Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагаас хороодын мэргэжилтнүүдэд хамгаалалтын багцын тусламж үзүүллээ

Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагаас нийслэлийн 171 хорооны Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан 182 мэргэжилтэнд 1820 ширхэг хамгаалалтын багцаар тусламж үзүүлж байна. Тус дэмжлэгийг ОУШХБ-ын Монгол дахь салбарын Хөтөлбөрийн менежер Виктор Лутенко өнөөдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар болон холбогдох албан тушаалтан, хороодын мэргэжилтнүүдэд хүлээлгэн өглөө.

Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар хүнд цаг үед хурдан хугацаанд шийдвэр гарган тусламж, дэмжлэг үзүүлж буйд талархал илэрхийлж цаашдын хамтын ажиллагаа илүү өргөжиж үр дүнтэй ажил болно гэдэгт итгэлтэй байгаагаа онцлов.

Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Монгол дахь салбарын Хөтөлбөрийн менежер Виктор Лутенко “Бидний хамтын ажиллагаа богино хугацаанд бодит ажил хэрэг болж байгаад таатай байна. Анхан шатны нэгжийн ажилтан, мэргэжилтнүүд иргэдэд хүрч ажилладаг учраас тэдэнд туслах, ур чадварыг дээшлүүлэх нь чухал. Манай байгууллага 2021 онд гурван зорилт тавьж ажиллах бөгөөд нэг нь анхан шатны ажилчдын ур чадвар, чадавхыг дээшлүүлэх” гэв.

Дээш