхшээлтэй 130 орчим хүнийг хуулийн дагуу ажиллуулах ёстой. Одоогоор энэ тоо, хувь хэмжээнд хараахан хүргээгүй. Гэхдээ зорилгоо хэрэгжүүлж, хөгжлийн бэрхшээлтэй олон хүнийг дэмжих төлөвлөгөө гарган, ажиллаж байгаа. Үүний үр дүнд хоёр жилийн өмнө долоо байсан бол 21 болж нэмэгдсэн. Улаанбаатарт тав, бусад нь уурхайд ажилладаг. Нөгөө талаас зөвхөн хууль биелүүлж, хөгжлийн бэрхшээлтэй ажилчдынхаа тоог тодорхой түвшинд хүргэх гээд байгаа юм биш л дээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллуулах нь компанийн соёл, хүмүүсийн оролцоо, олон талт, ялгаатай байдлыг дэмжихэд эергээр нөлөөлдөг учраас үүнийг бид хийх ёстой. Харин тухайн хүнийг сонгон шалгаруулж авахад зарим хүндрэл гарч байна. Тодруулбал, “Оюутолгой” уул уурхайн компани учраас уурхайн талбарт ажиллах хүн олох нь одоохондоо хүндрэлтэй. Өөрөөр хэлбэл, тэднийг тохирох ажлын байранд нь ажиллуулахад хүндрэл гарч байгаа юм. Тиймээс манайх холбогдох төрийн бус байгууллага, зөвлөгөө өгдөг компаниудтай хамтран ажиллаж, мэдээллийн сан бүрдүүлэх, зарласан ажлын байранд тохирох хүмүүсийг зуучлуулах ажлыг эхлүүлсэн.

-Хөгжлийн бэрхшээлтэй олон хүнийг дэмжих төлөвлөгөө гаргасан гэлээ. Тодруулж болох уу?

Ц.Ц: -Тухайлбал, “Оюутолгой” компани Улаанбаатарт хоёр оффистой. Эдгээрт орц, гарц гээд бүгд стандартын дагуу байдаг. “Шангри-Ла” дахь байранд нэг асуудал гарсан л даа. Тэргэнцэртэй хүн ороход үнэмлэхээ уншуулах хэсэг нь нарийхан болсон учраас шаардлагатай зүйлсийг гадаадаас захиж, авчруулан, солихоор ажиллаж байна. Уурхайн талбарт ч хөгжлийн бэрхшээлтэй илүү олон хүн ажиллах боломж бүрдүүлэх үүднээс орчны хүртээмжийг сайжруулахаар төлөвлөгөөндөө тусгасан. Олон улсын жишгийг судлаад, орчны хүртээмжийг сайжруулахаар ажиллаж буй. Үүнийг анхнаасаа л хийж ирсэн ч цаашид илүү идэвх, санаачилга гарган ажиллахаар төлөвлөж байгаа юм.

-Өөрөө өөртөө ажлын байр бий болгоод явж байгаа хүний хувьд хөдөлмөр эрхлэхэд ямар дэмжлэг хэрэгтэй талаар Д.Бат-Эрдэнэ та саналаа хуваалцахгүй юу?

