Хүн бүр саадгүй амьдрах орчин бүрдүүлье
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд зам, барилга, орон сууц гэхчлэн нийтийн байгууламжид зорчиход орчны саадтай цаг ямагт тулгардаг. Эдгээр саад, бэрхшээлийг шийдчихвэл бүх иргэн аливаа үйлчилгээг хүртээмжтэй авч, ялгаатай байдал арилах юм. Гэвч манай улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдрах орчны хүртээмж одоо болтол хангалтгүй, саадтай хэвээр буй. Иргэдийн амьдрах орчин, нөхцөлийг сайжруулахын тулд цаашид хууль, эрх зүйг нь хэрхэн боловсронгуй болгох, дүрэм, журам, стандартуудыг мөрдүүлэх чиглэлээр шат шатны байгууллагууд юу хийвэл зохилтой талаар хөндлөө.
Манай улс 1995 онд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллын тухай хуулийг батлан, 2016 он хүртэл хэрэгжүүлсэн. Эл цагаас хойш хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг зөвхөн нийгмийн хамгааллын тогтолцооны хүрээнд бус, хөгжил, нийгмийн оролцоог нь дээшлүүлэх, бусдын адил нийгмийн идэвхтэй гишүүн болгоход чиглэсэн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг батлан, өдгөө хэрэгжүүлж байна. Бусад салбарын хууль, тогтоомжуудад ч мөн энэ чиглэлийн зүйл, заалт нэмж оруулсаар ирэв. Гэвч холбогдох олон хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх механизм нь одоо болтол шат шатны байгууллагуудад тодорхойгүй хэвээр байгааг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах” төслийн зөвлөх, доктор Т.Батдулам хэллээ. Тэрбээр “Үндэсний статистикийн хорооны 2021 оны судалгаагаар бол Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй 108 399 иргэн амьдарч байна. Манайд өдгөө Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн, Барилга болон Хот байгуулалт, Авто тээвэр, Авто зам, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай зэрэг хуулийн дагуу хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бүх л асуудлыг зохицуулж буй. Эдгээр хуулийг хэрхэн хэрэгжүүлж байгааг тодорхой шалгуур бүхий асуумж, хуудсаар үнэлдэг жишиг бий. Жишээлбэл, орчны хүртээмжийн чиглэлээр гэхэд л Барилгын тухай хуульд тухайн барилгын загвар болон эх загвар, зураг төсөлд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээг хангасан төлөвлөлтийг тусгасан. Үүнд орон сууц, олон нийтийн барилгууд хөгжлийн бэрхшээлтэй хүний орж, гарах боломжийг хангасан налуу зам болон бусад тоног төхөөрөмжөөр тоноглосон байх талаар заасан. Мөн задгай талбай ба хонгилын хананд зориулалтын бариул, хараагүй хүн явах, зүг чигээ олоход зориулж тод өнгөөр будсан зурвас бүсийг тэмдэглэн, хөтөч зам төлөвлөх ёстой. Барилгын давхар, өрөө, тасалгааны дугаарыг зарлагч суурилуулах, хаалгануудад том товчлуур байршуулж, тоон цифрийг босоогоор, тод томруун бичих, цахилгаан шатны бүхээгт давхрын дугаар зарлагчтай байх, ариун цэврийн өрөөг зөв төлөвлөж, зориулалтын хэрэгслээр тоноглох зэргийг нарийвчлан заасан байдаг. Гэвч барилга байгууламжийг ашиглалтад оруулах, дүгнэлт гаргах Улсын комисст ажиллаж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөлд хүртээмжийг үнэлэх үнэлгээний шалгуур хуудас нь байдаггүй. Учир нь аль ч байгууллагаас ийм хуудас боловсруулж, батлуулаагүй. Тиймээс энэ бүхнийг нэгбүрчлэн шалгах боломжгүй тул тухайн барилгыг Улсын комисс шууд хүлээн авчихаж байна. Тэгэхээр үнэлгээний шалгуур хуудсыг боловсруулах шаардлагатай гэсэн үг. Мөн зам, нийтийн тээврийн хэрэгслийн орчны хүртээмжийг сайжруулахад хүртээмжтэй байдлын стандарт, түүний хэрэгжилтийг шалгах үнэлгээний хуудас боловсруулах хэрэгцээ бий. Бас нийтийн тээврийн зогсоолын хүртээмжтэй байдлын төлөвлөлт бүхий стандарт, түүнийг шалгах хуудас ч шаардлагатай. Өөрөөр хэлбэл, барилга байгууламжийн хүртээмжийг бүрдүүлэх чиглэлээр хууль, стандарт, норм, дүрэм хангалттай байгаа ч үнэлгээний тодорхой шалгуур хуудсыг өнөөг хүртэл боловсруулж, батлуулаагүй. Түүний дагуу хяналт, үнэлгээг барилга байгууламжид тодорхой, тогтмол хугацаатай, шат дараалалтай хийдэггүй, барилгуудыг гэрчилгээжүүлээгүй учраас холбогдох хуулийг шат шатандаа төдийлөн хэрэгжүүлэхгүй байна” гэсэн юм.
