С.Мөнгөнчимэг: Эрчүүдэд дагнасан, төрөлжсөн эрүүл мэндийн үйлчилгээг бий болгохоор тусгасан

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд С.Мөнгөнчимэг жендерийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр болон түүнтэй холбоотой бусад асуудлаар www.times.mn сайтад өгсөн ярилцлагыг хүргэж байна.

-Саяхан Жендерийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг баталлаа. Энэ хөтөлбөрийн онцлог, хэрэгжүүлэх алхамаас  ярилцлагаа эхлэх үү?

-Засгийн Газрын хуралдаанаар Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг энэ оны 4-р сарын 26-нд баталсан юм. Хөтөлбөрийг 2017-2021 онд хэрэгжүүлнэ. Жендер гэхээр эмэгтэйчүүдийн асуудал мэт өрөөсгөлөөр ханддаг хандлага бий.

Үнэндээ эрэгтэй, эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй, бэрхшээлгүй, баян, ядуу, өндөр албан тушаал хашдаг, хашдаггүй гэх мэтчилэн ангилж үзэж байгаа юм биш шүү дээ. Хүйсээр нь ялгаварлаж биш, та болон танай эхнэр, нөхөр, гэр бүлийн тань тэгш оролцоог улстөр, эдийн засаг, нийгмийн амьдралд бий болгохыг зорьж байгаа юм.

Тиймээс л Засгийн газар жендерийн талаар хэвшмэл ойлголтыг өөрчлөх , бас Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийг хангах, жендерийн мэдрэмжтэй бодлого, төлөвлөлтийг нэвтрүүлэх гэж энэ хөтөлбөрийг гаргалаа.

Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээр олон болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй, бага орлоготой өрх толгойлсон эцэг, эхийн амьжиргааг дээшлүүлэх жендэрийн мэдрэмжтэй бодлоготой болно. Эрэгтэйчүүдэд тусгайлсан тусламж, үйлчилгээ үзүүлдэг эрүүл мэндийн тасаг, кабинет бүх аймаг, дүүрэгт бий болно. Жендэрт суурилсан хүчирхийлэлд өртсөн хохирогчийг хамгаалах нэгж бүх аймаг, дүүрэгт ажиллана гээд тоотойхон хэдийг нь дурдая.

-2021 онд гэхэд ямар үр дүн гарна гэж төлөвлөсөн бол оо?

-Мэдээж гарах үр дүнг тооцохгүйгээр, хэтийг харсан төлөвлөлтгүйгээр, тодорхой дэвшүүлсэн зорилтгүйгээр хөтөлбөр батлахгүй шүү дээ. Хөтөлбөрийг хэрэгжүүлсэнээр улс орны нийгэм, эдийн засагт тодорхой ахиц, үр нөлөө гарна гэж тооцоолж байгаа. Тухайлбал, жендэрийн талаарх олон нийтийн хэвшмэл ойлголт, хандлага өөрчлөгдөнө, жендэрийн эрх тэгш байдлыг хангах төрийн албан хаагчдын манлайлал бий болно гээд л.

-Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүү, төсвийг хэрхэн шийдэх вэ?

-Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг эрхэлсэн салбар, нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэхийн тулд шааардагдах хөрөнгийг жил бүрийн Үндсэн чиглэл, улс, орон нутгийн төсөвт тусгахаар заасан байгаа. Мөн олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулахаар оруулсан.

-Өмнө нь ийм хөтөлбөртэй байсан уу эсвэл анх удаа хэрэгжүүлэх гэж байна уу?

-Байлгүй яахав. 2002 онд анхны Жендерийн тэгш байдлыг хангах тухай үндэсний хөтөлбөрийг баталж, Монгол Улсын хөгжлийн үе шаттай уялдуулан 2015 он хүртэл хэрэгжүүлсэн. Харин дараагийнх нь саяхан батлагдсан хэрэг.

Цаашид ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, гэр бүл дэх хүчирхийлэл, хөдөлмөрийн харилцаан дахь ялгаварлалыг арилгах, эрэгтэйчүүдийн боловсролын түвшинг дээшлүүлэх гээд зайлшгүй анхаарах, шийдэх асуудлууд бишгүй байна.

