Ажлын байрны бэлгийн дарамтаас ангид орчин бүрдүүлэх үлгэрчилсэн журам боловсруулах ажлын хэсгийн хурал боллоо
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүрэг гүйцэтгэгчийн хамтарсан тушаалаар батлагдсан “Төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд ажлын байранд бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, гарсан гомдлыг шийдвэрлэх хэм хэмжээг тусгуулах, бэлгийн дарамтаас ангид орчин бүрдүүлэхэд чиглэсэн үлгэрчилсэн журам” боловсруулах ажлын хэсгийн анхны хуралдаан өнөөдөр боллоо.
Энэхүү салбар дундын ажлын хэсгээс боловсруулах үлгэрчилсэн журмын дагуу төр, хувийн хэвшлийн байгууллагууд Хөдөлмөрийн дотоод журамдаа ажлын байрны бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, гарсан гомдлыг шийдвэрлэх чиглэлээр заалт тусгах юм.
Жендэрийн үндэсний хороо, Монголын эмэгтэйчүүдийн сан хамтран “Ажлын байрын бэлгийн дарамтаас урьдчилсан сэргийлэх, хамгаалах, түүнтэй холбоотой гомдлыг байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын хүрээнд хянан шийдвэрлэх талаарх арга зүйн зөвлөмж”-ийг боловсруулсан. Уг зөвлөмж нь гомдол гаргах үе шатыг зураглал хэлбэрээр, схемчилсэн байдлаар харуулж, анх ажилд орж байгаа ажилтнаас авах асуулга, шалгах асуулга гэсэн хоёр төрлийн асуулгыг багтаасан.
Иймээс бид дээрх боловсруулсан аргазүйн зөвлөмжийн хүрээнд төр, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн дотоод журамд ажлын байрны бэлгийн дарамтын талаар хэрхэн тусгах, бэлгийн дарамтаас ангид орчин хэрхэн бүрдүүлэх талаар үлгэрчилсэн журам боловсруулахаар ажлын хэсэг байгуулагдаад байна.
Ажлын байрны дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамт нь хүний эрх, хөдөлмөрлөх эрхийн ноцтой зөрчил бөгөөд жендэрт суурилсан ялгаварлан гадуурхалт, хүчирхийллийн нэг хэлбэр юм. Өнөөдөр 3 эмэгтэй тутмын 1 нь ажил, сургуулийн байр, түүний орчинд эрх мэдэл бүхий албан тушаалтан, хамтрагчийн зүгээс ажлын байрны бэлгийн дарамтад өртөж байна.
Хохирогчдын 97,5 хувь нь эмэгтэй, 2,5 хувь эрэгтэйчүүд байна.
Манай улс ялгаварлан гадуурхалт, ажлын байрны дарамтаас сэргийлэх, өртсөн тохиолдолд гомдол гаргах механизмын талаар олон гэрээ, конвенцид нэгдэн орж, Үндэсний хууль тогтоомжид тусгасан байдаг.
Тухайлбал, Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын пакт, Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн олон улсын пакт, Эмэгтэйчүүдийг алагчлах бүхий л хэлбэрийг устгах конвенц, Хүчирхийлэл дарамтыг хориглох тухай 190 дүгээр конвенц, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай ОУХБ-ын 155 дугаар конвенц, Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын тухай ОУХБ-ын 122 дугаар конвенц, Ялгаварлан гадуурхахгүй байх 111 дүгээр конвенц, Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, Хувь хүний нууцын тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл зэрэг болно.
Тус яамнаас УИХ-д өргөн бариад байгаа Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд ажлын байрны хүчирхийлэл, дарамтаас урьдчилан сэргийлэх, жендэрийн эрх тэгш байдлыг хангах асуудлыг тусгасан. Ингэснээр ажлын байрны бэлгийн дарамтад өрсөн хохирогчид туслалцаа үзүүлэх, цаашид дарамтад оруулахгүй байхаас сэргийлэх, ажлын байрны баталгааг хангах зохицуулалтыг бий болгох юм. Мөн ажил, мэргэжил хөдөлмөрийн харилцаанд аливаа төрлийн дарамтыг хориглох зүйл тусгаад байна.
Ажлын байрны бэлгийн дарамт учруулсан этгээдэд Зөрчлийн тухай хуулийн дагуу ажлын байрны бэлгийн дарамт бусдад учруулсан бол торгох, албадан сургалтад хамруулах, баривчлах, шийтгэл оногдуулах, ажил олгогч хөдөлмөрийн дотоод журамдаа АББД-аас урьдчилан сэргийлэх, гарсан гомдлыг барагдуулах хэм хэмжээг тусгах үүргээ биелүүлээгүй бол хуулийн этгээдийг торгох зохицуулалтай болсон.
Түүнчлэн манай улс 1981 онд нэгдэн орсон Эмэгтэйчүүдийг алагчлах бүхий л хэлбэрийг устгах Конвенцийн үндсэн зарчим нь алагчлахгүй байх, эрх тэгш байдлын, улс орны үүрэг хариуцлагын гэсэн үндсэн 3 зарчимтай байдаг бөгөөд эмэгтэйчүүдийн эрхийн зөрчлийн талаар гомдол гаргаж шийдвэрлүүлэх, хүний эрхийг хамгаалахад үндэсний тогтолцоо хангалтгүй байвал олон улсын механизм руу хандаж болох юм.