А.Ариунзаяа: Нийгмийн даатгалын дэвтрийг цахимжуулснаар 49.3 мянган ажил олгогч сар бүр дэвтрийн бичилт, баталгаажилт хийхээ больсон

Нийгмийн даатгалын шимтгэл болоод Капитал банканд байршуулсан нийгмийн даатгалын сангийн мөнгө зэрэг тус салбарыг тойрсон цаг үеийн асуудлаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяатай дэлгэрэнгүй ярилцлаа.

 

-Сүүлийн үед нийгмийн даатгалын шимтгэл олон нийтийн дунд бухимдал төрүүлээд байна. Иргэд олон нийтэд нэгдсэн мэдээлэл өгөхгүй юу. Нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч болон даатгуулагч ямар хувь хэмжээгээр төлөөд байна. Шимтгэлийн хувь хэмжээ нэмэгдсэн үү?

 

-Нэгдсэн зөв мэдээлэл өгөхийн тулд би эхнээс нь он цагийн дараалалтай яръя. Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлд заасны дагуу нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ нийт дүнгээр 26.0-28.0 хувь, үүнээс үйл ажиллагааны чиглэлээс хамаараад ажил олгогч 13.5-15.5 хувь, даатгуулагч 12.5 хувь байгаа. 1995-2007 онд дээр дурдсан хувь хэмжээг мөрдөж байсан. УИХ-аар баталсан Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2007 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар шимтгэлийн хувь хэмжээг бууруулан нийт дүнгээр 21.0-23.0 хувь, үүнээс ажил олгогч 11.0-13.0, даатгуулагч 10.0 хувиар төлөхөөр баталсан. Өөрөөр хэлбэл, тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ нийт дүнгээр 19.0 хувь байсныг 14.0 хувь болгон таван пунктээр бууруулж, ажил олгогч, даатгуулагч тэнцүү хэмжээгээр төлөхөөр өөрчилсөн. Ажил олгогч 7, даатгуулагч 7 хувиар гэсэн үг.

 

Улмаар нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр шийдвэрлэж, 2018 онд ажил олгогч, даатгуулагч тус тус 8.0 хувь, 2019 онд тус тус 8.5 хувь, 2021 оноос тус тус 9.5 хувь байхаар баталсан. Гэхдээ цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан ажил олгогч, даатгуулагчид шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлж байна.

 

-Нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлт аж ахуйн нэгж, иргэдэд хэрхэн нөлөөлж байна вэ?

 

-Цар тахлын улмаас үүссэн эдийн засгийн хүндрэл, бэрхшээлийг даван туулах, аж ахуйн нэгж, байгууллагуудад санхүүгийн хувьд дэмжлэг үзүүлэх зорилгоор УИХ-аас Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуулийг батлан 2020 оны 4 дүгээр сарын 1-ээс мөрдөж байна.

 

Энэ хуулийн  дагуу төрийн өмчийн болон төсөвт байгууллагаас бусад бүх аж ахуйн нэгж, байгууллага, түүнд ажиллаж байгаа даатгуулагчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг 2020 оны 4-9 дүгээр сард бүрэн чөлөөлсөн. Уг арга хэмжээнд 38.4 мянган ажил олгогч, тэдгээрт ажиллаж байгаа 410.7 мянган даатгуулагч, мөн сайн дурын 169.2 мянган даатгуулагч хамрагдаж, нийт 713.7 тэрбум төгрөгийн шимтгэлээс чөлөөлөгдсөн.

 

Мөн үйл ажиллагааг нь зогсоосон, орлого нь буурсан 7.3 мянган ажил олгогчийн 80.9 мянган ажилтанд 44.1 тэрбум төгрөгийн дэмжлэгийг ажилгүйдлийн даатгалын сангаас олгосон. Дээрх хуулийн үйлчлэлд хамрагдсан ажил олгогч, даатгуулагчдад шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэх арга хэмжээг 2021 оны долоодугаар сарын 01-ний өдөр хүртэл үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн. Тухайлбал, ажил олгогч, даатгуулагчийн төлөх тэтгэмж, ажилгүйдэл болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд бүрэн чөлөөлөхөөр, тэтгэврийн даатгалын шимтгэлийг 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд 3.5 хувиар, 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд 1.0 хувиар тус тус чөлөөлөгдсөн.

 

Энэхүү арга хэмжээнд нийтдээ 38.4 мянган ажил олгогч, тэдгээрт ажиллаж байгаа 410.7 мянган даатгуулагч, мөн сайн дурын 169.2 мянган даатгуулагч хамрагдаж, 2021 оны 7 дугаар сарын 1-ний байдлаар хүлээгдэж буй гүйцэтгэлээр нийтдээ 914.8 тэрбум төгрөгийн шимтгэлээс чөлөөлөгдөх тооцоололтой байна.

