“Портеж” хөтөлбөрийн гол багш нь эцэг, эх, асран хамгаалагчид”


uploaded pictureЧ.Отгонцэцэг

uploaded picture

Э.Солонго

uploaded picture

Б.Хулан

uploaded picture

Б.Энхжаргал

uploaded picture                  Ж.Батдэлгэр

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам (ХНХЯ)-наас Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах” төсөл хэрэгжүүлж буй. Уг төслийн хүрээнд “Портеж” хөтөлбөрийг Монголд нэвтрүүлж, хэрэгжүүлэх үйл ажиллагааг өргөн цар хүрээтэйгээр зохион байгуулж байна. “Портеж” нь хүүхдийн хөгжлийг төрсөн цагаас нь эхлэн дэмжихэд чиглэсэн, гэр бүлийн гишүүдийн оролцоог сайжруулдаг онцлогтой хөтөлбөр. Үүнийг өдгөө Монголд хэрхэн нутагшуулж байгаа талаар албаны хүмүүс болон сургагч багш, эцэг, эхийн төлөөлөлтэй цахим хэлэлцүүлэг өрнүүллээ. Цахим хэлэлцүүлэгт ХНХЯ-ны мэргэжилтэн Ч.Отгонцэцэг, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн “Портеж” эрт үеийн хөгжлийн хөтөлбөрийн орон нутаг хариуцсан мэргэжилтэн Б.Хулан, МУБИС-ийн Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн Сургалт, арга зүйн төвийн эрхлэгч, профессор, Монголын Портеж нийгэмлэгийн тэргүүн Ж.Батдэлгэр, Хөвсгөл аймгийн “Ирээдүй XXI зуун” ерөнхий боловсролын сургуулийн Тусгай хэрэгцээт хүүхдийг хөгжүүлэх төвийн багш Б.Энхжаргал, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг, эхийн холбооны Дархан-Уул аймаг дахь салбарын “Боломж” төвийн хөдөлгөөн засалч, “Портеж” хөтөлбөрийн дагуу хүүхдээ хөгжүүлж буй эцэг, эхийн төлөөлөл Э.Солонго нар оролцлоо.

-Та бүхэн “Портеж” хөтөлбөртэй хэрхэн танилцаж, холбогдсон талаар ярилцлагаа эхэлье.

