Ц.Долгормаа: “Монгол ур чадвар”-т түрүүлнэ гэж зүүдлээ ч үгүй
Арабын нэгдсэн Эмират улсын Абу Дабу хотод 10 сард болох “Дэлхийн ур чадвар” /World skills/ олон улсын тэмцээний өмнөх сорилго – “Монгол ур чадвар” тэмцээн 2016, 2017 онуудад гурван үе шаттайгаар явагдаж өндөрлөлөө. Тус олон улсын тэмцээнд манай улс таван мэргэжлээр оролцохоор бүртгүүлсэн бөгөөд сантехникт Ц.Долгормаа, өрлөг угсралтад Ц.Мягмарсүрэн, цахилгаанд Л.Төгөлдөр, мужаанд Н.Эрдэнэмөнх, гагнуурт Ж.Жанлав-Ойдов нар шалгараад байна. Эдгээр тамирчдыг Монгол улсын шилдэг залуу сантехникч, өрлөгч хэмээн нэрлэж болно. Учир нь Монгол орон даяар үйл ажиллагаа явуулдаг МСҮТ-ийн 43 мянган суралцагчаас шилдгээр шалгарсан таван тамирчин бол эд юм. Ингээд тэдний төлөөлөл болгож, Монгол улсын шилдэг залуу сантехникч Ц.Долгормаагийн ярилцлагыг та бүхэндээ хүргэе. Ц.Долгормаагийн хувьд малч удамтай хүүхэд Улсын аварга сантехникч болж, эх орноо төлөөлөн олон улсын тэмцээнд оролцохоор шалгараад байгаа нь үе тэнгийн олон залууст урам зориг нэмээд байгаа юм.
-Өөрийгөө манай уншигчдад дэлгэрэнгүй танилцуулахгүй юу?
-Намайг Цолмонжавын Долгормаа гэдэг. Би 1999 онд төрсөн. Ховдын аймгийн Манхан суманд амьдардаг. Манайх малчин айл. Эцэг, эхээс тавуулаа. Дөрвөн эмэгтэй дүүтэй. Чандманьд 9 дүгээр ангиа төгссөн. Мужааны ангид орохоор бодож байтал хамаатны ах маань “Зах зээлд арай илүү эрэлттэй байдаг” гэхээр нь Ховд политехникийн коллежийн сантехникийн ангид орсон. Сантехникийн цагаан толгойг М.Энхбаатар багш маань зааж өгсөнд их баярлаж явдаг. Миний мэргэжил бол хамгийн сайхан нь гэж боддог. Илүү ихийг мэдэх тусмаа мэргэжилдээ дурлаж байгаа.
-“Монгол ур чадвар”-аас өөр тэмцээнд орж байсан уу?
-Арван жилд байхдаа гүйлтийн тэмцээнд оролцдог байсан. Мэргэжлийн тэмцээнд бол орж байгаагүй. “Монгол ур чадвар” тэмцээн гурван үе шаттай явагдсан. Анхан шат дээр надаас бусад нь цагтаа амжаагүй. Хамгийн хэцүү нь хоёрдугаар шат байсан. Хоёрдугаар шатанд зургаан оролцогчийн дөрөв нь ажлаа цагтаа хийж дуусгасан. Гуравдугаар буюу шилдэг хоёр оролцогчийн нэг болж үлдэхэд “Чадвараараа гараад ирвэл ирнэ, ирэхгүй бол ирэхгүй дээ” гэж өөрийгөө зоригжуулж бодож байсан. Багш нар маань “Хэрэв чи энэ тэмцээнд түрүүлбэл олон улсын тэмцээнд оролцох эрх авч, амьдрал чинь илүү гэгээтэй болно шүү” гэж захьж байсан. “Монгол ур чадвар”-т түрүүлнэ гэж зүүдлээ ч үгүй. Итгэмээргүй санагдаж байсан. Амжилтад хүрэх ганц түлхүүр нь бэлтгэл. Ээж, аав маань “Гэр рүүгээ ирэх гэж яараад яах вэ. Бэлтгэлээ сайн хийгээрэй” гэж хэлэх юм.
-Улсын аварга болсны дараа танай аймгийнхан чинь бултаараа хандивын аян өрнүүлсэн гэж сонссон, үнэн үү?
