НҮБ-ын Хүүхдийн Сангийн Улс орны хөтөлбөрийн хэрэгжилтийн 2020 оны тайлангийн хурал боллоо
Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн Сантай хамтран хэрэгжүүлж байгаа Улс орны хөтөлбөрийн хэрэгжилтийн 2020 оны тайлангийн хурал өнөөдөр цахимаар боллоо. Тайлангийн хуралд хөтөлбөрийг хэрэгжүүлэгч төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын бусад байгууллага, хувийн хэвшлийн 100 гаруй төлөөлөгч оролцов.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар тайлангийн хурлыг нээж хэлэхдээ, НҮБ-ын Хүүхдийн Сангаас Монгол Улсын Засгийн Газартай хамтран Улс орны хөтөлбөрийг хэрэгжүүлж, хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хүүхэд хамгаалал, хүүхдэд ээлтэй орон нутгийг бэхжүүлэх, засаглал дахь хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр судалгаа, үнэлгээ хийж байгааг тэмдэглэв. Ингэснээр, дэлхийн бусад орны сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, Монгол Улсын хууль, эрх зүйн орчныг сайжруулах зэргээр үр дүнтэй хамтран ажиллаж байгааг онцлов. Тэр дундаа дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед хүүхдийн боловсрол, хөгжлийн тасралтгүй байдлыг хангах чиглэлээр оруулсан дэмжлэг туслалцаа, тухайлбал, цахим хичээлийн чанар хүртээмжийг сайжруулах, сургууль, цэцэрлэгийн орчинд хүүхдийг аюулгүй байдал, эрүүл ахуйг хангах зорилгоор идэвхтэй хамтран ажиллаж байгааг сайшаан тэмдэглэсэн байна.
НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Алекс Хайкенс COVID-19 цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр Засгийн газар үр дүнтэй ажиллаж байгааг тэмдэглээд, нийгмийн хамгаалал, тэр дундаа хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нэмэгдүүлэх зэрэг хүүхэд хамгааллын хөтөлбөр нь ядуурлын түвшинг бууруулахад чухал ач холбогдолтой болсныг онцлон тэмдэглэлээ.
Тайлангийн хурлаар хүүхдийн эсэн мэнд амьдрахуй ба хөгжил, хүртээмжтэй, эрүүл, чанартай сургалтын орчинг бий болгох, тэгш боломж бүхий нийгмийн бодлого, хамгааллын тогтолцоог хөгжүүлэх гэсэн 3 зорилт тус бүрээр ЭМЯ, ХНХЯ болон БШУЯ-наас мэдээлэл хийж, санал дүгнэлтээ танилцуулсан.
Оролцогчид цаашид тэгш хамруулсан боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүхэд хамгааллын үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах, тэр дундаа цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр илүү идэвхтэй ажиллах шаардлага байгааг тэмдэглэсэн байна.