Ж.Б: -ЖАЙКА байгууллагаас 2017 онд “Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх нийгмийн үйлчилгээг сайжруулах” төслийн хүрээнд “Портеж” эрт боловсролын хөтөлбөрийн мэргэжилтэн бэлтгэх сургалтыг ХНХЯ, БСШУЯ-тай хамтран зохион байгуулсан юм. Уг сургалтад би тусгай хэрэгцээт боловсролын хоёр багшийнхаа хамт хамрагдсан. “Портеж” нь хүүхдийн хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг аль болох эрт үед нь илрүүлж, дэмжлэг үзүүлдэг боловсролын хөтөлбөр. Тус сургалтад хамрагдаж, үндэсний сургагч багш болсноос хойш тав дахь жилдээ ажиллаж байна. Манай улсад сургууль, цэцэрлэг зэрэг институцэд түшиглэсэн цөм болон сургалтын хөтөлбөр зэргийг хэрэгжүүлдэг. Гэсэн ч гэр бүлд нь суурилсан, эцэг, эхийг татан оролцуулдаг, 0-6 хүртэлх насны хүүхдэд зориулсан хөтөлбөр цөөн. Тиймээс энэхүү хөтөлбөрийн арга зүйг Японы Портеж нийгэмлэгийн зөвшөөрөлтэйгөөр Монголд нутагшуулахаар ХНХЯ-ны төслийн багийнхантай хамтран ажиллаж, Монголын Портеж нийгэмлэгийг байгуулсан. Нийгэмлэгийн зорилго нь хөгжлийн хоцрогдолтой болон бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эх, асран хамгаалагчид зөвлөгөө өгөх, сургагч багш бэлтгэх, сургалтын байгууллагуудад мэргэжлийн зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх юм. Хүүхдийн нас бага байх тусам дээд мэдрэлийн үйл ажиллагаа нь харьцангуй уян хатан байдаг. Ийм үед нь хөгжлийн бэрхшээлийг цаг алдалгүй илрүүлж, хөгжлийг нь дэмжиж чадвал цаг хугацаа, эдийн засгийн хувьд хэмнэлттэй, хүүхдэд ч үр дүнгээ өгдөг нь судалгаанаас харагдсан. Хөтөлбөрийн давуу тал нь хүүхдийн хөгжлийн одоогийн байдлыг үнэлдэг. Өөрөөр хэлбэл, 0-6 насны хүүхдийн хөдөлгөөн, нийгэмшихүй, танин мэдэхүй, хэл яриа, бие даах чадвар зэрэг хөгжлийн гол үзүүлэлтийг нь шалгах хуудсаар үнэлдэг. Үүний дараа хүүхдийн хөгжлийг алхам, алхмаар дэмжих аргачлал бүхий даалгаврын карттай. Мөн дэмжлэгийн явцад хүүхдэд ямар ахиц, өөрчлөлт гарч буйг эцэг, эх, “Портеж”-ийн багшийн аль аль нь тэмдэглэдэг хүснэгт бүхий багц хэрэглэгдэхүүнтэй хөтөлбөр юм. Энэ утгаараа хүүхэдтэй ажиллахад хялбар, аргачлалыг ойлгоход эцэг, эхэд дөхөм байдаг. Түүнчлэн хүүхдийн хөгжлийн онцлогоос улбаалан эцэг, эх, асран хамгаалагчдад зөвлөгөө өгөх боломжтой. Би багш бэлтгэдэг сургуульд ажилладаг. Тиймээс оюутан суралцах хугацаандаа энэхүү хөтөлбөрийн талаар арга зүйн зохих ойлголт, мэдлэг, чадвартай болж төгсөхөд анхаарахын зэрэгцээ цэцэрлэгийн багш нартай хамтран ажилладаг.

Ч.О: -ХНХЯ, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын “Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх нийгмийн үйлчилгээг сайжруулах” төслийн хүрээнд 2016 оны наймдугаар сард “Портеж” эрт боловсролын хөтөлбөрийн монгол хувилбарыг боловсруулж, есдүгээр сараас нь Монголын аутизмын холбоо болон Монголын дауны холбооны дэмжлэгтэйгээр нийт есөн гэр бүлд дэмжлэг, зөвлөгөө өгөх ажлыг зохион байгуулсан. Үүний хүрээнд 78 иргэнийг “Портеж” хөтөлбөрийн багшаар бэлтгэсэн юм. 2019 оны есдүгээр сард нийслэлд 14, Хөвсгөл аймагт 10 буюу нийт 24 байгууллагад уг хөтөлбөрийг туршсан. Дараа нь ХНХЯ-наас Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах” төсөлтэй хамтран 2021 оны гуравдугаар сард “Портеж” хөтөлбөрийн үндэсний 16 сургагч багш бэлтгэлээ. Тэднээр дамжуулан орон нутагт 50 сургагч багш бэлтгэсэн. “Портеж” нь хүүхдийн хөгжлийг төрсөн цагаас нь эхлэн гэр бүлийн орчинд нь дэмжихэд чиглэсэн, эцэг, эх, гэр бүлийн гишүүдийг чадавхжуулах зорилготой хөтөлбөр. Тодруулбал, “Портеж”-ийн багш, эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийн үнэлгээнд тулгуурлан яг одоо нэн хэрэгтэй байгаа чадварыг нь хөгжүүлдэг. Ингэхдээ ганцаарчилсан хөтөлбөр боловсруулж, түүний дагуу хүүхэдтэйгээ өдөр тутам идэвхтэй харилцдаг. Үүний үр дүнд гэр бүлд халуун дулаан уур амьсгал, дотно харилцааг бий болгодог.

