Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “Хөдөөгийн хүн амын нийгмийн хамгааллын хүртээмжийг нэмэгдүүлэх нь” сэдэвт тайлангийн нээлтэд оролцов
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагатай хамтран хөдөөгийн хүн амыг нийгмийн хамгааллын тогтолцоонд хамруулах сайн туршлагыг түгээх, танилцуулах, мөн “Хөдөөгийн хүн амын нийгмийн хамгааллын хүртээмжийг нэмэгдүүлэх нь” сэдвийн хүрээнд боловсруулсан тайлангийн нээлтийг 2021 оны 04 дүгээр сарын 01-нд цахимаар зохион байгуулав.
Энэхүү арга хэмжээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Монгол Улсын нийгмийн хамгааллын үйлчилгээг хөдөөгийн хүн амд хүргэж байгаа сайн туршлагууд, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, бодлого стратегийг танилцууллаа.
Тухайлбал, орон нутгийн иргэд болох малчид, газар тариалан эрхлэгчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд нийгмийн даатгал, халамжийн үйлчилгээг цогцоор нь авах боломжийг бүрдүүлэн Нэг цонхны үйлчилгээг нэвтрүүлж, Хөдөөгийн хүн амын орлогын тогтворгүй байдлыг харгалзан сайн дурын нийгмийн даатгалын гэрээнд шимтгэлээ сар, улирал, хагас жил, жилээр сонголттой төлөх боломжийг бий болгох, мөн сайн дурын даатгалын гэрээ цахимаар байгуулах, сунгах, шимтгэлээ нийгмийн даатгалын болон банкны апп, интернэт банк, мобайл банк, Qpay систем ашиглан төлөх үйлчилгээг бий болгосон нь сайн туршлагад тооцогдож байна.
Дээрх цахим хэлэлцүүлэгт НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын Женев, Бангкок дахь төвүүд, Ази, Номхон далайн бүсийн орнуудын нийгмийн хамгаалал, хөдөө аж ахуйн корпорац, олон улсын байгууллагуудын холбогдох төлөөллүүд оролцож харилцан санал солилцов.
Дээш