Нийгмийн анхдагч нэгж болох гэр бүлийн хөгжлийг дэмжснээр улс орны хөгжлийг хурдасгана. Бас дундаж давхарга хүчирхэгжиж, хүрээгээ тэлнэ. Ингэхийн тулд яах л аргагүй эрэгтэй, эмэгтэйчүүдийн тэгш оролцоог хангахад тулгарч байгаа бэрхшээлийг арилгаж, тэдний идэвхтэй хамтын оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай болж байгаа юм. Гэр бүл бат бэх байж, эхнэр, нөхөр хоёулаа орлоготой, сэтгэл ханамж дүүрэн байвал тэр айлд өсч байгаа хүүхэд ч аз жаргалтай байж чадна. Тиймээс л жендерийн мэдрэмжтэй бодлого, зөв төлөвлөлт Монголын гэр бүлд, цаашлаад нийгмийн хөгжилд, улс орны ирээдүйд зайлшгүй чухал болоод байгаа юм.

-Манай улс нэлээд хэдэн жил дуншиж байж Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуультай болсон. Энэ хуулийн хэрэгжилт хэр байна вэ?

-Тиймээ. Манай улс одоогоос зургаан жилийн өмнө Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай бие даасан хуультай болсон. Хууль эрхзүйн орчны хувьд нэг том алхам урагшилсан гэсэн үг.
Харин хэрэгжилт нь тааруухан, учир дутагдалтай зүйл бишгүй бий. Жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр, хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор Засгийн газрын дунд хугацааны стратеги, төлөвлөгөө батлан 2013-2016 онд хэрэгжүүлсэн юм билээ.

Энэ дунд хугацааны стратегид хөндлөнгийн үнэлгээ хийхэд хэрэгжилт нь 60,1 хувьтай гарсан. Яагаад ингэж дутуу дулимаг хэрэгжсэн талаар дүн шинжилгээ хийснээс харахад хэд хэдэн шалтгаантай. Юуны түрүүнд жендэрийн асуудлыг, энэ хуулийг хэрэгжүүлэхэд санхүү мөнгөний хувьд дутагдалтай.

Бас нийгэм дэх жендэрийн талаарх хэвшмэл ойлголт хавтгайрсан. Мөн төрийн байгууллага, хувь хүмүүс, аж ахуйн нэгжүүдийн хувьд жендэрийн тухай хуулийг хэрэгжүүлэх хүсэл эрмэлзэл сул байна гэсэн дүгнэлт гаргасан.

Тиймээс л хэрэгжүүлсэн жендэрийн үндэсний хөтөлбөрт анализ судалгаа хийгээд сайн туршлагыг нь цаашдаа үргэлжлүүлж хэрэгжүүлэх, доголдоод хэрэгжээгүйг нь сайжруулах, нэмэлт шинэ зохицуулалт тусгах зорилгоор шинэчлэн боловсруулж хөтөлбөр гаргаад байна. 

-Та жендерийн асуудал гэхээр эмэгтэйчүүдэд хамааралтай юм шиг буруу хэвшмэл ойлголт нийгэмд түгсэн  гэж хэллээ. Үүнийг өөрчлөхийн тулд хэрхэх вэ?

 -Шинэчилэн баталсан хөтөлбөрт сургалт, ухуулан таниулах, сурталчилгааны ажилд онцгойлон анхаарахаар тусгасан байгаа. Олон нийтэд түгсэн буруу хандлага, өрөөсгөл байр суурь, тогтсон ойлголтыг өөрчлөхөд олон талын оролцоо хамгаас чухал.

Ер нь жендэрийн асуудал ганцхан яам, жендэрийн үндэсний хороонд хамаатай юм биш, хүн болгоны бас салбар дундын зохицуулалттай бүх байгууллагуудын анхаарал хандуулж байж шийдэх зүйл. Зөвхөн Засгийн газар, салбарын яам, харьяа агентлаг хийх юм шиг хандвал дорвитой ахиц гарахгүй.

Харин улсын хувийн гэлтгүй бүх байгууллагууд, тэр дундаа хэвлэл мэдээллийн салбарынхан овоо хараандаа авбал хэвшсэн ойлголтыг богино хугацаанд өөрчилнө гэж итгэж байгаа. Уг нь жендэрийн мэдрэмжтэй бодлого, төлөвлөлт нь олон зүйлийн оночтой шийдлийн гол зангилаа юм шүү дээ.

-Хамгийн энгийн жишээ татья л даа. Эмэгтэй хүний цалин эрчүүдийн авах цалингаас хамаагүй доогуур байдаг нь  судалгаагаар тогтоогдсон байна. Тэгэхлээр энэ хөтөлбөрийнхөө хүрээнд  цалингийн зөрүүг ойртуулах аргачлалыг боловсруулах уу?