Б.Э: -Би 2017 онд “Портеж” эрт боловсролын хөтөлбөрийн мэргэжилтэн бэлтгэх сургалтад хамрагдсан. Уг нь би физикийн багш мэргэжилтэй ч 2014 оны аравдугаар сараас хойш тусгай хэрэгцээт боловсролын багшаар ажиллаж байна. Манай төвд хөгжлийн бэрхшээлтэй 20 гаруй хүүхэд бүртгэлтэй байдгаас 17 нь идэвхтэй суралцаж буй. Сургагч багш нарт даалгаврын сан гэж өгсөн нь “Портеж”-ийг орон нутагтаа хэрэгжүүлэхэд нэмэр болсон. Эхлээд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн явц, байдлыг судлаад, тухайн насны хүүхдийг даалгавруудаар үнэлж, чадварыг нь илрүүлэх боломжтойгоороо эл хөтөлбөр давуу талтай.

Э.С: -Дархан-Уул аймагт “Портеж” хөтөлбөрийг албан ёсоор хэрэгжүүлж эхлээгүй байгаа. Ирэх зургадугаар сард манай аймагт Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийг ашиглалтад оруулах юм. Тэр үед нь би хөтөлбөрийн багшаар ажиллана. Өнгөрсөн намар “Портеж” хөтөлбөрийн орон нутгийн сургагч багшаар суралцсан. Хүү минь тархины саажилттай. Сургалтад суусны дараа “Портеж” хөтөлбөрийн дагуу хүүхдээ хөгжүүлж байна. Тухайн хөтөлбөр нь хүүхдийн одоо байгаа түвшнийг ахиулахын зэрэгцээ маш нарийн судалгаа гаргадаг. Жишээлбэл, зургаан настай хүүхдийн хөгжил нь насандаа байна уу, тэрнээс доогуур уу гэдгийг нийгэмшихүй, хөдөлгөөн, хэл яриа гэсэн хөгжлийн шалгуураар үнэлэхээр бэрхшээл нь маш тодорхой гардаг юм билээ. Миний хүү таван настай ч хөдөлгөөний хөгжил нь нярай үеийнх шигээ байсан. Дөрвөн мөчний булчингийн чангаралтай учраас хөдөлгөөнд нь илүү анхаарах шаардлага тулгарсан. Хөтөлбөрийн дагуу хөдөлгөөнийг нь бүх талаар дэмжсэнээр ахиц гарч байгаа.

-Таны хүүхдэд ямар ахиц гарсан бэ. Та бүхэн “Портеж” хөтөлбөрийн дагуу хүүхдийг хөгжүүлэхэд гарсан сайн жишээ дурдаж болох уу?

Э.С: -Би өдөр бүр тогтмол 15-30 минутыг хүүгийнхээ хөдөлгөөнийг засахад зарцуулдаг. Хүү минь дасгал хийхийн ач тусыг ойлгодог болсон учраас идэвхтэй хөдөлгөөн голчлон хийж байгаа. Ингэснээр хүүгийн минь атгах чадвар сайжирсан. Өмнө нь хүүхдийнхээ хөдөлгөөний хөгжлийн түвшнийг мэдэхгүй, хөгжүүлэхийн тулд юу хийхээ мэддэггүй байсан. Тиймээс булчин сулруулах бариа засал л их хийдэг байлаа. Харин “Портеж” хөтөлбөрийг судалж мэдсэний дараа хүүхдийнхээ хөгжлийг өөрөө оношилж, яаж засах арга барилаа олсон. “Портеж” аргаар хөгжлийн хоцрогдол, бэрхшээлтэй хүүхдийг хөгжүүлж болдгийг хүүгийнхээ ахиц дэвшлээс харж байгаа. Би одоо Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг, эхийн холбооны Дархан-Уул аймаг дахь салбарын “Боломж” төвд хөдөлгөөн засалчаар ажиллаж байна. Төвдөө хандсан хүүхдүүдийн хөгжлийг “Портеж” хөтөлбөртөө суурилан үнэлж байгаа.

