Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд санал авч байна
Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай бие даасан хуулийг анх УИХ 2002 онд баталж Монгол Улсад мэргэжилтэй ажилтан бэлтгэх эрх зүйн суурь харилцааг зохицуулсан. Уг хуульд 2009 онд шинэчилсэн найруулга хийж өнөөг хүртэл мөрдөн хэрэгжүүлж ирсэн бөгөөд хэрэгжүүлэх явцад 2012, 2015, 2016 онуудад нэмэлт өөрчлөлт оруулсан.
Монгол Улсын Их Хурлаас баталсан “Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого Алсын хараа-2050”, “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”, “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр” зэрэг бодлогын баримт бичгүүдэд мэргэжлийн боловсрол, сургалтын шинэ зорилтуудыг дэвшүүлсэн.
Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулсан “Мэргэжлийн боловсрол, сургалтын багш нарын Улсын анхдугаар Зөвлөгөөн”-ий шийдвэр, УИХ-ын НББСШУ-ны байнгын хорооны “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 2018 оны 17 дугаар тогтоол, “Мэргэжлийн боловсрол, сургалтын талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газрын 388 дугаар тогтоолд салбарын шинэчлэлийн томоохон зорилтууд тусгагдсан. Эдгээр нь эрх зүйн орчныг шинэчилж өөрчлөх үндэслэл болж байна.
Иргэн өөрийн сонирхол, ажил амьдралдаа хэрэгцээтэй мэргэжил эзэмших, ур чадвараа тасралтгүй дээшлүүлэхэд чиглэсэн нээлттэй, хүртээмжтэй, чанартай мэргэжлийн боловсрол, сургалтын үйлчилгээг үзүүлэх замаар улс орны эдийн засаг, бүтээн байгуулалтын тулгуур–хөгжлийн зүтгүүр болсон ажиллах хүчээр хангахад хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үндсэн агуулга чиглэж байна.
Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь мэргэжлийн боловсрол, сургалтын зорилго, агуулга, удирдлага, зохион байгуулалт, мэргэжлийн боловсрол, сургалтын харилцаанд оролцогчдын эрх зүйн байдлыг тогтоохтой холбоотой харилцааг зохицуулах зорилготой бөгөөд 7 бүлэг, 32 зүйлтэй байхаар боловсрууллаа.
Хуулийн төсөлд өгөх саналаа khaliunaa@mlsp.gov.mn хаягаар болон бичгээр ирүүлнэ үү. Хуулийн төсөл, танилцуулга болон үзэл баримтлалыг хавсралт хэсгээс татаж авна уу.