Ахмадын бодлогын зөвлөл байгуулна

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга А.Даваажаргал ахмадын “Нарны гэрэл цацруулагч дуу хоолой” НҮТББ-ын удирдлагуудыг тавьсан хүсэлтийнх нь дагуу хүлээн авч уулзлаа.

Тус байгууллагын зүгээс ахмадуудад тулгамдаж буй дараах асуудлын талаар санал танилцуулав:

-Ахмадын тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх;

-Ахмад настанд  чиглэсэн бодлого шийдвэрт тэдний оролцоог хангаж саналыг тусгаж байх;

-Ахмадууд нэгдэн хамтарч ажиллахад дэмжлэг үзүүлэх;

-Нийгмийн халамжийн сангаас ахмад настанд олгодог тэтгэврийг амьжиргааны баталгаажих доод түвшинд хүргэх;

-Хэвтрийн өвчтэй ахмад настанд тодорхой дэмжлэг шаардлагатай байгааг анхаарах.

Төрийн нарийн бичгийн дарга А.Даваажаргал тус яамнаас ахмадуудад чиглэсэн бодлого, арга хэмжээний талаар тайлбарлаж, зарим асуудалтай санал нэг байгаагаа онцлов.  Тэрбээр “Улс төрөөс ангид, бүх талын төлөөллийг багтаасан Ахмадын бодлогын зөвлөл байгуулах нь зүйтэй. Эрх зүйн зохицуулалт, шаардлагатай өөрчлөлтийг судлан, хууль тогтоомжийн төслийг боловсруулж, холбогдох байгууллагуудад уламжилж, анхаарч ажиллана" гэлээ.

Дээш