Б.Э: -Хоёр жилийн өмнө манай Тусгай хэрэгцээт хүүхдийг хөгжүүлэх төвд сонсголын бэрхшээлтэй зургаан настай Д гэх хүү ирсэн юм. Тэр хүү хавсарсан оюуны бэрхшээлтэй юм шиг л байсан. Хүүгийн хөгжлийг “Портеж” хөтөлбөрийн дагуу үнэлэхэд оюуны бус, ахуйгаас хамаарсан танин мэдэхүйн хоцрогдолтой нь илэрсэн. Биологийн нас нь зургаа ч хөгжил нь дөрвөн настай хүүхдийнх шиг байлаа. Тэгээд хүүгийн ээжид хүүхэдтэйгээ хэрхэн ажиллахыг зааж ойлгуулсан. Энэ хөтөлбөрийн гол цөм нь хүүхдийнхээ хөгжилд дэмжлэг үзүүлэхэд нь эцэг, эхэд арга зүйн дэмжлэг үзүүлэх юм. Хүүгийн ээжтэй долоо хоногт нэг удаа уулзаж, 30-40 минут ярилцаж, хүүхдээ хөгжүүлэх даалгавар өгдөг байв. Хүүхдээ загнаж зандрахгүйгээр хүлээцтэй хандаж сурснаа тэрбээр надад хэлсэн. Харилцаанд нь эерэг өөрчлөлт гарсан гэсэн. Анх манай төвд ирэхдээ Д нусаа цэвэрхэн арчиж, гутлаа үдэж, хувцсаа эвхэж чаддаггүй байв. Харин сургуульд орохдоо бие засах, ус уух зэрэг үйлдэл хийхдээ багшид дохио зангаагаар ойлгуулж, зөвшөөрөл авч сурсан. Өөрөөр хэлбэл, дүрэм журамд захирагдаж сурсан гэсэн үг. Хоёр жил ажилласны дараа хүүд нийгэмшихүйн эерэг өөрчлөлтүүд гарч, өөртөө үйлчлэх наад захын чадваруудад суралцсан. Харамсалтай нь, гуравдугаар ангид орох жил нь гэр бүлээрээ сум руу шилжсэн. Сумд нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төв байхгүй учраас одоо сургуулиас завсардчихаад байна.

Б.Х: -“Портеж” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хүүхдийн хөгжлийн хоцрогдлыг эрт илрүүлэх боломж бүрдсэн. Хүүхэдтэйгээ хэрхэн ажиллах талаар эцэг, эхчүүд мэдлэг, мэдээлэлтэй боллоо. Хүүхэд бүрт “ягаан” дэвтэр гэж байдаг шүү дээ. Үүн шиг “Портеж” хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүдэд хөгжлийн дэвтэр нээж өгдөг. Жишээ нь, манай төвд эмчлүүлж байсан хүүхэд орон нутаг руу шилжлээ гэхэд хөгжлийн дэвтрээ аваад явна. Дараагийн мэргэжилтэн тухайн дэвтэр дэх тэмдэглэлийг үзээд хүүхдийн хөгжлийг дахин үнэлж, юунд нь илүү анхаарал хандуулахаа цаг алдахгүйгээр мэдэх боломжтой.