Д.Б: -Би 1995 онд хөлөө тайруулж, хөгжлийн бэрхшээлтэй болсон. Уул уурхайн салбарт нефтийн өрөмдлөг хийдэг байсан л даа. Ингээд уурхайд ажиллах боломжгүй учраас өөртөө тохирсон ажлын байр бий болгох гэж нэлээд зүтгэсэн. Үс засахаас авхуулаад янз бүрийн л ажил хийсэн дээ. Ер нь гэнэт хөгжлийн бэрхшээлтэй болчихоор хүмүүс огт өөрөөр харилцаж эхэлдэг. Өрөвдөөд байдаг нь надад маш хүнд тусдаг. Гэхдээ одоо нийгэм өөрчлөгдөж байна. Өрөвдөхөөс илүү туслах хандлага ажиглагдаж байгаа. Чадах зүйл дээр тусламж авах ямар ч шаардлагагүй шүү дээ. Жишээ нь, Америкт хөгжлийн бэрхшээлтэй хүнд ийм хандлагаар хандахад маш сонин хүлээж авдаг. Ингээд сургуульд байхдаа оёдол сонирхдог байсан учраас тэр чиглэлээр сургалтад сууж, сурч, мэдсэнээ өнөөдрийг хүртэл ашиглаж, ажиллаж байна. 2016 он хүртэл хувиараа хөдөлмөр эрхлэгч гэх сэтэртэй явсан. Хөгжлийн бэрхшээлтэй, эсэхээс үл хамааран хувиараа хөдөлмөр эрхлэхэд татвар авдаггүй нь давуу тал болдог гэх үү дээ. Харин аж ахуйн нэгжийн статустай болохоор асуудал үүсдэг. Жишээ нь, төлбөр, тооцооны дарамт нэлээд их. Тухайн үед Нэмэгдсэн өртгийн албан татварын болон “Ил тодын” гэх хууль батлагдсанаар байгууллагууд хувь хүнээс бараа, бүтээгдэхүүнийг нь худалдан авахаа больж эхэлсэн. Жилд 1-2 удаа томоохон захиалга авах гэхээр захиалагч нар заавал хуулийн этгээдтэй хамтран ажиллана гэх шаардлага тавих болсон л доо. Юутай ч энэ салбарт тууштай олон жил ажиллалаа. Хөгжлийн бэрхшээлтэй гээд өрөвдүүлээд явахыг хүсээгүй. Өсөн дэвжээд, аж ахуйн нэгжтэй болж, улсад татвараа төлөөд л явж байна.

Мөн захиалагч зарим байгууллага хүний санаанд багтахгүй үнэ хэлчихээд, тэрэндээ таарахгүй стандарт нэхдэг. Стандарт нь бүр дээр үеийнх. Гэтэл одоо материалаасаа авхуулаад юм хэрхэн өөрчлөгдсөн билээ дээ. Тендерт оролцохдоо шаардсаных нь дагуу Стандартчилал, хэмжил зүйн газрын лабораторийн бүх шинжилгээг өгдөг. Заримыг нь яагаад ч Монголд шинжлэх нөхцөл байхгүй. ISO стандарт хийлгэе гэхээр манайх шиг старт ап компанид ямар ч боломж байхгүй. Үүнд багадаа л 18-19 мянган ам.доллар шаардлагатай. Дээд тал 80 мянган ам.доллар байдаг. Ер нь бидний хувьд төр, засгаас нэхэж, шаардаад явах цаг зав байдаггүй. Тухайн үед мэдээлэл ч хомс байлаа. Одоо ч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагууд шаардлагатай мэдээллээ сайн хүргэх хэрэгтэй. Нэг үеэ бодвол нийгмийн сүлжээгээр нэлээд мэдээлэл авдаг болсон байна.

-Манай томоохон аж ахуйн нэгжүүд хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ хэрхэн дэмжиж байна вэ. Тухайлбал, хэр олон аж ахуйн нэгж хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ажил олгосон талаар нэгдсэн судалгаа, дүн мэдээлэл байна уу?

