Б.Ундрам: Зөвхөн үндсэн ажлаасаа халагдсан тохиолдолд ажилгүйдлийн тэтгэмж олгоно

2021 оны долоодугаар сарын 21-ний өдрийн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 09 дүгээр тогтоолоор “Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журам”-ыг шинэчлэн баталсан байдаг. Тус журмын өөрчлөлт даатгуулагчийн тэтгэмж авах үйл явцад хэрхэн нөлөөлж байгаа болон журмын гол шинэчлэлүүдийн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Б.Ундрамтай ярилцлаа.


-Даатгуулагчид ажилгүйдлийн тэтгэмж авах эрх хэрхэн үүсдэг вэ?

-Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1-д “Даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн есөн сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд ажилгүйдлийн тэтгэмж авах, мэргэжлийн сургалтад хамрагдах эрх анх үүснэ” гэж заасан. Тус хуулийн 5 дугаар зүйлд “Ажлаас халагдсан даатгуулагч ажил олгогчтойгоо тооцоо хийж дууссанаас хойш 14 хоногийн дотор, хүндэтгэн үзэх шалтгаантай бол гурав хүртэл сарын дотор оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ хөдөлмөр эрхлэлтийн алба, уг бирж байхгүй бол нийгмийн даатгалын байгууллагад бүртгүүлэх үүрэгтэй” гэж заасан байдаг.

-Сүүлийн гурван жилд ажилгүйдлийн тэтгэмжийг яаж олгосон бэ?

-Ажилгүйдлийн даатгалын сангаас 2018 онд 21423 хүнд 34.3 тэрбум төгрөг, 2019 онд 23064 хүнд 43.5 тэрбум төгрөг, 2020 онд 21374 хүнд 50.2 тэрбум төгрөг тус тус зарцуулсан байна. Шинэчилсэн журам батлагдсанаар жилд 22 мянган хүн цахимаар ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлтээ шийдвэрлүүлж, цаг хугацаа, зардал хэмнэх боломжтой.

-Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох шинэчилсэн журамд тусгагдсан гол зохицуулалтаас тайлбарлана уу?

-Сангийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2020 оны 246, А/245 дугаар хамтарсан тушаалаар нийгмийн даатгалын дэвтрийг 2021 оноос цахимжуулсан. Нийгмийн даатгалын дэвтэр цахим болсонтой холбогдуулан нийгмийн даатгалын сангаас үзүүлдэг зарим үйлчилгээг цахим болгох боломж бүрдсэн. Хөдөлмөрийн байгууллага, нийгмийн даатгалын байгууллага болон даатгуулагч хоорондын харилцааг цахимаар зохион байгуулахаар тусгасан. Нийгмийн даатгалын төв байгууллага нь ажилгүйдлийн тэтгэмж авагчийн тэтгэмж зогсоогдсон мэдээллийг хөдөлмөрийн байгууллагад тухай бүр цахимаар мэдэгдэнэ. Мөн бүрдүүлсэн бичиг баримтаа нийгмийн даатгалын байгууллагад цахимаар илгээж болохоор тусгасан. Ингэснээр нийгмийн даатгалын үйлчилгээг цаг хугацаа, орон зайнаас үл хамааран чирэгдэлгүй авах, механик ажлыг хөнгөвчлөх, ажлын ачааллыг бууруулах, хууль сурталчлах ажлыг түлхүү хийх, тэтгэмж авах зорилгоор хуурамч баримт бичиг бүрдүүлэх, нийгмийн даатгалын санд үүсэх эрсдэлээс хамгаалах юм. Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1, 46.1.2-т заасан үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөгдсөн даатгуулагч ажилгүйдлийн тэтгэмж авах эрх нь үүссэн, хуульд заасан нөхцөлийг хангасан тохиолдолд түүнд ажилгүйдлийн тэтгэмж олгоно. Харин албан журмын даатгуулагч нь байгууллагын захиалгаар суралцаж, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч нь уг хугацааны тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын шимтгэлийг хариуцан төлж байгаа тохиолдолд даатгуулагчид ажилгүйдлийн тэтгэмж олгохгүй байхаар зохицуулсан. Нийгмийн даатгалын байгууллага нь даатгуулагчийн сард ногдох тэтгэмжийг тухайн даатгуулагчийн саналыг харгалзан сард хоёр хүртэлх удаа буюу нэг удаа олгож болохоор тус тус тусгасан.