Ж.Б: -Монголын аутизмын холбоо, Монголын дауны холбоогоор дамжуулан 300 гаруй хүүхэд энэ хөтөлбөрт хамрагдаж, ахиц гарсан жишээ олон. Хүүхэд нь нүдэн дээр нь хөгжөөд ирэхээр эцэг, эхчүүд өөрсдөө энэ хөтөлбөрийг эзэмших идэвхтэй болж, тэр хэрээр ойлголт, мэдлэг нь дээшилж байна. Манай сургуулийн бакалавр, магистрын оюутнууд энэ чиглэлээр судалж, зарим нь дипломын ажлаа хамгаалсан. Тухайлбал, магистрын түвшний оюутнууд “Портеж” хөтөлбөрийг сэдвээ болгож, жилийн турш судалгаа хийн, үр дүнг нь дипломын ажил болгон хамгааллаа. Мөн Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн оюутнуудын сургалтын хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг шалгах хуудсаар хэрхэн оношлох, даалгавраар дэмжих хичээлийг тусгалаа.

-Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй хэдэн хүүхэд байна. Ихэвчлэн ямар бэрхшээл зонхилж байгаа бол?

Ч.О: -Улсын хэмжээнд 2021 оны байдлаар хөгжлийн бэрхшээлтэй 0-18 насны 11 108 хүүхэд байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн олонх нь хөдөлгөөн, оюуны болон бусад бэрхшээлтэй. Үндэсний статистикийн хорооноос хөгжлийн бэрхшээлтэй хүний насны бүлгийг ангилсныг харахад бага насныхан хамгийн олон байдаг. Тухайлбал, 0-4 настай 1618, 5-9 насныхан 3747, 10-14 насны хөгжлийн бэрхшээлтэй 3871 хүүхэд бий.

-“Портеж” хөтөлбөрийг орон нутагт хэрхэн хэрэгжүүлж байна вэ?

Б.Х: -Дархан-Уул, Хөвсгөл, Архангай, Дорнод, Дундговь, Ховд аймагт манайхтай адил Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв барьж байна. Гэхдээ тэдгээр төвд хэвтэн эмчлүүлэхгүй, өдрийн эмчилгээтэй байх юм. Азийн хөгжлийн банкны дэмжлэгээр барьж буй эдгээр төвд “Портеж” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Мөн 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс хүсэлт гаргасан сургууль, цэцэрлэг болон ТББ-ын саналыг үндэслэн “Портеж”-ийн сургагч багшийг идэвхжүүлэх сургалт явуулж байгаа. Тухайлбал, оны өмнө Сэлэнгэ, Дархан-Уул аймаг болон Зүүнхараагийн сургуулийн өмнөх боловсролын багш нарт хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүй болон “Портеж” хөтөлбөрийн талаар мэдээлэл өгсөн.

Ч.О: -Б.Хулан мэргэжилтний дурдсан зургаан аймагт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв байгуулж, энэ онд багтаан ашиглалтад оруулна. Тэдгээр төвийг ашиглалтад оруулснаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, насанд хүрэгчдэд эрүүл мэнд, нийгмийн сэргээн засах цогц тусламж, үйлчилгээ үзүүлэх, гэр бүл, асран хамгаалагчдад зөвлөгөө өгөх, орон нутагтаа сэргээн заслын чиглэлээр ажилладаг байгууллага, мэргэжилтнүүдийг чадавхжуулах, мэргэшүүлэх, хамтран ажиллах боломж бүрдэх юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв нь шаардлагатай тохиолдолд бүсийн болон ойролцоо аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэдэд шаардлагатай тусламж, үйлчилгээг үзүүлэх учиртай. Цаашид “Портеж” хөтөлбөр нь тэдгээр төвийн хүүхдэд зориулсан үйлчилгээнүүдийн нэг хэсэг болно. “Портеж”-ийн загварыг хоёр аймагт туршихаар төлөвлөсөн. Мөн 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комисс ажилладаг. Тус комисс нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын цогц дэмжлэгийн үйлчилгээ үзүүлж байгаа.

Ж.Б: -Монголын аутизмын холбоо, Монголын дауны холбоо, 10 болон 186 дугаар тусгай цэцэрлэгт эл хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Орон нутагт эл хөтөлбөрийг одоогоор Дархан-Уул аймагт нэг цэцэрлэгт хэрэгжүүлж байгаа гэж дуулсан. Энэ мэтээр орон нутагт “Портеж” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хүрээгээ улам тэлэх нь чухал.

-Хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэхэд эцэг, эхчүүдэд энэ хөтөлбөр хэрхэн туслах вэ?

Ж.Б: -“Портеж” нь эцэг, эх, гэр бүлийн идэвх оролцоонд суурилсан гэдгээрээ онцлог. Тиймээс хөтөлбөрт хамрагдсан асран хамгаалагчдын идэвх оролцоо, гаргасан үр дүн харилцан адилгүй. Тухайлбал, хүүхдийнхээ хоцрогдол, бэрхшээлийг даван туулахад эцэг, эх нь хоёулаа зүтгэж, багагүй цаг зарцуулсан гэр бүлд мэдээж эерэг үр дүн гарна. Гэтэл зарим нь “Портеж” хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зөвхөн багшийн үүрэг гээд даатгаад орхичихдог. Гэр бүлийн гишүүд хүүхэдтэйгээ илүү олон цагийг өнгөрүүлдэг учир дэмжлэг туслалцаа уйгагүй үзүүлэх боломжтой. Хүүхдийн хөгжлийн хоцрогдлыг ганц, хоёр сарын дараа бүрэн арилгаж чадахгүй. Тиймээс өдөр бүр тууштай байж, хүүхдийнхээ төлөө цагаа зориулах нь ирээдүйд зарцуулах хөрөнгийг багасна. Мөн хүүхэд өөрөө аз жаргалтай байхаас эхлээд нийгэм, сэтгэл зүйн олон талын ач холбогдолтой.

Б.Э: -Анх энэ хөтөлбөрийн дагуу аймгийнхаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сургана гэхэд “Хүүхдийг минь ямар нэг туршилтад оруулах нь” гэх айдас, болгоомжлол эцэг, эхчүүдийн дунд байсан. Харин эл хөтөлбөр нь ашиглахад хялбар, бүх зүйлийг нь зааж чиглүүлсэн байдаг тухай хүүхдүүдийн асран хамгаалагчидтай нь илэн далангүй ярилцаж, ойлгуулснаар эцэг, эхтэй нь хамтран ажиллаж чадсан. Тодруулбал, 50 сартай хүүхэд заавал 50 сартай хүүхдийн даалгаврыг гүйцэтгэх албагүй. 40 сартай хүүхдийн даалгаврыг гүйцэтгэх боломжтой. Үүнийгээ сурсны дараа өөрийн насны даалгаврыг гүйцэтгэж болдог. Жишээ нь, “Портеж” хөтөлбөрт тав, зургаан настай хүүхдийн бие дааж хийх үйлдэлд олон нийтийн газар эрэгтэй, эмэгтэйчүүдийн бие засах газрыг андуурахгүй байх тухай тусгасан. Таних тэмдгийг ялгаж сурсан байх ёстой. Хэрэв чадахгүй бол нийтийн бие засах газарт дөрвөн настай хүүхдийн гүйцэтгэх чадварыг эхлээд зааж ойлгуулаад, дараагийн алхмаа хийнэ гэсэн үг. Би аймгийн төвийн сургуулийнхаа бүх ариун цэврийн өрөөний хаалгыг зурган хаягтай болгосон. Энэ хөтөлбөрийн үр дүнг үзсэн хүний хувьд “Портеж”-ийг цаашид бүх аймагт хэрэгжүүлээсэй гэж боддог. Орон нутагт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хоцрогдол их байна. Хөтөлбөрт хамрагдах насыг 0-6 гэж заасныг жаахан нэмбэл бага ангийн хүүхдүүдийг ч оролцуулах боломж бүрдэх юм. Манай төвд хүүхдээ сургах гээд Рэнчинлхүмбэ сумаас хүртэл зориод ирж байна. Зарим сумын Тусгай хэрэгцээт хүүхдүүдийг хөгжүүлэх төвийг түр дамжих албан тушаалын байр болгочихсон нь харамсалтай. Тухайлбал, амаржих дөхсөн, тэтгэвэртээ гарахад хэдхэн сар дутуу багш нарыг тэнд ажиллуулдаг жишээ цөөнгүй.