Манай улсад Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан явган хүний зам MNS5682:2006, Явган хүний замыг төлөвлөх заавар MNS6056:2009, Иргэний барилгын төлөвлөлтөд тооцоолсон орон зай, орчин MNS6055:2009 зэрэг хүртээмжийн стандарт бий. Харамсалтай нь, эдгээр стандартыг барилга байгууламж, зам, тээвэр, бүтээн байгуулалтын салбарт заавал хэрэгжүүлэх заалтгүйгээр зөвхөн зөвлөмжийн чанартай ашиглаж иржээ. Тиймээс хэрэгжилт нь хангалтгүй гэнэ. Мөн Нийтийн зорчигч, тээврийн ангилал ба үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага MNS 5012:2011, Нийтийн тээврийн хэрэгслийн зогсоолын төлөвлөлт БД 32-101-17 стандарт байдаг ч эдгээрт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийтийн тээврээр саадгүй зорчих талаар хангалттай дурдаагүй аж. Дээр дурдсанчлан хүртээмжийг нь үнэлэх шалгуур хуудасгүйгээс стандартуудын хэрэгжилтийг хянах боломж хязгаарлагдмал. Тиймээс эхний ээлжид Явган хүний зам, талбайн төлөвлөлт болон техникийн шаардлага MNS 6808:2019 стандартыг шинэчлэн боловсруулж, үнэлгээний шалгуур хуудастай болгожээ. Үүний дагуу мэргэжлийн хяналтын байгууллагынхан хяналт, үнэлгээ хийдэг болсон байна. Бусад стандартыг ч ийм шалгуур хуудастай болгочихвол хэрэгжилтийг нь үнэлэхэд хялбар болохыг мэргэжлийн хяналтын байгууллагынхан онцоллоо.
Улмаар цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бие даан амьдрах орчны хүртээмжийг сайжруулахын тулд хэд хэдэн стандартыг шинэчилж, санаачлах, тэдгээрийн хэрэгжилтийг шалгаж, тогтмол аудит оруулах шаардлагатай аж. “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах” төслийн зөвлөх Т.Батдулам 2020 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн олон нийтийн барилга байгууламж, нийтийн тээврийн үйлчилгээ, мэдээлэл харилцаа холбооны болон орчны хүртээмжийн нөхцөл байдлын талаар хамгийн сүүлийн үеийн мэдээллүүдийг багтаасан цогц судалгааг төрийн болон төрийн бус байгууллагынхантай хамтран хийжээ. Судалгааны үр дүнгээс инфографикт үзүүллээ. Мөн нийтийн тээврийн орчны хүртээмжийн хүрээнд хийсэн шалгалтаар автобусанд сууж, буухад налуу замгүй, шилжих тавцангийн хэсэг товруут тэмдэггүй, хаалга нь мэдэгдэх товчлуургүй, чиглэл, буудлын зогсоолын талаар мэдээлэл авах боломжгүй, яаралтай тусламжийн үйлчилгээгүй, автобусны буудал дээр дуут зарлагчгүй байсан аж. Ерөнхийдөө олон нийтийн барилгууд орчны стандартыг 37.5 хувь хангасан, нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмж дунд зэрэг гэж үнэлэгджээ. Өөрөөр хэлбэл, хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн бүх л үйлчилгээг авахад цаг ямагт саадтай учирсаар байна. Тиймээс цаашид өдгөө мөрдөж буй холбогдох хууль, тогтоомж, стандартуудыг бүрэн дүүрэн хэрэгжүүлэхэд салбар бүрт үнэлгээний хуудас бий болгох, саадгүй хүртээмжийн гэрчилгээ олгох, тав тухтай барилга байгууламж, нийтийн тээврийн, зогсоолын орчны хүртээмжийн стандарт боловсруулах хэрэгтэй гэнэ. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг барилга байгууламжийн болон замын зураг төсөл боловсруулах, зураг төсөл хүлээн авах комисст заавал оруулах шаардлагатай аж. Учир нь хүртээмжийг хангахгүйгээр зурагдсан, түүнийхээ дагуу нэгэнт баригдчихсан барилгыг засварлах нь хүч, хөрөнгө, хугацаа нэлээд зарцуулж таарна.
Эдгээрээс гадна хамгийн чухал нь салбар дундын хамтын ажиллагааг хангасан, тусгайлсан зүйл, заалт бүхий хууль, эрх зүйн зохицуулалт хэрэгтэй аж. Энэ чиглэлээр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах” төслөөс техник, арга зүйн зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж буй юм байна. Учир нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орчны хүртээмжийг хариуцдаг харьяа албан газрууд нь тус тусдаа үйл ажиллагаа явуулдаг. Холбогдох хууль, тогтоомж нь ч харилцан адилгүй тул хэрэгжилтэд нь хяналт тавихад хэцүү гэнэ.