- Ижил үнэ цэнэ бүхий ажил хөдөлмөрт тэгш цалин хөлс тогтоон олгох үнэлгээний аргачлал боловсруулахаар хөтөлбөрт тусгасан байгаа. Цалингийн зөрүүний хувьд ялгаатай асуудал бий. Жишээлбэл, төрийн байгууллагад ижилхэн алба хашиж байгаа эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хувьд цалингийн зөрүү гэж байхгүй.

Хувийн хэвшлийн салбарт яг адилхан ажлын байран дээр адилхан ажил үүрэг гүйцэтгэж байгаа хэрнээ цалин нь зөрөөтөй байгаа. 2015 оны байдлаар аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагчдын сарын дундаж цалин эмэгтэй хүнийх 760.7 мянган төгрөг, эрэгтэй хүнийх 856.0 мянган төгрөг байна. Цалингийн зөрүү нь 95.3 мянган төгрөг байна гэсэн судлагаа гарсан. Ийм болохоор чөлөөндөө гарахаар ч тэр тэтгэврийн хэмжээ нь зөрүүтэй.

Яагаад гэвэл нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, ажилласан хугацаагаараа тэтгэврийн хэмжээ бодогддог. Дээрээс нь эмэгтэйчүүд хүүхэд төрүүлэх, хүүхдээ харах, асрамжлах гээд эрчүүдтэй харьцуулахад ажилласан жил нь цөөн байх тохиолдол ч бий.

Тиймээс эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн цалин, тэтгэврийн зөрүүг ойртуулах, өөрчлөх талаар Засгийн газраас бодлого хэрэгжүүлж эхэлснийг та бүхэн мэдэж байгаа байх. Жишээ нь цалинтай ээж хөтөлбөр гэх мэтчилэн. 3 нас хүртэл хүүхдээ асрахад тухайн ээжийн нийгмийн даатгалыг улсаас төлөх, ажилласан жилийг нь тасалдуулахгүй байх зэрэг зохицуулалт оруулсан. Мөн төрүүлж өсгөсөн хүүхдийнх нь тоогоор ажилласан жилийг 1,5 жилээр нэмж тооцох болсон байгаа.

-Энэ хөтөлбөрт  эрчүүдийн асуудлыг   тодотгож оруулсан уу. Наслалтын  хувьд   эмэгтэйчүүдтэй харьцуулахад  эрчүүд  хамаагүй доогуур төдийгүй  нас баралтаараа ч   тэргүүлсээр байна.  Салбарын яамны хувьд энэ хөтөлбөрийнхээ хүрээнд эрчүүд рүү чиглэсэн ямар дорвитой бодлого хэрэгжүүлэх вэ?

- Улсын хэмжээнд жилд дунджаар 17 000 хүн нас барж байгаагийн 62 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна. Эмэгтэйчүүдтэй харьцуулахад,  10 000 хүн тутамд эрэгтэйчүүдийн амиа хорлох үзэгдэл 5.5 дахин, хүчирхийлэл үйлдэх хандлага 3.6 дахин, зам тээврийн осолд өртөх тохиолдол 3.4 дахин өндөр байна.  Манай улсын эрэгтэйчүүдийн  дундаж наслалт бол эмэгтэйчүүдээсээ  хамаагүй доогуур.  Бараг 9 -10 жилээр зөрүүтэй. Үүний  учир нь  эрчүүд зөв амьдралын хэв маяг төлөвшүүлж чадахгүй, эрүүл мэнддээ анхаардаггүй гээд олон учир шалтгаантай. Энэ асуудалд   онцгой ач холбогдол өгч эрчүүдийн эрүүл мэндэд анхаарах, тэднийг өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор  эрчүүдэд дагнасан, төрөлжсөн эрүүл мэндийн үйлчилгээг бий болгохоор хөтөлбөрт оруулсан. Энэ хүрээнд нийслэл, аймаг, дүүрэг, сумын эрүүл мэндийн төвүүдэд  эрчүүдэд зориулсан кабинет байгуулж ажиллахаар тусгаад байна. Жендерийн тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрийн хүрээнд улсын хэмжээнд суурь судалгаа хийж, нөхцөл байдлын үнэлгээ хийх зорилт тусгасан байгаа. Энэ суурь судалгаагаар өнөөдрийн байдлаар эрэгтэй, эмэгтэй хүмүүст ямар бэрхшээл, асуудал тулгарч байна, эрүүл мэнд, боловсрол, амьжиргааны байдал гээд олон талын цогц судлагааг хийх юм. Энэ суурь судалгаа нь төр засгаас авч хэрэгжүүлэх, бодлого шийдвэрт нөлөөлж хүйсийн эрх тэгш харилцааг нийгмийн хөгжилд тэнцвэртэйгээр хангахад чиглүүлэх гол луужин нь болох байх гэж найдаж байгаа.