Б.Х: -Зөвхөн 0-6 нас гэдэгт баригдах хэрэггүй. Биологийн нас нь 10, 11-тэй байлаа ч хөгжлийн нас нь үүнээс бага байж болно. Тиймээс тухайн хүүхдийг “Портеж” хөтөлбөрийг хамруулах боломжтой. Түүнчлэн энэ хөтөлбөр нь зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээр хязгаарлагдахгүй. Цар тахлын үед 0-3 настай олон хүүхдийн хөгжил хоцрогдсон. Манай төвд ирж буй хүүхдүүд ихэвчлэн хөгжлийн хоцрогдолтой байна. Гэрийн нөхцөлд удаан хоригдсоноос болж танин мэдэхүй, хөгжлөөрөө хоцрогдсон тохиолдол цөөнгүй. Ийм хүүхдүүдтэй “Портеж” хөтөлбөрийн дагуу ажиллаж болно.

-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийнхөн “Портеж” хөтөлбөрийн дагуу хэдэн хүүхдэд дэмжлэг үзүүлсэн бэ?

Б.Х: -“Портеж” хөтөлбөрийг анх 2017 онд манай улсад хэрэгжүүлсэн. Үүний дараа уг хөтөлбөрийг 2021 оны гуравдугаар сард ХНХЯ болон Азийн хөгжлийн банкныхан хамтран албажуулж, үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх зорилт тавиад буй. Манай төв гэхэд өнгөрсөн оны долдугаар сарын 22-ноос хойш эл хөтөлбөрийн дагуу үйл ажиллагаа явуулж, хүүхдүүдээ хүлээж авсан. Давхардсан тоогоор 200 гаруй хүүхдийг “Портеж” хөтөлбөрт хамруулжээ. Өөрөөр хэлбэл, манай мэргэжилтнүүд хөгжлийн хоцрогдол, бэрхшээлтэй гэж ирсэн 0-6 насны хүүхэд бүрт үнэлгээ хийнэ. Биологийн нас нь зургаатай байлаа ч “Портеж” хөтөлбөрийн асуумжаар үнэлгээ хийхэд хоёр настай хүүхдийн түвшинд байж болно. Хэл яриа, танин мэдэхүй, хөдөлгөөн, нийгэмшихүй гэсэн чадамжаар тухайн хүүхдийг үнэлээд, хөгжлийн насыг нь тодорхойлдог. Бид хүүхдийн хөгжлийн насыг биологийн насанд хүргэх үндсэн зорилготой. Хөтөлбөрийн нэг давуу тал нь эцэг, эх, асран хамгаалагч гэр бүлийнхнийг нь давхар чадавхжуулдаг. Монголчууд хүүхдэд зааж сургах, боловсрол эзэмшүүлэх, хөгжүүлэх үүргийг зөвхөн багш л хэрэгжүүлэх ёстой мэтээр ойлгодог. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхчүүд ихэвчлэн хүүхдийнхээ төлөө юу хийхээ сайн мэддэггүй. Боловсрол болон сэргээн засахын үйлчилгээгээ сайн авсан ч тухайн хүүхэд гэртээ очиход тусалж, дэмжих хүнгүй бол сурсан зүйлээ мартаж, чадвар нь буурах жишээтэй. Тиймээс багш, эмчээс илүү эцэг, эх, гэр бүлийн гишүүд нь тухайн хүүхэдтэй ажиллах гол багш юм. Хүүхдийн хамгийн таатай орчин бол гэр. Тиймээс эл хөтөлбөрөөр дамжуулан хүүхдийг гэртээ олон талын чадвар эзэмшиж, хөгжих боломжийг олгож байна.

