Сэргээн засалт сургалт үйлдвэрлэлийн төв АНУ-ын сайн туршлагыг нэвтрүүлж хамтран ажиллана
АНУ нь ХБИ-дэд зориулсан сэргээн засах, нөхөн сэргээхийн тусламж үйлчилгээ нь чанар, шинэ инновацаараа дэлхийд тэргүүлэгч улсын нэг. Тиймээс ХБИ-ийн Сэргээн засалт сургалт үйлдвэрлэлийн төв нь АНУ-ын тэргүүлэх үйлчилгээ, шинэ арга аргачлал, инновацын туршлагаас суралцах, гадаад харилцаагаа тэлэх, үйл ажиллагаагаа өргөжүүлэх, чанаржуулахын тулд АНУ-ын Элчин сайдын яаманд хамтран ажиллах хүсэлт тавьсан билээ. Өнөөдөр энэхүү үйл ажиллагааны эхлэл болгож УИХ-н гишүүн Д.Цогтбаатар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл С.Клечески Сэргээн засах төвд хамтран ажиллах талаар санал солилцов. Мөн Элчин сайд Майкл С.Клечески тус төвийн үйл ажиллагаатай танилцлаа.
УИХ-н гишүүн Д.Цогтбаатар “Хөгжлийн бэрхшээлтэй иргэн нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж бие махбод болоод сэтгэл санаагаа бэлдэхээс эхлээд энэ асуудлыг цогцоор нь шийдвэрлэх шаардлага тулгарч байна. Нийгмийн үйл ажиллагаанд оролцоход бэлэн болсон байх ёстой. Тиймээс АНУ-ын судалгаа мэдээлэлд суурилсан жишээг манай улсад нэвтрүүлж хамтран ажиллах санал тавьж өнөөдрийн уулзалтыг зохион байгууллаа.
Ингэснээр бид ХБИ-ийн сэргээн засах үйлчилгээг шат ахиулж сайжруулна гэдэгт итгэлтэй байна” гэв. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “Манай улсын 108 мянган ХБИ-ийн 13 мянга нь хөдөлмөр эрхэлдэг. Ажил мэргэжил болоод бусад асуудлаас болж хөдөлмөр эрхлэх чадвараа алдсан иргэн сэргээн засах эмчилгээ, үйлчилгээний дараа нийгмийн харилцаанд орох, хөдөлмөр эрхлэх чадвартай болох учиртай. Тиймээс энэ үйлчилгээг сайжруулахын тулд бид АНУ-ын сайн туршлагыг нэвтрүүлж хамтран ажиллах гэж байгаадаа баяртай байна. Хөдөлмөрийн тухай хуульд 25 ба түүнээс дээш ажилтантай ААН, байгууллага ажилтан, албан хаагчдынхаа 4 ба түүнээс дээш хувийн орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулахаар заасан. Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажиллуулаагүйн төлбөрт аж ахуйн нэгж байгууллагаас Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төвлөрүүлдэг. Энэ мөнгийг эргээд ХБИ-ийн сэргээн засалт, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээнд зарцуулах шийдвэрийг Засгийн газар гаргасан” гэсэн юм. Элчин сайд Майкл С.Клечески “АНУ 1990 онд ХБИ-ийн талаарх хууль баталсан. Тус хуулийг хэрэгжүүлэхийн хажуугаар ХБИ-ийн нийгмийн асуудлыг сайжруулах, шийдвэрлэх олон ажил, арга хэмжээг хэрэгжүүлж багагүй туршлага хуримтлуулсан. Эдгээр туршлага, мэдлэгээ хуваалцаж тэр дундаа сэргээн засах хамтын ажиллагаагаа эхлүүлж байгаа нь бидний болоод хоёр улсын хоорондох харилцаанд чухал нөлөөтэй” гэв.