-Ажилгүйдлийн тэтгэмжийн асуудлыг ерөнхийд нь ямар хуулиар зохицуулдаг вэ?

-Нийгмийн даатгалын тухай хуульд заасны дагуу шимтгэл төлж ажилгүйдлийн даатгалд даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж олгох, мэргэжлийн сургалтад хамруулахтай холбогдсон харилцааг зохицуулдаг.

-Ажилгүйдлийн тэтгэмж авахад ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?

-Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмж авахдаа даатгуулагч дараах материалыг бүрдүүлнэ. Даатгуулагчийн өргөдөл, нийгмийн даатгалын цахим дэвтэр эсвэл лавлагаа, ажлаас чөлөөлсөн, халсан тухай шийдвэр, иргэний үнэмлэх, түүний хуулбар, ажилгүй болсноо хөдөлмөрийн байгууллагад бүртгүүлсэн тухай мэдэгдэх хуудас, хугацаа нь дуусгавар болж буй ажил гүйцэтгэх гэрээ, хөлсөөр ажиллах гэрээ болон эдгээртэй адилтгах бусад гэрээ зэргийг бүрдүүлэх юм.

-Ажилгүйдлийн тэтгэмжийг хэдий хугацаанд багтааж олгодог вэ?

-Даатгуулагчид ажилгүйдлийн тэтгэмжийг Ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу бүртгүүлсний дараагийн өдрөөс эхлэн ажлын 76 өдрийн хугацаанд олгоно.

-Тэтгэмжийн хэмжээг хэрхэн боддог вэ?

-Ажилгүйдлийн тэтгэмжийг даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацааг харгалзан сүүлийн бүтэн ажилласан гурван сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан хувь хэмжээгээр тооцож олгоно. Тухайлбал, шимтгэл төлж ажилласан хугацаа тав хүртэл жил бол 45 хувь, 5-10 хүртэл жил бол 50 хувь, 10-15 хүртэл жил бол 60 хувь, 15 болон түүнээс дээш жил бол 70 хувиар тооцож олгоно. Ажилгүйдлийн тэтгэмжийн хэмжээг тооцох сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджийг тодорхойлохдоо гурван сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын нийлбэрийг гуравт хувааж, нэг сард ногдох ажилгүйдлийн тэтгэмжийн хэмжээг тооцохдоо гурван сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджийг Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1-д заасан шимтгэл төлж ажилласан хугацаа (жил)-нд харгалзах хувь хэмжээгээр үржүүлж 100-д хуваана. Ажлын нэг өдөрт ногдох тэтгэмжийн хэмжээг тооцохдоо энэ журмын дээр заасан нэг сард ногдох ажилгүйдлийн тэтгэмжийн хэмжээг сарын ажлын  өдрийн дундаж тоо (21.2 өдөр)-нд хуваана. Тухайн даатгуулагчид олговол зохих ажилгүйдлийн тэтгэмжийн хэмжээг тогтоохдоо дээр дурдсан ажлын нэг өдөрт ногдох тэтгэмжийн хэмжээг ажлын 76 өдрөөр үржүүлж тодорхойлно.

-Шинэчилсэн журамд хяналт, хариуцлагын талаар тусгагдсан уу?