 

-Капитал банканд байршуулсан нийгмийн даатгалын сангийн яг хэчнээн төгрөг байсан, хэзээнээс байршуулсан юм бэ? Энэ мөнгөний хойноос явж байна уу, буцааж авахын тулд ямар ажил хийж байна гэдгийг иргэд их асууж байна?

 

-Нийгмийн даатгалын ерөнхий газар нь Капитал банктай 2007 онд “Хамтран ажиллах гэрээ” байгуулан харилцах болон хадгаламж хэлбэрээр мөнгөн хөрөнгө байршуулж эхэлсэн байдаг.

 

Харин 2016 оноос зарлагын гүйлгээ хийгдэхгүй болсон тул тус оны наймдугаар сараас хойш нэмж мөнгө байршуулалгүй, нийгмийн даатгалын сангийн харилцах данснуудаас хийгдэж байгаа гүйлгээг өдөрт нь хийх, зарлагын гүйлгээ хийх боломжоор хангах, “Банкны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох, түүнд хяналт тавих журам”-ын зарим шалгуур үзүүлэлтийг хангахгүй байгаа тул “Мөнгөн хадгаламжийн гэрээ”-г цуцлах зэрэг шаардлагуудыг удаа дараа хүргүүлж ажилласан. Харин 2019 оны дөрөвдүгээр сард Монголбанкны шийдвэрээр тус банкийг албадан татан буулгасан бөгөөд энэ үед нийгмийн даатгалын сангийн 104.2 тэрбум төгрөгийн Капитал банканд байршиж байсан.

 

Үүнээс хойш тус авлагыг барагдуулахын тулд АТГ, Монголбанк, Нийслэлийн прокурорын газар, Эрүүгийн цагдаагийн газар, банкны эрх хүлээн авагчтай хамтран ажиллаж, шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлсээр байна. Тухайлбал, Капитал банканд байршиж байсан 104.2 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгийг тус банкны эрх хүлээн авагчтай тооцоо нийлэн баталгаажуулсан.  Мөн Захиргааны хэргийн шүүх болон Иргэний хэргийн анхан шатны шүүхэд төлбөрийн дараалал урагшлуулах, төлбөрийг барагдуулах нэхэмжлэл гаргаж, шүүхээс манай нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн.  Захиргааны хэргийн шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, шийдвэрлэснээр төлбөр барагдуулах дарааллыг 3 түвшин дээшлүүлж, одоо барагдуулах ажиллагаа явагдаж байна.

Тус банкны эрх хүлээн авагч зөвлөлийн гишүүдтэй 30 удаагийн уулзалт хийж, 25 албан бичиг хүргүүлж, холбогдох шаардлагатай мэдээллийг 32 удаа цахим шуудангаар солилцсон.

 

-Тэгэхээр эхнээсээ авлагыг барагдуулаад эхэлсэн гэсэн үг үү?

 

-Дээрх дурдсан ажлын үр дүнд эхнээсээ нэхэмжлэлийг барагдуулж, одоогийн байдлаар 1.5 тэрбум төгрөгийн авлагыг барагдуулаад байна. Одоо банкны эрх хүлээн авагчаас өр төлбөрт санал болгосон үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийг газар дээр нь үзэж, судлах, холбогдох эрх бүхий байгууллагуудаар шийдвэр гаргуулах чиглэлээр ажиллаж байна.

 

Энэ банктай холбоотой асуудал хууль хяналтын байгууллагуудаар шалгагдаж байна. Өнөөдрийг хүртэл эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа. Хэргийг шалгах явцад прокурорын байгууллагаас Капитал банкны эзэмшилд байгаа томоохон хөрөнгүүдийг битүүмжилсэн тул хөрөнгийг худалдан борлуулах ажиллагаа явагдахгүй төлбөр барагдуулалт удаашралтай явагдаж ирсэн. Энэ асуудал эцэслэн шийдвэрлэгдвэл хөрөнгийг дуудлага худалдаанд оруулан борлуулах ажил хийгдэж, авлага барагдуулалт хийгдэх юм.

 

-Нийгмийн даатгалын байгууллага олон хүнд, өргөн цар хүрээтэй үйлчилгээ үзүүлдэг. Энэ хэрээр үйлчилгээний чанар хүртээмжтэй холбоотой санал гомдол ирдэг шүү дээ. Төрийн албаны үйлчилгээг сайжруулах чиглэлд ямар ажлууд хийж байна?