Ц.Н: -Өмчийн хэлбэр үл харгалзан 25-аас дээш ажилтантай байгууллага нийт ажилтныхаа дөрвөөс доошгүй хувьд хөгжлийн бэрхшээлтэй болон одой хүнийг ажиллуулах заалт Хөдөлмөрийн тухай хуульд бий. Энэ үүргээ зарим компани биелүүлдэггүй. Ийм тохиолдолд хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулаагүйн төлбөрийг улсад төлдөг. Хөдөлмөрийн тухай хуулийн уг заалтын хэрэгжилтийг улсын хэмжээнд үнэлэхээр судалгааны байгууллагуудыг сонгон шалгаруулаад ажиллуулж байгаа. Энэ оны нэгдүгээр улиралд үүнийг дуусгах бөгөөд үнэлгээний дүн гарсны дараа нэлээд тодорхой тоо, баримт хэлэх боломж бүрдэнэ. Ер нь манай эдийн засгийг хувийн хэвшлийнхэн үүрч явдаг нь хөдөлмөр эрхэлж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дийлэнхийг тэд ажиллуулж буйгаас ч харагдана. Тиймээс тэднийг зөвхөн хууль биелүүл гэж шахаж, шаардахаас илүүтэй зөвлөн туслах замаар хамтран ажиллах ёстой гэсэн бодлого баримталж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажлын байран дээр нь дадлагажуулах, тохируулга хийдэг олон улсын тогтолцоо ч бий. Үүнийг Японы ЖАЙКА байгууллагын тусламжтайгаар нэвтрүүлж, бий болгохоор төсөл хэрэгжүүлэх гэж байна. Олон улсад Япон энэ туршлагыг маш сайн хэрэгжүүлэн, жишиг болсон байдаг. Уг төслийг 2025 он хүртэл хэрэгжүүлнэ. Энэ онд сургалтын үйл ажиллагаа буюу дадлагажуулагчаа бэлтгэх ёстой. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн тогтолцоо манайд ямар байдаг вэ гэхээр тухайн хүн аймаг, нийслэл, дүүргийнхээ хөдөлмөр, халамжийн асуудал хариуцсан газарт “Би ажилтай болмоор байна” гээд хандаж, бүртгүүлснээр эхэлдэг. Хөдөлмөрийн зуучлал хариуцсан мэргэжилтэн нь тухайн хүнийг сонирхсон ажлын байранд нь зуучилдаг. Үндсэндээ ингээд л орхичихдог. Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй хүн ажлын талбар дээр гарсны дараа жинхэнэ асуудал үүсдэг. Тухайлбал, зарим нь хөгжлийн бэрхшээлтэйн улмаас удаан хугацаанд хамт олонгүй явж ирсэн байдаг. Энэ нь хамт олонтой дасан зохицоход асуудал үүсгэхээс гадна ажлын байрны тохируулга хийх шаардлага тулгардаг. Аж ахуйн нэгжүүдэд энэ талаарх ойлголт муу байгаа учраас аргаа олдоггүй. Үүнд нь зөвлөн тусалж, тухайн хамт олонд хөгжлийн бэрхшээлтэй хүний талаар зөв ойлголт өгөх сургалт явуулах хэрэгтэй байдаг. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй хүнийг таатай хүлээн авах хамт олны уур амьсгал бүрдэнэ. Мэргэжил, ур чадварын хувьд шаардлага хангаад, ажлын байртай болдог ч удалгүй гарчихаад байгаа нь зарим талаар үүнтэй холбоотой.

-“Оюутолгой” компани ажлын байрны дадлагажуулагчтай юу. Үүнтэй төстэй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдэг үү?

Ц.Ц: -Манайд одоогоор дадлагажуулагч байхгүй. Гэхдээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилд авсны дараа ажлын байрны тохируулга хийх, сургалт явуулах зорилгоор хэд хэдэн хэлтсээс хамтарсан ажлын хэсэг байгуулсан. Ерөнхийдөө энэ чиглэлд ажиллаж байгаа гэж ойлгож болно. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж, зөвлөгөө, мэдээлэл авахаар төлөвлөсөн.

-Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хэдэн иргэн хөдөлмөр эрхэлж байгаа талаарх нэгдсэн тоо байдаггүй юм байна. Тэгвэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ажил олгохоос гадна тэдний хийсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авах, старт ап, жижиг бизнесийг нь дэмждэг байгууллага, аж ахуйн нэгжийн тоо, мэдээлэл хэр хангалттай байдаг бол?

Ц.Н: -Сая дурдсан судалгааны дүн гарахаар тодорхой болно. Төрийн албанд ажиллаж байгаа хүний тоо бол бий. Одоогоор 1456 хүн ажиллаж байна. Хөдөлмөр эрхэлж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дотор нь ялгахад бас төвөгтэй. Тиймээс мэдээллийн систем үүсгэж байж л нарийвчлан харах боломж бүрдэнэ. Ер нь 106 мянга гэж тоо л яриад байгаа болохоос бус, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бүртгэл манай агентлагт байхгүй шүү дээ. Тиймээс манайх энэ жилээс мэдээллийн сангийн систем хөгжүүлэх гэж байгаа. Тэндээс 106 мянган хүнээ нэртэй нь л харж чаддаг байх ёстой. Мэдээж хувь хүний нууцтай холбоотой мэдээллийг хуулийн дагуу бүртгэж, ашиглана. Ингэвэл аж ахуйн нэгжүүддээ ч хяналт тавихад хялбар болно. Өөрөөр хэлбэл, “Оюутолгой”-д Дорж, Дондог, Дулмаа гэсэн 21 хүн ажилладаг гээд тодорхой бүртгэлтэй, хяналттай болно гэсэн үг.