-Ажилгүйдлийн тэтгэмж авагчийн тэтгэмжийн бодолт, олголт, мэргэжлийн болон давтан сургалтад хамрагдсан эсэхэд Нийгмийн даатгалын төв, орон нутгийн байгууллага хяналт тавина. Энэхүү журмыг зөрчсөн албан тушаалтан, даатгуулагч, ажил олгогчид холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэх заалт нэмж тусгасан.

-Үндсэн ажлаас гадуур давхар ажил эрхэлж байсан бол ажилгүйдлийн тэтгэмж авах уу?

 -Үндсэн ажлаас гадуур байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээний дагуу давхар ажил эрхэлж байгаа даатгуулагч зөвхөн үндсэн ажлаасаа халагдсан тохиолдолд ажилгүйдлийн тэтгэмж  олгохоор заасан байдаг. Даатгуулагч үндсэн ажлаас халагдсаны дараагийн өдрөөс эхлэн давхар ажиллаж буй аль нэг байгууллагын үндсэн даатгуулагчаар шилжин Нийгмийн даатгалын тухай хуульд заасан нөхцөл журмын дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлж, ажилласан тохиолдолд түүнд ажилгүйдлийн тэтгэмж олгохгүй.

-“Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журам”-ыг хэрхэн баталдаг вэ?

-Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3-т “Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журмыг нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл батална” гэж заасан байдаг.

-Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгоход нийгмийн даатгалын байгууллага ямар үйл ажиллагааг зохицуулдаг вэ?

-Нийгмийн даатгалын төв, орон нутгийн байгууллага нь даатгуулагч буюу иргэний ажилгүйдлийн тэтгэмж хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгэх, ажилгүйдлийн тэтгэмжийг тооцож олгох, тэтгэмж авч буй иргэн ажилд орсон эсэхэд хяналт тавих, ажилгүйдлийн тэтгэмж авагч мэргэжлийн болон давтан сургалтад хамрагдсан тохиолдолд уг сангаас сургалтын зардлыг санхүүжүүлэх ажлыг эрхлэн гүйцэтгэнэ. Мөн ажилгүйдлийн тэтгэмж авагчийн тэтгэмжийн бодолт, олголт,  мэргэжлийн болон давтан сургалтад хамрагдсан эсэхэд Нийгмийн даатгалын төв, орон нутгийн байгууллага хяналт тавина.

-Ажилгүйдлийн тэтгэмж олгоход хөдөлмөрийн байгууллага ямар үйл ажиллагааг зохицуулдаг вэ?

-Хөдөлмөрийн асуудал хариуцсан байгууллага нь ажилгүй болсон даатгуулагчийг бүртгэх, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, төсөл, хөтөлбөрт хамрагдах боломж, хөдөлмөрийн зах зээлийн талаар мэдээллээр хангаж, зөвлөгөө өгөх, сургалтад хамруулах, ажилгүйдлийн тэтгэмж авагчийг түр болон байнгын ажилд зуучлан оруулна. Энэхүү мэдээллийг тухай бүрд уг иргэний харьяалах нийгмийн даатгалын байгууллагад мэдэгдэн хамтран ажиллана.

-Ажилгүйдлийн даатгалын сангаас жилд дунджаар 22 мянга орчим хүн тэтгэмж авдаг юм байна. Журмын шинэчлэлээр ажилгүйдлийн тэтгэмжийг цахимаар авч, цаг хугацаа, зардлаа хэмнэх боломжтойг та ярилцлагын эхэнд хэлсэн. Ажилгүйдлийн тэтгэмж авах өргөдөл, материалыг нийгмийн даатгалын байгууллага цахимаар хүлээж авах цахим систем хэзээ бэлэн болох вэ?   

-Ажилгүйдлийн тэтгэмж авах өргөдөл, материалыг цахимаар хүлээн авч тэтгэмж олгох цахим системийг бэлэн болгохоор нийгмийн даатгалын байгууллага ажиллаж байна. Энэ сар болон ирэх аравдугаар сардаа багтааж холбогдох программыг нэвтрүүлнэ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Дээш