-Жендэрийн мэдрэмжтэй бодлого хэрэгжүүлж байгаа эсэхийг төрийн байгууллагын түвшинд үнэлээд дүгнэх юм байна.  Хөтөлбөрт тусгаснаар  аймаг болгоны Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэхдээ   оруулах нь.  Харин   хувийн хэвшилд жендэрийн мэдрэмжтэй бодлогыг хэрэгжүүлэхийн тулд хэрхэх вэ. Тэднийг  дэмжсэн хөшүүрэгтэй болгох уу эсвэл...

-Аймаг, дүүрэг нутгийн өөрөө удирдах байгууллага нь нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлэх жендэрийн дэд хөтөлбөрийг батлан, үндэсний болон дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах төсөв баталж, төрийн бус байгууллага, хувийн хэвшил, хэвлэл мэдээллийн байгууллага, иргэдийн идэвх санаачлагыг дэмжин хамтран ажиллахаар тусгасан байгаа. Үүний хэрэгжилтэнд хяналт тавих, үнэлгээг хэрхэн хийх талаар ч тодорхой. Тэгэхээр өөрийн чинь асуугаад байгаа шиг төрийн байгууллагын түвшинд жендерийн мэдрэмжтэй бодлого, төлөвлөлтийг хэрэгжүүлээд явах боломж нь илүү нэмэгдсэн л дээ. Хувийн хэвшлийн байгууллагуудын хувьд хүндрэлтэй. Үүнийг заавал хэрэгжүүл, мөрд гэж тулгах боломжгүй.

Гэхдээ төрийн байгууллагаас эхлээд зөв манлайлал давамгайлаад, олон нийтэд түгсэн буруу хандлага өөрчлөгдөөд, иргэд, ажилтнууд ийм зохицуулалтыг шаардаад ирэхээр хүссэн хүсээгүй хувийн байгууллагууд ч гэсэн бодлогодоо өөрчлөлт оруулах байх.

Улс орны хөгжил дэвшилд эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд жигд оролцсноороо илүү давуу боломж бий болгох нь гэдгийг ойлгосон, ухаарсан цагт үүнээс хэн ч хойш суухыг хүсэхгүй биз ээ. Бас ингээд зөнд нь, тааллаараа болно биз гээд орхих ёсгүй.

Хувийн хэвшлийнхнийг жендерийн мэдрэмжтэй бодлого, төлөвлөлтийг хэрэгжүүлэхийг нь дэмжиж, тодорхой хэмжээгээр урамшуулах, хөнгөлөлт эдлэх зэрэг дэмжлэгийн хөшүүрэг бий болгох, бодлогын шинж чанартай алхамуудыг зайлшгүй авч хэрэгжүүлэх шаардлага бол гарч ирж байгаа.

-Ер нь жендэрийн мэдрэмжтэй бодлого хэрэгжүүлснээр ямар өөрчлөлт гарна гэж  цогцоор нь харж байгаа вэ?

-Энэ асуултанд жишээ татаж яривал илүү ойлгомжтой байх. Хууль хүчний  байгууллагад   голдуу эрэгтэй хүмүүс  ажилладаг. Тэдний ард  эхнэр, хүүхэд гээд  гэр бүл нь бий. 
Салбарын яам, Цагдаагийн ерөнхий газар, хууль хүчний байгууллага нь  жендэрийн мэдрэмжтэй бодлого хэрэгжүүлэхдээ зөвхөн албан хаагчдаа биш  ар тал болж байгаа гэр бүл рүү нь чиглэсэн бодлого, үйл ажиллагааг давхар явуулах учиртай. Ингэж  байж тэр хүний   ар гэрийн амьдралд нөлөөлнө.

Хилийн заставт тушаалаар томилогдсон хилчин байлаа гэж бодоё.  Заставт очоод 4-5 жил ажиллахад тэр хүний өөрийнх нь ажиллах орчин нөхцөл чухал. Гэхдээ хүүхдийг нь  сурдаг сургуультай,  эхнэрийг нь ажилтай байлгахад анхаарч байж л тэр гэр бүл асуудал багатай, аз жаргалтай, элэг бүтэн байж чадна. Тэгэхээр эрэгтэй, эмэгтэй гэж аль нэгийг нь  дөвийлгөхгүй, орхигдуулахгүй цогцоор нь харж  асуудлыг шийдэхийг л  жендэрийн мэдрэмжтэй бодлого гэж хэлээд байгаа юм.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

Дээш