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 144 дүгээр зүйлд өнгөрсөн жил хяналт, шинжилгээ хийлгэсэн. Энэ жилээс зөвлөн туслах үйлчилгээ хийж байгаа юм. Одоо дахин дахин хяналт, шинжилгээ хийхгүй. Үүнийг манай төрийн бус байгууллагууд хийх ёстой. Жишээ нь, “Оюутолгой”-д хараагүй хүн хөдөлмөр эрхлэх боломжтой шүү гэдэг талаас нь холбоод сургалт хийх санал тавиад, ажил хэрэг болгоход тухайн компанийнхны хандлага өөрчлөгдөнө. Мэдээллийн утас, лавлах операторын үйлчилгээг хараагүй хүн үзүүлдэг олон сайн жишиг бий. Бас хараагүй иргэд бариа засал хийдэг. Энэ жилээс боловсролын системд хараагүй хүмүүсийг ажиллуулах шинэ санаачилга гаргасан. Саяхан нэг хараагүй эмэгтэй сургалтад суугаад, англи хэлний багш болсон байна лээ. Одоо цахимаар бүх зүйлийг зааж болж байна шүү дээ. Тусгай программын тусламжтайгаар гэртээ багшаар заалгаж байгаа юм шиг л үйлчилгээ авах боломж бүрдсэн. Мэдээллийн технологи ийм олон боломж нээж байна.

Д.Б: -Нэг үеэ бодвол сургалтын хөтөлбөр нийгмийн сүлжээ болон мэдээллийн технологитой холбоотойгоор их өөрчлөгдсөн. Энэ хэрээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс том том компанид ажиллах боломж бүрдсэн. Яагаад гэвэл тэд гэрээрээ бүх сургалтад хамрагдаж чадаж байна. Миний үеийн, над шиг олдмол бэрхшээлтэй хүмүүс албан байгууллагатай байсан бол түүндээ нярав, нягтлан хийгээд явдаг нь олон. Огт мэргэжилгүй хүн ч зөндөө. Тэдний хувьд гар урлалын чиглэлээр түлхүү ажиллаад байх шиг санагддаг.

Г.О: -Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилд зуучилж, дадлагажуулахад хоёр зүйл анзаарагддаг. Үүнийг идэвхтэй, идэвхгүй хөдөлмөр эрхлэлт гэж тодорхойлж болно. 25-аас дээш ажилтантай байгууллагад хамаарах хуулийн заалтыг байгууллагууд хэрэгжүүлэхдээ торгуулахгүйн тулд хөгжлийн бэрхшээлтэй хэн нэгнийг ажиллуулсан болж, нийгмийн даатгалын шимтгэлийг төлж байгааг идэвхгүй гэж хэлэх гээд байгаа юм. Зарим томоохон аж ахуйн нэгж хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажилд авчихаад, өөр хэн нэгэнд тухайн хүний ажлыг нөхөж хийхийг даалгаж, хариуцуулдаг. Өөрөөр хэлбэл, хөгжлийн бэрхшээлтэй ажилтнаасаа үр дүн, хариуцлага шаарддаггүй. Нөгөө хүн нь ч хариуцлага гэдэг зүйлийг мэдэхээ байдаг. Ажлаа тасалсан ч хамаагүй байдаг гээд бод. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй хүнээ л хохироож буй хэрэг. Ялгаварлан гадуурхалт ч эндээс бий болдог. Тэр хүн тухайн байгууллагаас гарлаа гэхэд дахин өөр ажил, хөдөлмөр эрхлэх сонирхолгүй болдог. Уг нь бид сонирхлыг нь өдөөгөөд ажилд оруулдаг. Гэвч бүх хүсэл, эрмэлзэл нь унтарсан хүнтэй дахиад л эхнээс нь ажиллах шаардлага тулгардаг.