Орчны хүртээмжтэй холбоотой хуулиудын зүйл, заалтуудын уялдаа холбоог хангах, давхардлыг арилгаж, нэгтгэхийн тулд холбогдох албаныхан өдгөө Саадгүй байдал, хүртээмжийн тухай хуулийн төсөл боловсруулж байна. Уг хуулийн төсөлд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн онцлог, хэрэгцээ, нөхцөлийг бүрэн тусгаж буйгаараа маш чухал аж. “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах” төслийн багийнхан ч дээрх үнэлгээ, судалгаа, олон улсын хууль тогтоомж, конвенцын хүрээнд орчны хүртээмжийг сайжруулахад шаардлагатай саналуудаа эл хуулийн төсөлд тусгуулахаар өгснийг зөвлөх Т.Батдулам хэллээ. Тухайлбал, барилга байгууламжийн хонгил хэсгийн шалны гадаргуу нэг түвшинд, халтирамтгай материалаар хийсэн, эсэх, шулуун болон цэгэн тэмдэглэгээтэй тактелин зам, хөтөч бариул хонгилын хананд байгаа, үгүйг нэмж оруулах гэнэ. Мөн нийтийн тээврийн буудлын талаарх мэдээллийг харааны бэрхшээлтэй иргэдэд зориулж аудио бичлэгээр зарладаг болгохыг, нийтийн тээврийн зогсоол, буудлын мэдээллийн самбарыг брайл бичиглэлтэй, зарлагч автомат төхөөрөмжийг байрлал заагчтай холбох зэргээр харааны бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй болгох заалт ч бий. Бүх шатны боловсролын байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудыг суралцах, мэргэжил эзэмшихэд нь сургалтын болон суралцах орчны саадгүй байдлыг бүрдүүлэхийг бодлогоор дэмжих, хөгжлийн бэрхшээлийг цогцоор нь үнэлэх аргачлал болох “Үйл ажиллагаа, хөгжлийн бэрхшээл эрүүл мэндийн олон улсын ангилал” нэвтрүүлэхийг ч тусгаж. Барилга байгууламжийн болон замын зураг төсөл боловсруулах, зураг төсөл хүлээн авах комисст хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг оролцуулахад шаардлагатай стандартыг боловсруулж, хуульчлах санал мөн оруулжээ.
НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцод нийтийн барилга байгууламж, тээврийг илүү хүртээмжтэй болгох чиглэлээр жилийн төлөвлөгөө гаргах, барилга барих зөвшөөрөл олгохдоо холбогдох стандартуудыг заавал мөрдүүлэх, хүртээмжтэй нийтийн тээврийн тоог нэмэгдүүлэх, автобусанд тэргэнцэртэй иргэнийг зорчих боломжоор хангах, зорчих цагийн хуваарийн мэдээллийг хүртээмжтэй хэлбэрээр олон нийтэд хүргэх зэрэг багтдаг. Тэгвэл олон улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдрах орчныг хэрхэн шийдэж, сайжруулсан байдаг вэ. Улс орнуудын Засгийн газрууд өдгөө бүх иргэндээ тэгш эрх олгох бодлого баримталж буй. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ялгаварлан гадуурхахаас сэргийлэх нь тухайн улсын Засгийн газрынх нь үүрэг тул үүнийгээ зохицуулсан хууль, эрх зүйн орчныг бүрдүүлдэг. Өөрөөр хэлбэл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд мөнгөн тэтгэмж олгохоос гадна нийгмийн харилцаанд чөлөөтэй оролцох, тэгш боломжоор хангахыг чухалчилдаг. Хэдийгээр хөгжингүй орнууд хүртээмжтэй байдлын бодлогоо харьцангуй хожуу тодорхойлсон ч хэрэгжүүлэх механизм нь хурдтай байна. Мөн Япон, БНСУ, Тайланд, Сингапур зэрэг Азийн болон Номхон далайн баруун бүсийн олонх улс, хот хөгжлийн бэрхшээлтэй иргэн амьдрахад ээлтэй орчныг хэдийн бүрдүүлжээ. Жишээлбэл, БНСУ орчны хүртээмжийг “тохь тухтай байгууламж”, “саад бэрхшээлгүй орчин” гэх энгийн ойлголт, ухагдахуунаар олон нийтэд ойлгуулж, сурталчилдаг аж. Өөрөөр хэлбэл, орчны хүртээмжийг сайжруулах тухай асуудал нь зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хамааралтай бус, харин тухайн улс, хотын хөгжлийн суурь бодлого, төлөвлөлт болон хөгжиж байна. Харах, сонсох, хөдлөх, танин мэдэх, бусадтай харилцах, сэтгэн бодох, хүртэх, сэтгэлийн хөдөлгөөнөө удирдах, өөрийгөө хянах, анхаарлаа төвлөрүүлэх, суралцах зэргээр хүн бүрийн үйлдэхүйн чадвар нь өөр өөр. Ийм өөр өөр хүн бүр л саадгүй амьдрах орчныг бүрдүүлэх нь эдүгээ улс орнуудын тэргүүлэх зорилго болжээ.
Эх сурвалж: Өнөөдөр сонин 2022.02.16
О.Бат-Ундрах