-Ховдын политехникийн коллежийн Дэлгэрсайхан захирал маань хандивын хөдөлгөөн маягийн ажил явуулаад тодорхой хэмжээний мөнгө цуглуулсан гэсэн (18 орчим сая төгрөг цуглуулжээ.сур). Тэр мөнгөөр л бэлтгэлээ хангаж байна. “Дэлхийн ур чадвар” тэмцээний даалгавар зэс трубагаар ирнэ гэсэн. Зэс трубагаар ажлаа хийж эхлээд хагас сар болж байна. Бэлтгэл гайгүй. Заримдаа бага зэрэг ядардаг. Тэр үед багш нар маань урам зориг өгнө. Тэгэхээр ядарснаа мартаад бэлтгэлээ үргэлжлүүлдэг.
-ТВ-8-ын Ховд дахь сурвалжлах баг чиний тухай нэвтрүүлэг хийсэн гэж дуулсан. Германы телевизийнхэнд ч чиний намтар их сонирхолтой санагдаж байгаа гэсэн?
-Саяны өвөл телевизийн хүмүүс надаас ярилцлага авсан. Нэвтрүүлэг нь гарсан үгүйг мэдэхгүй байна. Манайх машин тэрэг явахын аргагүй уулархаг газар өвөлждөг. Машинаа наана тавиад уул давж очицгоосон нь тэдэнд сэтгэгдэл үлдээсэн гэсэн. Би чинь хөдөөний малчин ардын хүүхэд шүү дээ. Улсдаа түрүүлээд эх орноо төлөөлж, олон улсын тэмцээнд орохоор болсондоо өөрөөрөө бахархмаар ч юм шиг заримдаа санагддаг.
-Удахгүй Герман улсад очиж бэлтгэл хийх юм байна. Хилийн дээс алхаж үзсэн үү?
-Би гадагшаа байтугай дотогшоо ч сайн явж үзээгүй хүн. Улаанбаатарт энэ оны 1 сард тэмцээнд орохдоо л анх хөл тавьж үзсэн. Ховдод 1 дүгээр сард дулаахан, цасгүй. Хотыг нутаг шигээ санаад нимгэн хувцастай ирчихсэн биш хөлдөж үхэх шахсан. Хотод аймар хүйтэн байсан. Гурав хоногийн өмнө ирээд тувт бэлтгэлтэй байж байгаад тэмцээндээ орчихоод буцаад хүрээд ирсэн. Сая Олон улсын тэмцээний батламжаа авахаар хоёр дахь удаагаа ирсэн. Маргааш нь шууд буцсан. Хоттой бас л сайн танилцаж чадаагүй.
Энэ жил Герман улсад бэлтгэлтэй, Арабын нэгдсэн Эмират улсад тэмцээнтэй. Таньдаг хүмүүс маань “Эх орныхоо нэрээ бодож яваарай” гэж захьж байгаа. Эмират халуун газар болохоор хэцүү л байх байх. Манай нутагт бол зундаа ч сэрүүхэн сайхан байдаг.
-Англи хэл сурч байна уу?
-Англи хэлний сургалтанд сууж байсан. Зааж байсан америк багш маань нутаг явсан. Харин эксперт багш С.Батаа маань англи хэлтэй. Надад англи хэл заадаг. Өөрийгөө танилцуулчихаж чадна гэж бодож байгаа.
-Олон улсын тэмцээнд ямар амжилт үзүүлнэ гэж бодож байна?
-Амжилт гаргахын төлөө бэлдэж байна даа.
-Тэмцээний дараа хаана ажиллана гэж төлөвлөж байна?
-Мэргэжлийн дагуу санал тавибал ажиллаж бололгүй яах вэ. Хэтдээ найз нартайгаа хамтран хувийн компани байгуулъя гэсэн бодол ч бий.
Ярилцлагын төгсгөлд сургуулийн хамт олон, Дэлгэрсайхан захирал болон намайг тээж төрүүлсэн ээж, аавдаа баярлалаа гэж хэлмээр байна. Мөн бэлтгэл хийх бүхий л бололцоог олгодог Германы хамтын ажиллагааны нийгэмлэгт талархлаа илэрхийлье.
-Тэмцээндээ амжилттай оролцохыг хүсэн ерөөе.
Д.Төв