Харин жижиг, дунд буюу бичил бизнесийн байгууллагад ажилд орсон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс өөр байдаг. Эзэд нь ажилчнаасаа үр дүн шаарддаг. Ажил нь угаасаа оволзоод л байдаг юм билээ. Хэн ч хүний өмнөөс ажлыг нь хийхгүй. Тийм боломж ч байхгүй, өмнөх ажил нь барагддаггүй. Ингээд өөрөө хийхээс аргагүй учраас хариуцлагын тогтолцоо амилдаг. Би ажиллахгүй, хичээхгүй бол бусдаасаа хоцрох юм байна гэсэн ойлголт авдаг. Улмаар компани нь ямар нэг хэлбэрээр урамшуулдаг, дэмждэг. Жишээ нь, чамайг ирснээс хойш энэ ажил маш сайн боллоо гэх мэтээр урамшуулдаг. Ингэвэл тэр хүн ажил, хөдөлмөр идэвхтэй эрхлэх сонирхолтой болно. Хөгжлийн бэрхшээлтэй ажилтандаа “Би энд хэрэгтэй, шаардлагатай” гэдгийг мэдрүүлэх нь л чухал. Ингэвэл тогтвортой ажлын байр бий болно. Бэрхшээлийнх нь хэлбэрт тохируулж л чадвал тэд ямар ч ажлыг хийж чадна. Ажил, амьдралын алинд ч гол зарчим нь итгэлцэл бий болгох шүү дээ.

Нөгөө талаас агентлаг нэгдсэн сан үүсгэхдээ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хөдөлмөр эрхлэх боломжтой, боломжгүй гэж хоёр хуваамаар байгаа юм. Боломжтой нь хөдөлмөрийн зах зээлд гараад, бэрхшээлийнхээ хэлбэрт тохирсон ажил хийгээд явна гэсэн үг. Боломжгүй гэдэг нь оюуны бэрхшээлтэй, өөрийгөө удирдах, хянах чадваргүй хүнийг хэлээд байгаа юм. Тийм хүмүүс асаргаа, сувилгааныхаа тэтгэмж, халамжийг авах ёстой.

-“Оюутолгой” компанид хамгийн удаан хугацаанд ажилласан, хөгжлийн бэрхшээлтэй хүн хэдэн жил болж байна вэ. Мөн ханган нийлүүлэгч байгууллагуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхэлдэг бизнес, аж ахуйн нэгж хэр олон байдаг вэ?

Ц.Ц: -Манайд хоёр жилийн өмнө долоон хүн байсан гэж хэлсэн шүү дээ. Тэд 5-10 жил ажилласан. Хамгийн их нь бараг 13 жил ажилласан байна. Тэргэнцэртэй, дохионы хэлээр ярьдаг хүн л дээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажилд авахаас гадна бид бусад байгууллагад санал болгомоор зүйл нь ажлын байрныхаа орц, гарцаас авхуулаад орчны хүртээмжийг сайжруулах соёлд суралцах явдал. Үнэндээ байгууллагуудын орц, гарц ямар байдаг билээ дээ. Хэн нэгнээр шахаж, шаардуулалгүй, өөрсдөө дор дороо ажлаа сайжруулбал ээлтэй орчин бүрдүүлэх боломж бий. Бас боломжийнхоо хэрээр хүүхдүүдийнхээ энэ талаарх ойлголтыг нь нэмэгдүүлж, ирээдүйн боловсон хүчнийг бэлтгэхэд анхаарах хэрэгтэй болов уу. Манай компани Өмнөговийн сургуулиудтай хамтран ажиллаж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд ямар дэмжлэг үзүүлж болох талаар ярилцаж эхэлж байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй, сургуулийн насны хүүхдүүдийн 50 гаруй хувь нь боловсролын үйлчилгээнд хамрагдаагүй гэсэн судалгаа байдаг юм билээ. Зөвхөн компаниуд гэлтгүй төрөөс бодлогын түвшинд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг цэцэрлэгийн наснаас нь боловсролоор дэмжиж, мэргэжил сонголт гээд бүх зүйлд нь тусалж, багаас нь чадавхжуулах нь чухал гэдэг нь анзаарагдаж байгаа. Зөвхөн Өмнөговийн хэмжээнд гэхэд л насанд хүрсэн иргэдийнх нь дотор бага, дунд боловсролтой хүний эзлэх хувь өндөр байгаа. Ер нь боловсролыг нь улсын хэмжээнд хүртээмжтэй болгож чадвал хөгжлийн бэрхшээлээс нь үл хамааран компаниуд иргэдийг ажилд авахад харьцангуй нээлттэй, бэлэн болсон. Чадвартай хүнийг бэлтгэхэд багаас нь анхаарах хэрэгтэй нь анзаарагдаж байна. Байнгын асаргаа, сувилгаа шаардагддаг хүүхдүүдээ асардаг аав, ээжүүдийн байгууллагаар “Оюутолгой”-н хэмжээнд олгодог шагнал, урамшууллын зүйлсийг өнгөрсөн жилээс хийлгэж, хамтран ажиллаж байгаа. Харин ханган нийлүүлэгчдийн хувьд төд нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнх гэх зэргээр хэлэх тодорхой тоо алга.