-Эцэг, эх асран хамгаалагчид хүүхдэдээ хэрхэн багшлах вэ. Багшлах үеэр анхаарах шаардлагатай гол зүйл нь юу бол?

Э.С: -“Портеж” хөтөлбөрийн давуу тал нь эрт илрүүлэг. Тиймээс асран хамгаалагчид олон зүйлд төөрөлдөж цаг алдалгүйгээр хүүхдийнхээ хөгжлийн онцлогийг эрт илрүүлэх нь чухал юм билээ. Лам, бөө, аль сайн гэсэн болгон руу явж цаг алдахын оронд шинжлэх ухааны үндэслэлтэй, судалгаанд суурилсан үйлчилгээнд найдсан нь дээр. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хамгийн чухал нь хөдөлгөөн болон хөдөлмөр засал. Үүнийг нь сайн дэмжээд өгвөл ахиц гардаг, сайжирдаг. Гэтэл зарим нь хүүхдээ чадахгүй, мэдэхгүй гээд нийгмээс тусгаарлачихдаг. Ялангуяа найм, есөн нас хүрээд арай том болоод ирэхээр бэрхшээлтэй нь дасан зохицоод хүүхдээ орхигдуулж, анхаарал нь сулардаг тал ажиглагддаг. Эцэг, эхчүүд бид өөрсдөө аль болох идэвхтэй байж, хүүхдийнхээ хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг илрүүлэхэд гол үүрэгтэй. Гэр бүлд суурилсан энэ хөтөлбөрийн гол багш нь эцэг, эх, асран хамгаалагчид бид өөрсдөө юм.

Б.Х: -Тухайн хүүхдийн хөгжлийн үнэлгээнд суурилан ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө зохионо. Үүнийг эцэг, эхчүүд багшийн зөвлөсний дагуу хэрэгжүүлэх юм. Наад зах нь хүүхэд хоолоо өөрөө идэж чадахгүй байвал хэрхэн хооллохыг заана гэсэн үг. Хүүхэд буруу хооллосноос хахах, амны хөндийн булчин нь хөгжихгүйгээс хоолоо зажилж чадахгүй, цаашлаад хэл ярианы бэрхшээл үүсэх сөрөг талтай. Манай төвд 14 хоног хэвтэн эмчлүүлсэн хүүхдүүдийг дахин гурван сарын дараа хүлээж авах боломжтой байдаг. Энэ хугацаанд асран хамгаалагчидтай нь манай эмч, мэргэжилтнүүд холбоотой ажилладаг. Фэйсбүүкт “Портеж Монгол” гэсэн групп бий. Үүгээр зөвхөн хөтөлбөрт хамрагдсан эцэг, эхчүүдэд л мэдээлэл өгч, эргэх холбоотой ажилладаг. Орон нутагт, ялангуяа алслагдсан сумын иргэд “Портеж” хөтөлбөрийн талаар ойлголт муутай байна. Эцэг, эхээс гадна цэцэрлэгийн багш нарт эл хөтөлбөрийг таниулах нь чухал.

-“Портеж” хөтөлбөрийн талаар мэдээлэл авах, хүүхдээ эл хөтөлбөрийн дагуу оношлуулах бол хаана хандах боломжтой вэ?

Б.Х: -Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг учраас үнэ төлбөргүйгээр хүүхдийнхээ хөгжлийг үнэлүүлэх, оношлуулах боломжтой. Манай төвийн лавлах утсанд холбогдож, цаг авч үйлчлүүлж болно. “Портеж” хөтөлбөрийг Монголын аутизмын болон Монголын дауны холбоо хэрэгжүүлж байна. Мөн 186, 10 дугаар тусгай цэцэрлэгийн болон сургагч багш нарт хандах боломжтой.

Эх сурвалж: Өнөөдөр сонин 2022.03.02

Ч.Болортуяа

Дээш