 

-Монгол Улсын Засгийн Газраас цахим засаглалыг бодлогоор дэмжиж, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, иргэдэд чирэгдэлгүй шуурхай үйлчлэх чиглэл баримталж байгаа. Манай салбар ч аль болох үйлчилгээний шат дамжлагыг халж, цахим үйлчилгээг идэвхжүүлж байна.

 

Тухайлбал, нийгмийн даатгалын дэвтрийг бүрэн цахимжуулснаар 49.3 мянган ажил олгогч маань сар бүр дэвтрийн бичилт, баталгаажилт хийх механик ажлаас чөлөөлөгдсөн. Нөгөө талаас дэвтэр хэвлэх хөрөнгө мөнгийг хэмнэж байна. Ажил олгогч болон даатгуулагч иргэд сайн дурын даатгалын бүх төрлийн үйлчилгээ авах, тэтгэврээ өөрчлүүлэх, нийгмийн даатгалын лавлагаа, тодорхойлолт авах, хөдөлмөрийн чадвар алдалтаа тогтоолгох, өргөдөл, гомдлоо шийдвэрлүүлэх зэрэг үйлчилгээг орон зай цаг хугацаанаас үл хамааран цахимаар авах боломжийг бүрдүүллээ.

 

Азийн хөгжлийн банкны санхүүгийн дэмжлэгтэйгээр нийгмийн даатгалын салбарт хийж байгаа програм хангамжийн шинэчлэл энэ онд бүрэн дуусна. Ингэснээр ажил олгогч, даатгуулагч болон нийгмийн даатгалын байгууллага хоорондын төлбөр, тооцоо тайлангийн асуудал бүрэн цахимжиж, иргэд, даатгуулагч бодит цагийн горим (real time)-д шуурхай үйлчилгээ авах нөхцөл бүрдэх юм.  

 

Иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэх, хуулийн мэргэшсэн зөвлөгөө өгөх зорилгоор дуудлагын төв (7777-1289) ажиллуулж байна. Өдөрт 230 орчим иргэнд утсаар, 800 орчим хүнд цахимаар мэдээлэл өгч, эргэх холбоотой ажилладаг. Энэ төв нь харааны бэрхшээлтэй болон ахмад настнуудыг ажлын байраар ханган ажиллуулдаг. Зөвхөн нийгмийн даатгалын дуудлагын төв гэхгүй манай салбарын хэмжээнд ХБИ-ийг ажиллуулдаг байгууллага цөөнгүй бий. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ ажлын байраар хангах тал дээр салбар яам нь түүчээлэн, бусад аж ахуйн нэгж байгууллагыг уриалж  ажиллах ёстой.

 

-Цахимжуулалтын хүрээнд сайн дурын даатгалын гэрээгээ цахимаар, гар утсаараа хийх боломжтой болсонд олзуурхаж байгаа?

 

-Тийм ээ. Малчин даатгуулагч шинээр сайн дурын даатгалын гэрээ байгуулах, сунгах, шилжилт хөдөлгөөнөө бүртгүүлэх, шимтгэлийн төлбөрөө төлөхийн тулд заавал нийгмийн даатгалын хэлтэс, банкны салбар дээр дугаарлах шаардлагагүй болсон. “Нийгмийн даатгал” аппликэйшнийг суулгаж үйлчилгээнүүдийг орон зай, цаг хугацааны хамааралгүй авахаас гадна шимтгэл төлөлтөө гар утаснаасаа хянах боломжтой. Мөн нийгмийн даатгалын цахим хуудас /ndaatgal.mn/ болон Мобайл банк, QPay зэрэг банкны аппликэйшнээр дамжуулан шимтгэлээ төлөх боломжийг бүрдүүлсэн.  

 

Нийгмийн даатгалын шимтгэлээ сайн дураар төлөх, гэрээгээ шинэчлэх хугацааны мэдэгдэл, алдангийн тооцоолол зэрэг хэрэгцээт мэдэгдэл, сануулгыг тухай бүр даатгуулагчид илгээх автомат горимтой. Энэ нь хугацаа хэтрүүлсэн алдангийн төлбөрөө мэдэхийн тулд утсаар лавлах, гэрээгээ сунгаж амжилгүй шимтгэл төлөлт тасрах зэрэг асуудлуудыг шийдэж байгаа юм.

 

-Сүүлийн жилүүдэд малчдын нийгмийн даатгалын асуудал маш их хөндөгдөж байгаа. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юү. Салбар яамнаас ямар бодлого, арга хэмжээг хэрэгжүүлээд явж байна вэ?

