“Жендэрийн мэдрэмжтэй хөрөнгө оруулалтын орчны үнэлгээний талаарх бодлогын хэлэлцүүлгийг дэмжих нь" сэдэвт цахим уулзалт болов
uploaded pictureЦахим уулзалтад Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Сангийн яам, Жендэрийн үндэсний хороо, Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв зэрэг олон улсын болоод Монгол Улсын төр хувийн хэвшлийн байгууллагаас оролцлоо.
Европын сэргээн босголт, хөгжлийн банкаас хэрэгжүүлж буй Төв Азийн Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих хөтөлбөр нь 23 оронд хэрэгжиж байгаа бөгөөд жендэрийн мэдрэмжтэй эдийн засгийн бодлого хэрэгжүүлэх, бодлогын үр нөлөөг дээшлүүлэх, хууль эрх зүйн болон зохицуулалтын шинэчлэлийг өрнүүлэх, төр, хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагааны механизмыг хэрэгжүүлэх, бизнес эрхлэлтэд жендэрийн эрх тэгш байдлыг хангах, эдийн засгийн болон санхүүгийн хүртээмжийг сайжруулан чадавхижуулах “Эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийг хөгжүүлэх бодлогын замын зураглал”-ыг гаргахад Монгол Улсад дэмжлэг үзүүлэх зорилготой юм.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Монгол дахь Жендэрийн мэдрэмжтэй хөрөнгө оруулалтын орчны үнэлгээний талаарх бодлогын хэлэлцүүлгийг дэмжих нь сэдэвт цахим платформыг санаачлан зохион байгуулж буй Европын сэргээн босголт, хөгжлийн банкны хамт олон, бусад оролцогч талуудад Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархаж байгаагаа илэрхийлье. Монгол Улс Нэгдсэн Үндэсний Байгууллагаас дэвшүүлэн тавьсан санал, санаачилгуудыг талархан дэмжиж, Эмэгтэйчүүдийг ялгаварлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийн үзэл санаанд нийцүүлэн жендэрийн тэгш байдлыг хангах, охид, эмэгтэйчүүдийн байдлыг сайжруулах чиглэлээр чармайн ажиллаж, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, тэднийг эрх мэдэлжүүлэх зэрэг зорилтыг шат дараалсан үндэсний арга хэмжээгээр дамжуулан хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байгаа. Монгол Улсын Засгийн газар Жендэрийн тэгш байдлыг хангах чиглэлээр ахиц дэвшилт гаргах, өнөөдрийг хүртэл тогтоосон хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргах зорилгоор түншлэл, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх, өргөжүүлэхээр хичээн ажиллаж байна. Хэдийгээр эмэгтэйчүүд улс орны эдийн засгийн хөгжилд тодорхой үүрэгтэй оролцож байгаа ч тэдний эд хөрөнгийн эзэмших байдал хангалтгүй, хөдөлмөрийн үнэлгээ доогуур байна. Үүнийг бид анхаарч, хөдөлмөрийн харилцаанд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, жендэрийн мэдрэмжтэй байх асуудлыг холбогдох хууль болон бусад бодлогын шинэчлэлийн хүрээнд шийдвэрлэхээр зорьж байна. Та бидний цаашдын хамтын ажиллагааг тодорхойлж, Тогтвортой хөгжлийн зорилтыг хангахад чухал алхам болно гэдэгт итгэлтэй байна” гэв.
Манай яамнаас Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хөдөлмөр эрхлэлтийн уян хатан нөхцөлийг дэмжих хэд хэдэн заалтууд тусгагдсаны дотор зайнаас ажиллах үеийн зохицуулалт, дадлагажигч, бүтэн бус цагийн гэрээт ажилтан, хавсран гүйцэтгэх болон зэрэгцээ ажлын гэрээний талаарх ойлголтуудыг нарийвчлан тусгаад байна. Хөдөлмөр эрхлэлтийн уян хатан нөхцөлийг дэмжсэн хуулийн заалтуудыг баталснаар албан бус эдийн засагт ажиллагчид нийгмийн хамгааллын тогтолцооны гадна үлддэг байдал буурч, ялангуяа эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн зах зээлд оролцох боломж нь нэмэгдэх юм. Өөрөөр хэлбэл, цар тахлын нөхцөл байдлаас суралцаж, ирээдүйн өөрчлөлтүүдэд хариу үзүүлж чадахуйц эрх зүйн орчныг бий болгох боломж бүрдэнэ.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хөдөлмөрт бэлтгэх сургалтад хамруулах, чадавхжуулах, өрхийн бизнес эрхлэхэд барьцаагүй, хүүгүй санхүүгийн дэмжлэг олгох зэрэг тусгайлсан хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.
Дээш