Утга зохиол, уран сайхны бүтээл шалгаруулах журам
Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4 дэх хэсэгт “залуучуудын гэр бүл төлөвлөлт, залуу гэр бүлийн тогтвортой байдал, гэр бүлийн гишүүдийн эерэг харилцаа, уламжлал, зан заншлын тухай утга зохиол, уран сайхны бүтээлийг дэмжих”, 8.5 дахь хэсэгт “... бүтээлийг сонгон шалгаруулах журмыг залуучуудын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална” гэж заасанчлан “Утга зохиол, уран сайхны бүтээл шалгаруулах журам”-ыг боловсруулж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны А/129 дүгээр тушаалаар баталлаа.
Залуучуудын гэр бүл төлөвлөлт, залуу гэр бүлийн тогтвортой байдал, гэр бүлийн гишүүдийн эерэг харилцаа, уламжлал, зан заншлын тухай утга зохиол, уран сайхны шилдэг бүтээлийг шалгаруулах, дэмжих үйл ажиллагааг зохицуулахад энэ журмын зорилго оршино.
Актын бүтэц нь нийтлэг үндэслэл, сонгон шалгаруулалт, шалгаруулалтад бүтээл нэр дэвшүүлэх, шалгарсан бүтээлд дэмжлэг үзүүлэх, бусад зүйл гэсэн хэсгээс бүрдэнэ.
Журмыг хэрэгжүүлснээр залуучуудад хүрэх медиа контент баяжих, агуулга нь залуучуудын хэрэгцээ шаардлагад илүү нийцэх бөгөөд ингэснээр залуучууд медиа, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан гэр бүл төлөвлөлт, залуу гэр бүлийн тогтвортой байдал, гэр бүлийн гишүүдийн эерэг харилцаа, уламжлал, зан заншлын талаар системтэй, ач холбогдолтой, бодит дүр зурагтай нийцэхүйц, цаашдын хөгжил төлөвшилд эерэгээр нөлөөлөхүйц мэдээлэл, бүтээлийг хүлээж авах, төлөвших ач холбогдолтой юм.
Тус журамд Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд, хувь хүн аль аль нь өөрийн бүтээлээ нэр дэвшүүлэх боломжтойгоор тусгаснаас гадна шалгаруулалтыг зохион байгуулах зөвлөлийн бүрэлдэхүүнд залуучуудын болон соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллагууд, Олон нийтийн радио, телевизийн үндэсний зөвлөл, мэргэжлийн уран бүтээлч, найруулагч, соёл, урлаг судлаач, залуучуудын соёл, боловсролын төрийн бус байгууллага зэрэг тал бүрийн төлөөллийг хамруулахаар тусгасан.
Залуучуудын гэр бүл төлөвлөлт, залуу гэр бүлийн тогтвортой байдал, гэр бүлийн гишүүдийн эерэг харилцаа, уламжлал, зан заншлын тухай утга зохиол, уран сайхны бүтээлийг сонгон шалгаруулах, дэмжлэг үзүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх ажлыг залуучуудын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага буюу Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хариуцан зохион байгуулна.
Тус газар нь шалгаруулалттай холбоотой асуудлаар зөвлөлийн дарга, гишүүдэд тухай бүр дэмжин тусалж, холбогдох мэдээллээр хангах, шалгаруулалттай холбоотой санал, хүсэлт, гомдлыг хүлээн авч, зохих журмын дагуу шийдвэрлүүлэх, зөвлөлийн хуралдааны бэлтгэлийг хангах, явцыг баримтжуулах, шалгаруулалтыг жилд нэг удаа зохион байгуулах, шалгаруулалтын тайлан, шийдвэрийн төсөл боловсруулах, шалгаруулалтын материалыг зохих журмын дагуу цэгцэлж, архивт шилжүүлэх зэрэг чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн 8.6 дахь хэсэгт заасны дагуу шалгаруулсан бүтээлийг Залуучуудын хөгжлийг дэмжих сангаас санхүүжүүлнэ.
Журмыг хавсралт хэсгээс татаж авна уу.