 

-Аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр мал малладаг малчдын хувьд нийгмийн даатгалд албан журмаар, бусад малчдын хувьд сайн дурын хэлбэрээр нийгмийн даатгалд хамрагддаг. Монгол Улсад 2020 оны байдлаар нийгмийн даатгалд хамрагдвал зохих 258.0 мянган малчин байгаагаас 18.4 хувь буюу 47500 малчин нь сайн дурын хэлбэрээр нийгмийн даатгалд хамрагдсан байна. Малчдыг нийгмийн даатгалд хамруулах ажлыг 21 аймаг, 330 суманд байгаа нийгмийн даатгалын ажилтнууд хариуцан гүйцэтгэж байна.

 

Нийгмийн даатгалд сайн дураар хамрагддаг малчид сарын орлогоо өөрөө тодорхойлдог. Улсын Их Хурлаас 2020 онд баталсан Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуулийн дагуу 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ажил олгогч, даатгуулагчдын төлөх нийгмийн даатгалын шимтгэлд хөнгөлөлт чөлөөлөлт үзүүлж байна. Уг хуулийн үйлчлэлд нийгмийн даатгал сайн дураар төлдөг малчид хамрагдаж байгаа.

 

-Тэтгэврийн даатгалын шимтгэлээ төлж амжаагүй малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч тэтгэврийн даатгалын шимтгэлээ хэзээг хүртэл нөхөн төлөх боломжтой вэ?

 

- Улсын Их Хурлаас “Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль”-ийг 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр баталж, 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Уг хуулийн үйлчлэлд 1995-2019 онуудад нийгмийн даатгалын шимтгэл төлөлт нь тасарсан 15-60 насны малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч хамрагдсан.

 

Малчнаар ажилласан хугацаа гэдгийг нотлох баримт нь жил бүрийн мал тооллогын баримт буюу манайхны хэлж заншсан “А” данс байх юм. Хэрэв “А” данс олдохгүй бол сум бүрд байгуулсан малчны зөвлөлд хандан малчнаар ажилласан жилээ тодорхойлуулах боломжтой.

            Хувиараа хөдөлмөр эрхлэгчийн хувьд татварын албанд хүн амын орлогын албан татвар төлөгчөөр бүртгүүлсэн, хүн амын орлогын албан татвар төлсөн байхаар журамласан.

 

Дээрх хуулийн үйлчлэлд 2020 оны 12 дугаар сарын мэдээгээр 17.5 мянган малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч хамрагдаж нийгмийн даатгалын санд 36.0 тэрбум төгрөгийн орлого хуримтлуулан, сангаас 8.3 мянган хүний тэтгэвэрт 15.0 тэрбум төгрөг зарцуулсан байна.

 

Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тархалтыг хязгаарлах зорилгоор улсын хэмжээнд бүх нийтийн болон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, хөл хорио тогтоосонтой холбогдуулж Улсын Их Хурлаас хуулийн үйлчлэх хугацааг 1 жилээр буюу 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл  хойшлуулсан. Ийнхүү коронавируст халдварын цар тахлын улмаас орлого нь буурч Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамрагдаж чадаагүй малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчид тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн боломжтой.

 

-Малчдын тэтгэвэрт гарах насыг 5 жилээр наашлуулсан. Гэтэл малын “А” данс байхгүй бол малчин гэдгийг нь нотлох баримтгүй болж тэтгэврээ тогтоолгоход бэрхшээл тулгарч байгаа тохиолдол бий. Үүнийг хэрхэн шийдвэрлэж байгаа вэ?

 

-Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Малчдын тэтгэврийн насыг 5 жилээр наашлуулах зорилт тусгагдсан. Үүний дагуу “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн төслийг 2017 онд УИХ-ын чуулганаар баталж, 2018 оны 01 дүгээр сарын 01-н хэрэгжүүлж эхэлсэн. Нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил нь малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас, эмэгтэй 12 жил 6 сараас доошгүй жил нь малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлж 50 нас хүрсэн бол тэтгэвэр тогтоолгох нөхцөлийг бүрдүүлсэн. Гэвч нийт сумдын 85 хувьд мал тооллогын “А” дансны бүртгэл байхгүйн улмаас малчнаар ажилласан жилийг тогтооход хүндрэл үүсэж эхэлсэн.

