“Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн ажиллах журам"-д нэмэлт өөрчлөлт орууллаа
Монгол Улсын Ерөнхий сайд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг угтан хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 21 төрийн бус байгууллагын төлөөлөлтэй 2025 оны 12 дугаар сарын 2-ны өдөр уулзсан. Тус уулзалтаар ТББ-аас Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хангах зөвлөлийн гишүүдийг нээлтэй сонгон шалгаруулдаг байх, томилох, чөлөөлөх хугацаатай болгох, хяналтын зөвлөл ажиллуулах асуудлыг журамд тусгах саналаа илэрхийлсэн.
Дээрх санал
хүсэлтийг үндэслэн өнөөдөр /2025.12.03/ Засгийн газрын хуралдаанаар “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах
зөвлөлийн ажиллах журам”-д нэмэлт өөрчлөлт оруулан баталлаа.
Нэмэлт
өөрчлөлтөд:
-Зөвлөлийн
гишүүнээр ажиллуулах төрийн бус байгууллагын төлөөллийг нээлттэй сонгон
шалгаруулах;
-гишүүнд тавигдах
шаардлага, гишүүнээр ажиллах хугацаа;
-зөвлөлийн
бүрэлдэхүүнд ажиллах төрийн бус байгууллагын төлөөллийн тоо,
-зөвлөл
дэргэдээ бодлого, хяналтын баг ажиллах талаар асуудлуудыг тусгасан.
Энэхүү журамд
өөрчлөлт оруулснаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн
бүрэлдэхүүнд төлөөллөө ажиллуулах боломжийг төрийн бус байгууллагуудад
олгох, гишүүнийг нээлттэй сонгон
шалгаруулах замаар сонгох, зөвлөлийн дэргэд бодлого, хяналтын баг ажиллаж
бодлогын зөвлөмж, хууль тогтоомжид тусгах санал боловсруулах, хууль тогтоомжийн
хэрэгжилтэд хөндлөнгийн хяналт тавьдаг болно. Энэ нь төрийн байгууллагын үйл
ажиллагааг иргэдэд ил тод нээлттэй,
үйлчилгээ түргэн шуурхай болох нөхцөл бүрдэх юм.
Мөн Хөгжлийн
бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх
асуудлын хүрээнд Засгийн газрын тохируулагч агентлаг болгох талаар УИХ-ын
тогтоолын төсөл боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар
шийдвэрлэлээ.
Ерөнхий сайдын
харьяанд ажиллах тохируулагч агентлагийн бүтэц, чадавхыг бүрдүүлэх зорилтын
хүрээнд аймаг, дүүрэг бүрд хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудал хариуцсан нийт
63 албан хаагчийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт шинээр ажиллуулна.
Хуулийн хэрэгжилт сайжрах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол,
нийгмийн хамгааллын үйлчилгээний чанар, хүртээмж нэмэгдэнэ. Мөн хөгжлийн
бэрхшээлтэй хүүхдийн салбар комиссын үйл ажиллагааг тогтворжуулах, сайжруулах,
хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх, оношилгоо, дэмжлэгийн тогтолцоог бэхжүүлэхэд
тустай гэж үзэж байна.