“Улаанбаатар хотын барилга байгууламжийн орчны хүртээмж ба хамруулсан загвар” эрдэм шинжилгээний судалгааны үр дүнг танилцууллаа

uploaded pictureuploaded pictureТус үйл ажиллагаанд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Эрхэмсэг ноён Филип Малон, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч ноён Рамачандран Павит болон холбогдох албан тушаалтнууд 30 орны 170 гаруй төлөөлөгчид оролцов.

 

Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцид 2009 онд нэгдэн орж, УИХ-аас 2016 онд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг баталснаар хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг бусдын адил нийгмийн харилцаанд оролцуулах, хөдөлмөр эрхлэх, сурч боловсрох, хөгжих, үйлчилгээг нь сайжруулах, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр олон арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

Хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд ЗГ-ын 2016 оны 136 дугаар тогтоол, 2017 оны 116 дугаар тогтоолоор хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөлийг яамд, зарим агентлагт, салбар зөвлөлийг аймаг, дүүрэгт байгуулан жил бүр үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан батлан хэрэгжүүлж, хэрэгжилтийг дүгнэдэг тогтолцоо бүрдээд 4 жил болж байгаа.

Дэд зөвлөлийн үйл ажиллагааны хүрээнд бид энэ жил барилга, замын ажлын зураг төслийг батлах, байнгын ашиглалтад хүлээж авахад хэрэглэх “Шалгах хуудас”-ыг боловсруулж батлуулах, дэд болон салбар зөвлөл бүр харьяа 2-оос доошгүй байгууллагын хүртээмжийг сайжруулах ажлыг зохион байгуулах, E-Mongolia цахим үйлчилгээний хуудсыг хүртээмжтэй болгохоор төлөвлөн ажиллаж байна.


Мөн Монгол Улсын Засгийн газар Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллагатай хамтран хэрэгжүүлсэн “Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих төсөл”-ийн хүрээнд 2016 онд төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан, албан хаагчид, мэргэжилтнүүдийг хүртээмжийн үнэлгээ хийх аргачлалд сурган хүртээмжийн үнэлгээгээр дагнан бэлтгэсэн. Үүний дараа тус ондоо анх удаа төр, төрийн бус байгууллага хамтран Улаанбаатар хот дахь зам, нийтийн тээвэр, төрийн байгууллагын хүртээмжид үнэлгээ хийж, үнэлгээнд тулгуурлан гаргасан зөвлөмжийг холбогдох төрийн байгууллагуудад хүргүүлэн ажилласан.

 

Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “Одоогийн нөхцөл байдалд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хувьд амьдралын бүхий л үе шатанд хүртээмжтэй орчин нөхцөл хангалттай бүрдээгүйн улмаас нийгмийн амьдралд оролцох боломж нь хязгаарлагдаж байна. Иймд бид салбар хоорондын уялдаа холбоог хангах, хэрэгжилтийг эрчимжүүлэх үүднээс хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох замаар салбар бүрийн үүрэг, оролцоог тодорхой болгохоор ажиллаж байна. Энэ хүрээнд бид хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, “Саадгүй байдал, хүртээмжийн тухай хууль”-ийн төслийг боловсруулан батлуулахаар ажиллаж байна.  Та бүгдийн хийсэн энэхүү үнэлгээний ажлын тайлан нь манай хуулийн төслийн үзэл баримтлалтай нийцэж байгаа тул цаашид хуулийн төслийн боловсруулалтыг сайжруулах, батлан хэрэгжүүлэхэд мөрдлөг болгон ажиллах маш чухал баримт бичиг болсон байна гэж харж байгаа. Тодруулбал, бид саадгүй байдал, хүртээмжийн тухай хуулийн төсөлд бүх хүний оролцоог хангасан, бүгдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн барилга байгууламж, зам, технологи бүхий орчин нөхцөлийг бий болгон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бие даан амьдрах эрхийг хангуулах асуудлыг тусган ажиллаж байгаа юм. Хүний эрхийг дээдэлсэн, түгээмэл загварт суурилсан хамтын нийгмийг бүтээхийн төлөө Та бүхэнтэй хамтран ажиллахдаа үргэлж таатай байх болно. Цаг үеэ олсон ийм чухал ажлыг санаачлан хийж гүйцэтгэсэн Та бүхэнд талархал илэрхийлье” гэв.

Дээш