-Хувиараа бизнес эрхэлж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн дийлэнх нь ямар чиглэлээр ажиллаж байна вэ?

Г.О: -Миний анзаарснаар худалдаа, гар урлалын бизнес түлхүү эрхэлж байна. Ер нь бүх л чиглэлээр ажиллаж байгаа болов уу. Хөгжлийн бэрхшээлтэй хүн бол тусгай хэрэглэгдэхүүн ашиглаж байгаагаараа л ялгаатай. Бэрхшээлийнх нь хэлбэрт харшлахгүй бол юуг ч хийх боломжтой. Хөл муутай хүнийг гадуур их явдаг ажил хийлгэвэл үр дүн муу байх нь ойлгомжтой шүү дээ. Харин сууж хийдэг ажил хариуцуулбал бусад хүнээс илүү үр бүтээмжтэй байх болов уу. Бэрхшээл нь давуу тал ч болох жишээтэй. Байн байн босож явахгүй, тогтвортой ажилласнаар үр дүн нэмэгдэнэ гэсэн үг. Би энэ салбарт 14 дэх жилдээ ажиллаж байна.

-Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад ажил олгогч хөгжлийн бэрхшээлтэй иргэн, тэдний асран хамгаалагчдын хийсэн бараа, бүтээгдэхүүнийг худалдан авах талаар шинэ заалт оруулсан нь онцлог болсон. Өөрөөр хэлбэл, хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулаагүй байгууллага торгууль төлөхийн оронд тэдний хийсэн бараа, бүтээгдэхүүнийг худалдан авч болохоор хуульчилсан. Энэ нь хэр зөв зүйтэй алхам гэж үзэж байна вэ?

Г.О: -Зөв гэж бодож байна. Энэ жилээс төрийн бодлого илүү тодорхой, сайн болж байгаа. Миний хэлээд байгаа хүндрэлүүдийг шийдэх гарц нь энд байгаа юм. Зах зээлийн нийгмийн сул талыг нь олж харсан учраас үүнийг нөхөх, залруулах заалт болно гэж бодож байна. Ер нь хөгжлийн бэрхшээлтэй бизнес эрхлэгчдээс үйл ажиллагааны цар хүрээ нь томорсон нь цөөн. Тиймээс тэднийг хөгжүүлэх ёстой. Бизнес эрхлэгчид мөрөөдлөө биелүүлж, стандарттай болохын тулд тэдэнд санхүүгийн дэмжлэг хэрэгтэй. Хөрөнгө оруулалтад нь хамгаалалт бий болгож, гадаад, дотоодын томоохон төсөл, хөтөлбөрүүдийн зээл, хөрөнгө оруулалтын тодорхой хэсгийг хөгжлийн бэрхшээлтэй бизнес эрхлэгчдэд зориулах гэх мэт олон арга бий. Тэдний чадавхад нь суурилсан хөнгөлөлт, тусламж хэрэгтэй. Үүнийг бүр хуульд нь оруулах ёстой. Манайх жижиг, дунд бизнес эрхлэгч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих хөтөлбөр боловсруулсан. Үүнийг жижиг, дунд үйлдвэрийг дэмжих том хөтөлбөртөө багтаах талаар яриад л байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд ямар ч хамгаалалтгүйгээр маш олон жил зүтгэлээ шүү дээ.

