Энэ 7 хоногийн хөдөлмөрийн Цахим яармагийг Хөдөлмөр эрхлэлтийн динамик загварыг эрдэмтэн судлаачдад танилцуулах хэлэлцүүлгээр эхлүүллээ
Цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан ажил хайгч иргэд болон гадаадаас эх орондоо эргэн ирсэн иргэдэд зориулан хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, арга хэмжээ, зөвлөгөө, мэдээллийг нэг дороос үзүүлэх “Цар тахлын эсрэг хамтдаа хөдөлмөрийн цахим яармаг-2021” арга хэмжээг энэхүү платформоор дамжуулан виртуал талбарт 05 дугаар сарын 08-наас 24-ний өдрийг дуусталх хугацаанд зохион байгуулж байна.
Цахим яармагийн үеэр ажил олгогчоос ирүүлсэн нээлттэй ажлын байрны мэдээллийг ажил хайгч иргэдэд танилцуулах, тэднийг цахимаар зуучлах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, ажил олгогчид шаардлагатай ажиллах хүчээ олоход нь дэмжлэг үзүүлэх зорилготой юм.2021 оны 05 дугаар сарын 16-ны байдлаар www.expomongolia.org/careerexpo платформоор 27 төрлийн илтгэл, мэдээлэл, цахим хурлыг “Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар” фэйсбүүк хуудсаар шууд дамжуулж байна.
Өнөөдрийн байдлаар цахим яармагийн хүрээнд Нийслэлийн хэмжээнд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв, Хөдөлмөрийн хувийн бирж болон хөдөлмөрийн цахим яармагаар нийт 2896 ажлын байрны захиалга авч, 111 хүнийг ажилд зуучлан, 144 иргэн ажил олгогчтой ярилцлагын цаг товлоод байна.
Энэ 7 хоногийн яармаг өдөрлөгийг Хөдөлмөр эрхлэлтийн динамик загварыг эрдэмтэн судлаачдад танилцуулах хэлэлцүүлгээр эхэлж байна.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг удирдах болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого, зохицуулалтын шийдвэр гаргахад статистик мэдээлэлд тулгуурласан шинжлэх ухааны үндэслэлтэй, ирээдүйд бий болох үр дүнгийн тооцоо, судалгаатай байх боломжийг хангахад зориулсан “Хөдөлмөр эрхлэлтийн системийн динамик загвар”-ыг боловсруулж, туршилтаар ажиллуулж эхэлсэн.
Системийн динамик загварыг Олон улсын шилжих хөдөлгөөний байгууллагын дэмжлэгтэйгээр доктор Б.Ууганбаяраар ахлуулсан зөвлөх баг боловсруулж ажилласан билээ.Орчин үед зах зээл өндөр хөгжсөн орнуудад системийн динамик загварчлалыг удирдлагын шийдвэр гаргалтыг дэмжих хэрэгсэл болгон ашигладаг бөгөөд энэ нь аливаа бодлого, зохицуулалтын шийдвэрийг гаргаснаар бий болох үр дүн, үр дагавар, эрсдэлийг компьютерийн загварчлалын дагуу тооцоолон бодох (симуляци), турших, таамаглал дэвшүүлэх болон бусад холбогдох мэдээллийг шийдвэр гаргагчдад өгөх боломжтой болгодог.
“Хөдөлмөр эрхлэлтийн системийн динамик загвар”-ыг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогын шийдвэр гаргахад ашиглахаас гадна үндэсний хэмжээний хөгжлийн бодлого, төлөвлөлт, салбар дундын болон бүс нутгийн хэмжээнд шийдвэр гаргахад ашиглах бүрэн боломжтой.
Цаашид энэхүү системийн динамик загварыг зөвхөн бодлого боловсруулагчид ашиглах бус оюутан, судлаачид, иргэдэд нээлттэй байдлаар ашиглуулж, зах зээлийн болон хөдөлмөрийн эдийн засгийн үзүүлэлтүүд хоорондын харилцан хамаарал, тэдгээрийг тооцох аргачлал, математик тэгшитгэл бүхий тооцооллын симуляци хийх талаар ойлголт, мэдлэгтэй болгох, илүү сайжруулж, хөгжүүлж ажиллуулах боломжтой юм.