“Цар тахлыг даван туулах нь: Хүний эрхийн төлөө нэгдэцгээе” цахим хэлэлцүүлэг болж байна
Хүний эрхийн үндэсний комиссоос Олон улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан зохион байгуулж буй “Цар тахлыг даван туулах нь: Хүний эрхийн төлөө нэгдэцгээе” цахим хэлэлцүүлэг болж байна. Хэлэлцүүлгээр “Ковид-19 цар тахлын үеийн болон дараах хүний эрхийн асуудлууд”, “Хүний эрх хамгаалагчдын асуудал”, “Ковид-19 цар тахлаас сэргийлэхтэй холбоотой хууль, эрх зүйн асуудлууд” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж байгаа юм.
Хэлэлцүүлгийн нээлтэд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар оролцож, үг хэллээ. Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, НҮБ-ын Монгол дахь суурин зохицуулагч Тапан Мишра, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Винод Ахужа, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл Клечески зэрэг зочид, аймаг, нийслэлийн Хүний эрхийн ажилтнууд нийт 50 гаруй хүн оролцож байна.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “КОВИД-19” ЦАР ТАХЛЫН ҮЕД НИЙГМИЙН ХАМГААЛАЛ, ХӨДӨЛМӨРИЙН САЛБАРТ ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГАХ НЬ” сэдвийн хүрээнд салбарын хэмжээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцууллаа.
Тухайлбал, Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд нийгмийн халамжийн сангаас 313.8 мянган иргэнд 33.6 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламж үзүүлэхээс гадна 1.2 сая хүүхэд 120.0 тэрбум төгрөгийн хүүхдийн мөнгөн тэтгэмжийг бүрэн олгож ажилласан. Мөн зорилтод бүлгийн 32.6 мянган өрхөд хүнсний дэмжлэг, 11.2 мянган өрхөд хүнсний бус дэмжлэгийг үзүүлэх ажлыг төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын болон аж ахуйн нэгж байгууллагатай хамтран зохион байгуулсан. Хүний эрхийн өдрийг тохиолдуулан болж байгаа тус хэлэлцүүлэгт хөгжлийн бэрхшээлтэй иргэд болоод хүүхэд, эмэгтэйчүүд Жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх хүрээнд хийж хэрэгжүүлж буй ажил зэрэг нийгмийн хамгааллын салбарт авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.