Д.Б: -Энэ заалтыг хэрэгжүүлэхдээ байгууллагууд худалдан авалт, ханган нийлүүлэлт хийхдээ нэг удаагийн ажил хэрэг гэдэг талаас битгий хандаасай. Нэг удаагийнх гэж хандвал энэ заалт нь хуулийн цоорхой болно. Талууд урт хугацааны гэрээний хүрээнд хамтран ажиллах ёстой. Бас нэг шаардлага тавих хэрэгтэй. Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга энэ оны эхнээс дөнгөж хэрэгжиж байхад дүүтэйгээ ярилцаж суулаа л даа. Манай дүү “Би таны нэрийг бариад, манай ах хөгжлийн бэрхшээлтэй гээд бүтээгдэхүүн “шахах” зэрэг асуудал гарч болох юм биш үү” гэж асуух жишээтэй. Тиймээс шалгуур үзүүлэлтийг нь сайтар тусгаж, шаардах ёстой. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэрийг барьсан хүмүүс гарч ирэх эрсдэлтэй. Үүнээс гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэд ч болсон, болоогүй зүйл хийчихээд компаниудад “шахах” гээд дайрч болохгүй. Ёс зүй, хэм хэмжээ заавал байх ёстой. Захиалагчаас тавьсан шаардлагад нь нийцсэн зүйл хийчихээд нүүр бардам суух хэрэгтэй биз дээ. Уг хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор дагаж, мөрдөх журамдаа энэ талаар тодорхой тусгах нь чухал. Тэгж байж хөгжлийн бэрхшээлтэй иргэд нэр хүндтэй үлдэнэ. Үгүй бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг өөрсдийгөө өрөвдүүлэх гэсэн сэтгэхүйтэй хүмүүс гэж ойлгоно. Нөгөө талаас өөрийн туршлагаас хуваалцахад, “Оюутолгой” компанитай хамтран ажиллах гээд шалгуур, болзлыг нь судлахаар Өмнөговьд байрлаж ажиллах боломжтой, эсэхийг биднээс тодруулдаг. “Тавантолгой”-той бас холбогдоход Өмнөговийн компани байх шалгуур тавьдаг. Старт ап компани тэнд шилжин очих боломжгүй л дээ. Бид тоног төхөөрөмжөө аваад, эндхийн ажил, амьдралаа орхиод явахад хэцүү шүү дээ. Тэгээд ч Ханбогдод очоод өөр юу хийх вэ. “Оюутолгой”-гоос өөр газраас бас захиалга авна шүү дээ. Гэхдээ би “Оюутолгой”-г магтах дуртай. 2016 онд аж ахуйн нэгжээ байгуулаад удаагүй байхад “Оюутолгой”-д бүс хийж өгөхөөр болсон. Түүний хүчинд би өөрийн гэсэн 100 ам метр талбайтай ажлын байртай болсон. Тэнд бүх тоног төхөөрөмж бий. Нэлээд том хөрөнгө оруулалт болсон. Хамгийн гол нь энэ хуулийг иргэд, байгууллагууд зөвөөр хүлээж аваасай. Бид зөвхөн гар урлал гэдэг зүйлээр хязгаарлагдмааргүй байна. Мэдээллийн технологийн болон хэлний өндөр мэдлэгтэй залуус олон бий. Тэд нийгэмшиж, улам олон ажлын байр бий болгоосой. Зөвөөр хэрэгжүүлбэл компаниудыг заавал хүн ав, ажиллуул гэхээ ч болино. Ханган нийлүүлэлт гэдэг утгаараа биднийг дэмжиж байгаа болохоор цаад талд нь олон хүн өөрөө өөртөө ажлын байр бий болгох юм. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллах орчин бүрдэнэ. Хөгжлийн бэрхшээлтэй гэдгээрээ өрөвдүүлээд суух сонирхолгүй болно. Манайд ганц нэг хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллахаар ирэхээрээ өрөвдүүлэх гээд байдаг. Тэгэхээр нь би “Чи энэ ажлыг хийх ёстой, чадахгүй бол дараагийн хүн нь хийнэ, сурах ёстой, чадах ёстой” гээд зэмлэдэг. Эцэст нь хүсэл эрмэлзэлтэй болдог. Миний хувьд том компаниудтай байнга хамтран ажиллаж, тогтмол орлоготой болчихвол өөрийн гэсэн хашаанд, хүртээмжтэй орчин бүрдүүлсэн ажлын байр бий болгох зорилготой. Амралтын өрөөтэй, дасгал, хөдөлгөөн хийх тоног төхөөрөмж гээд ажилчдад шаардлагатай бүхнийг шийдэж өгнө. Одоохондоо ярихаас цаашгүй л байна.

-Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 144 дүгээр зүйлд 25 ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нийт ажлын байрныхаа дөрвөн хувиас доошгүй орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулна гэж заасан. Одоогоор нэгдсэн судалгаа, мэдээлэлгүй учраас манай аж ахуйн нэгж, байгууллагууд үүнийг хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар ярих нөхцөлгүй болж байх шиг байна.