Үүнийг шийдвэрлэхээр “Даатгуулагчийн малчнаар ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох орон тооны бус зөвлөл” байгуулж улсын хэмжээнд нийт 337 зөвлөл ажиллаж байна. 2020 оны байдлаар 18 мянган малчин өндөр насны тэтгэврээ тогтоолгосон. Бид байгалийн хатуу ширүүн, хүнд нөхцөлд нүүдлийн мал аж ахуй эрхлэн хөдөлмөрлөж байгаа эрэгтэй, эмэгтэй малчдын нийгмийн баталгааг хангах ёстой.

 

-Олон хүүхэд төрүүлж, өсгөсөн эхчүүдийн нийгмийн хамгааллыг сайжруулах зорилгоор шимтгэл төлсөн  хугацааг хүүхдийн тоогоор нэмэгдүүлэх хуулийн хэрэгжилт хэр байгаа вэ?

 

-Улсын Их Хурлаас 2017 оны 2 дугаар сард Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулж олон хүүхэд төрүүлж, өсгөсөн эхчүүдийн нийгмийн хамгааллыг сайжруулах, тэтгэврийн үнэлэмжийг нэмэгдүүлэх зорилгоор төрүүлж, өсгөсөн хүүхэд бүрийн тоогоор нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг 1 жил 6 сараар нэмж тооцон, тэтгэвэр тогтоож олгох ажлыг 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс  эхэллээ.

 

Хуулийн үйлчлэл 2020 оноос шинээр тэтгэвэр тогтоолгох бүх эхчүүдэд хамаарна. Харин тэтгэвэр тогтоохдоо нийгмийн даатгалын шимтгэл төлсөн  жилийг хүүхэд тус бүрийн тоогоор 1 жил 6 сараар нэмэгдүүлж тооцох юм.

 

2020 оны байдлаар нийт 22.9 мянган эх төрүүлж өсгөсөн хүүхдийн тоогоор шимтгэл төлсөн жилээ нэмэгдүүлж тэтгэвэр тогтоолгосон бөгөөд үүнээс 22.5 мянган эх өндөр насны, 350  эх тахир дутуугийн, 80 эх тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгосон байна.   

 

Энэ арга хэмжээг авч хэрэгжүүлснээр олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдийг дэмжих, даатгуулагч эхийн шимтгэл төлсөн нийт хугацаа нэмэгдэж, тэтгэврийн хэмжээ өссөнөөр ахмад настны нийгмийн баталгаа сайжрах боломж бүрдэж байгаа юм.

 

-Үүнээс гадна гэртээ хүүхдээ харж байгаа ээжүүдийн нийгмийн даатгал тасалдах асуудал бий. Үүнээс болж тэтгэвэр, тэтгэмж авахад хүндрэл үүсдэг. Үүнд хэрхэн анхаарал хандуулж байна вэ?

 

-Хүүхдээ 3 нас хүртэл нь асарч байгаа ихэнх ээжүүдийн хүүхдээ асарч байгаа хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа тасалддаг байсан. Тиймээс 3 хүртэл насны хүүхэдтэй ээжүүдийн нийгмийн баталгааг сайжруулах зорилгоор нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа нь тасрахгүй байх эрх зүйн орчинг бүрдүүлэх зорилгоор Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулсан. Уг хуулиар Сайн дураар даатгуулсан эх хүүхэд төрүүлээд, хүүхдээ 3 нас хүртэл асрах бол энэ хугацааны тэтгэвэр, тэтгэмжийн даатгалын шимтгэлийн 50 хувийг тэтгэмжийн даатгалын сангаас, 50 хувийг эх өөрөө төлөхөөр зохицуулсан. Мөн ажил эрхэлдэггүй, сайн дураар нийгмийн даатгалд даатгуулаагүй эхийн хүүхдээ 3 нас хүртэл асрах хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг мөн 50,50 хувиар төлнө. Ажил хөдөлмөр эрхэлдэг эхийн хувьд ажил олгогч нь хуулийн дагуу нийгмийн даатгалын шимтгэлийг 2 жил төлж байсныг 3 жил төлөхөөр болж хуулийн эдгээр заалтыг 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн. Өнгөрсөн онд нийгмийн даатгалд сайн дураар даатгуулж байсан 9.1 мянган эхчүүд хамрагдаж 1.9 тэрбум төгрөгийг тэтгэмжийн даатгалын сангаас, нийгмийн даатгалд даатгуулж байгаагүй 8.1 мянган эхчүүд хамрагдаж улсын төсвөөс 1.25 тэрбум төгрөг зарцуулсан. Энэ арга хэмжээг авснаар эхчүүдийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлт тасрахгүй, тэдний ирээдүйн нийгмийн баталгаа нь хангагдаж, улсын төсөвт ирэх ачаалал буурах юм. 

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин

Дээш