Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон бусад дагалдах хуулийн төсөлд санал авч байна
Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар
тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Алсын
хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого”-ын 3.1.4-т
“Нийгмийн халамжийн үйлчилгээнд хүн амын эмзэг бүлгүүдийг бүрэн хамруулна.”,
3.1.5-д “Зорилтот, эмзэг бүлгийн өрх, иргэний амьжиргаанд хүрэлцэхүйц хэмжээний
нийгмийн халамжийн тусламж, дэмжлэгийг үзүүлдэг болно.” гэж тус тус заасан.
Монгол Улсын
Их Хурлын 2020 оны 24 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”–ийн 2.5.7-д “Өрхийн амьжиргааны түвшинг тогтоох
аргачлалыг боловсронгуй болгож, нийгмийн халамжийн үйлчилгээг зорилтот бүлэгт
чиглүүлэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, ядуурлыг тууштай бууруулна.” гэж
тусгасан.
Эдгээр бодлогын
зорилттой уялдуулан улс орны эдийн засгийн нөхцөл боломж сайнгүй байгаа өнөөгийн нөхцөлд нийгмийн халамжийн нийт зардлыг
огцом бууруулахгүйгээр, халамжийн төсвийн хүрээнд дахин хуваарилалт хийж,
халамжийн туслалцаа хамгийн их шаардлагатай ядуу иргэдэд чиглэсэн дэмжлэгт илүү
анхаарсан, нийгмийн халамжийн биш хөтөлбөрүүдийг багасгах, халамжаас салгах,
хөдөлмөрлөх чадвартай боловч халамж хүртдэг иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг
дэмжих, нийгмийн халамжийн үйлчилгээг сайжруулах зорилгоор Нийгмийн халамжийн
тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг батлагдсан үзэл баримтлалд
нийцүүлэн боловсрууллаа.
Хуулийн төсөлд нийгмийн халамжийн арга
хэмжээ нь нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн халамжийн дэмжлэг, нийгмийн халамжийн үйлчилгээ гэсэн 4 төрөлтэй
байхаар тусгасан.
Энэхүү төслийг боловсруулахдаа нийгмийн халамжийн мөнгөн
тэтгэмж, тусламжуудыг нэгтгэх замаар нэр төрлийг цөөлөх,
халамжийн үйлчилгээний төрөл хэлбэрийг өргөжүүлэх,
хамрах хүрээг нийгмийн дэмжлэг туслалцаа шаардлагатай
хэсэгт түлхүү чиглүүлэх, хөрөнгийн
хэмжээг тогтвортой байлгахын зэрэгцээ үр нөлөөг дээшлүүлэх зарчим баримталсан болно.
Түүнчлэн нийгмийн халамжийн арга хэмжээг
амьжиргааны түвшин, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаа болон боловсрол,
эрүүл мэндийн суурь үйлчилгээтэй уялдуулах зохицуулалтыг тусгалаа.
Нийгмийн
халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийг
дагалдуулан нэмэлт, өөрчлөлт оруулсан хуулийн төсөл батлагдсанаар нийгмийн халамжийн өнөөгийн тогтолцооны хамрах хүрээ нь
оновчтой, зорилтот
бүлэгт чиглэсэн, эдийн засгийн хувьд үр өгөөжтэй байж, үйлчилгээ нь иргэдийн идэвхи сонголтод тулгуурлан хөдөлмөр
эрхлэлтийн бодлоготой уялдсан, уян хатан, чанартай, хүртээмжтэй болно.
Түүнчлэн
нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, үйлчилгээний төрлүүдийг оновчтой тогтоон зарим хөнгөлөлт, тусламжийг
нэгтгэн багцалснаар өрх, иргэнд олгогдож
байсан тэтгэмж, үйлчилгээний давхардал арилж, халамжийн
туслалцаа хамгийн их шаардлагатай ядуу иргэдэд чиглэсэн дэмжлэгт илүү хөрөнгө
хуваарилагдах, тэдний амьжиргаанд эерэг нөлөө үзүүлэх боломжтой
болно.
Хуулийн төсөлд өгөх саналаа gereltuya@mlsp.gov.mn хаягаар
ирүүлнэ үү.
Хуулийн төслийг хавсралт хэсгээс татаж авна уу.