Г.О: -Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хариуцсан тусгай байгууллагагүй олон жил явж ирсэн л дээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг 2018 онд байгуулах хүртэл Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, үүнээс өмнө салбарын яам нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг хариуцаж байсан юм. Үнэндээ тусгайлсан агентлагтай болох хүртэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг чухалчлан авч үзэх боломжгүй байсан болов уу. Ажил нь ч удаашралтай байсан. Агентлагтай болсноос хойш сүүлийн 2-3 жилд үйл ажиллагаа нь жигдэрч, бодитой үр дүнтэй ажиллаж эхэлсэн гэж бодож байна. Боловсон хүчнүүдээ ч бэлтгэж буй. Ингээд харахад 10 гаруй жилийн дараа л учраа олж эхэлж байна шүү дээ. Үүнд Засгийн газрын өөрчлөлт, сонгууль гээд бүх юм нөлөөлдөг. Энэ бүхнийг бодолцон, өмнөх туршлагаа харгалзан Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын ажлыг сайжруулах ёстой.

Ц.Ц: -Энэ заалтыг хэрэгжүүлэх боломжтой. Хөдөлмөрийн тухай хуулийг шинэчилснээр илүү тодорхой болсон. Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажиллуул, үгүй бол төлбөр төл гэсэн заалт илүү уян хатан болж байна. Компаниуд хөгжлийн бэрхшээлтэй иргэн, тэдний үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээг нь дэмжвэл хөнгөлөлт эдлэхээр байгаа. Тиймээс бие биедээ дэм болоод ажиллавал хаана хаанаа үр дүнтэй байх болов уу. Аж ахуйн нэгжүүд бас хэрэгтэй хүнд нь зөв дэмжлэг үзүүлээд явна гэсэн үг шүү дээ. Харилцан ашигтай байх боломж бий гэж харж байна. Тиймээс бид мэдлэг, мэдээллээ сайжруулах ёстой.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилд зуучилдаг, мэдээллээр хангадаг байгууллагуудын үйл ажиллагаа хэр зүг чигээ олж, бэхэжсэн гэж хэлэх вэ?

Г.О: -Үнэндээ зуучлалыг компаниуд хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажилд нь хөтөлж аваачаад, ярилцаж, ойлголцох талаар ямар нэг хариуцлага үүрдэггүй. Өөрөөр хэлбэл, тухайн хүнийг бирж дээр бүртгэлээ, утсаар холбогдлоо, ажил олгогчид нь манайд ийм нэг хүн байна, утсаар яриад уулзчих гэдэг байдлаар л явж ирсэн. Зуучлалынхаа хөлсийг л авдаг. Гэхдээ энэ байдлыг болиулахаар ажиллаж байгаа. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас зөвлөхүүд бэлтгэн, хаана, хаанаа хариуцлагын тогтолцоо бий болгохоор зорьж байна. Гэхдээ бид албадан хөдөлмөр эрхлүүлэх боломжгүй. Жишээ нь, бид нэг хүнийг ажилд нь оруулчихлаа. Нөгөө хүн 2-3 сарын дараа ажлаасаа гарчихвал буцаагаад “Ор, ор” гээд ажилд нь оруулчихвал албадан хөдөлмөр эрхлэлт болчихож байгаа юм. Биржүүд болон ажилд оруулаад байгаа хүмүүст зөвлөх үйлчилгээ л хэрэгтэй. Ажил, мэргэжил гэдгийг эрх зүй болон ёс зүйн талаас нь ярих ёстой. Ёс суртахуун, ухамсарт нь чиглэсэн сургалтаар үндсэн ухагдахуунуудыг нь сайн ойлгуулж, эцэст нь тухайн хүний сонголт, шийдвэрийг нь зөвлөх үйлчилгээгээр чиглүүлнэ гэсэн үг. Хөгжлийн бэрхшээлтэй, эсэхээс үл хамааран адилхан үйлчлэх зарчим л даа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд ч эхнээсээ цогц арга хэмжээ хэрэгжүүлээд явж байна.

-“Оюутолгой”-д ажиллах саналыг хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдөө хэр тавьдаг вэ. Эсвэл зуучлалын компаниудад ханддаг уу?

Дээш