Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Чехийн Засгийн газар хоорондын комиссын IX хуралдаан Прага хотноо боллоо
Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол,
Чехийн Засгийн газар хоорондын комиссын IX хуралдаан 2026 оны 5 дугаар сарын
13-14-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотноо амжилттай зохион
байгуулагдлаа.
Хуралдааныг Монголын талаас Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гэр бүл,
хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, Чехийн талаас Бүгд Найрамдах Чех
Улсын Үйлдвэр, худалдааны дэд сайд Ян Сехтер нар тус тус тэргүүлэв.
Талууд Монгол, Чехийн уламжлалт найрсаг харилцаа нь ардчилал, хүний эрх,
хууль дээдлэх ёс зэрэг нийтлэг үнэт зүйлд тулгуурлан тогтвортой хөгжиж, хоёр
улсын хамтын ажиллагаа эдүгээ Иж бүрэн түншлэлийн түвшинд хүрснийг онцлон
тэмдэглэлээ.
Хуралдааны үеэр худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг
өргөжүүлэх, эрчим хүч, уул уурхай, дэд бүтэц, байгаль орчин, боловсрол, соёл,
хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх
асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов.
Мөн олон улсын авто тээврийн харилцааны тухай хэлэлцээр байгуулах,
геологийн судалгаа, хайгуул, уул уурхайн салбарын хамтын ажиллагааны баримт
бичгийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, иргэний нисэхийн салбар, тэр дундаа орон
нутгийн нисэх буудлуудын шинэчлэлийн чиглэлээр хамтран ажиллах асуудлыг хэлэлцэв.
Түүнчлэн тахийг эх нутагт нь сэргээн нутагшуулах төсөл, “Илгээлт-2100”
тэтгэлэгт хөтөлбөр, хоёр улсад хөдөлмөр эрхэлж буй иргэдийн нийгмийн хамгааллын
асуудлаарх хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг өргөн хүрээний асуудлаар санал
солилцлоо.
Хуралдааны төгсгөлд Монгол, Чехийн Засгийн газар хоорондын комиссын IX
хуралдааны протоколд Монгол Улсын Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд
Т.Аубакир, Бүгд Найрамдах Чех Улсын Үйлдвэр, худалдааны дэд сайд Ян Сехтер нар
гарын үсэг зурлаа.
Айлчлалын хүрээнд сайд Т.Аубакир Бүгд Найрамдах Чех Улсын Тэргүүн шадар
сайд бөгөөд Үйлдвэр, худалдааны сайд Карел Хавличек, Хөдөлмөр, нийгмийн хэргийн
сайд Алеш Юхелка нартай тус тус албан ёсны уулзалт хийж, хоёр улсын хамтын
ажиллагааны цаашдын чиглэл, тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэх талаар
санал солилцов.
Мөн сайд Т.Аубакир “Futaba Czech”
үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, тус үйлдвэрт ажиллаж буй монгол иргэдийн
төлөөлөлтэй уулзан, хөдөлмөр эрхлэлт болон нийгмийн хамгааллын асуудлаар
ярилцлаа.